2018,10-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Зургаан хүн тутмын нэг нь харвалтаас болж нас барж байна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

"Тархины харвалт түүний нас баралтаар Монгол Улс дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ" сэдвээр Монголын мэдрэл судлалын нийгэмлэг, УНТЭ, ШУГТЭ, ЭМЯ хамтран  мэдээлэл хийлээ.


Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх эмч, Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан "Монгол Улс тархины харвалтаар бараг л тэргүүлж байна. ДЭМБ-аас бидэнд байнга арга хэмжээ авахыг сануулж байдаг. Бид жил бүр хэвлэлийн хурал хийж бодлого боловсруулж буй хүмүүс болон иргэдэд сануулга өгч, арга хэмжээнүүдийг авдаг ч харвалтын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. ДЭМБ-ын мэдээллээр 6 секунд тутамд нэг хүн харвалтаар нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Харвалт нь халдварт бус өвчний дотор нас баралтаараа хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Яагаад харвалт их байна гэхээр манай улсад харвалтад хүргэх эрсдэлт хүчин зүйл их байгаатай холбоотой. Бид өөх тостой хоол их иддэг, давстай цай уудаг, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан илүүдэл жинтэй хүмүүс их байна. Мөн архи ууж, тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Эдгээр нь бүгд харвалтад хүргэх гол шалтгаанууд юм" гэв.


ДЭМБ-ын мэдээлснээр

-6 секунд тутамд хүний амьдрал орвонгоор эргэн өөрчлөгдөж, тахир дутуу, хөдөлмөрийн чадваргүй болж байна

-6 хүн тутмын нэг нь харвалтаас болж нас барж байна

-жилд шинээр 17 сая хүн харваж, 6.2 сая нь нас барж, 5 сая нь үүрд тахир дутуу үлдэж байна

-одоо дэлхий дээр хуучин, шинэ тохиолдлыг тооцон тархины харвалтаас 80 сая хүн амьд үлдсэнээс 50 сая нь амьдрах чадваргүй тахир дутуу болж, 116 сая  хүн нас барсан байна

-цус харвах эрсдэл 5 эмэгтэйд нэг, 6 эрэгтэйд нэг оногдож байгаа аж.


Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан "Манай эмнэлэгт харвалтаар эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс болсон байдаг. Тэгэхээр хүмүүс харвалтаас сэргийлэхийн тулд үүнд хүргэж болох бүх өвчнөөс сэргийлэхийг уриалж байна. Цусны даралтаа бууруулж, жингээ барьж, чихрийн шижинд өртөхгүй бол та эрүүл байж, таны гэр бүл жаргалтай байна" гэв.


Монгол улсын хүн амын 27.1 хувь нь тамхи, 64.6 хувь нь архи хэрэглэдэг. Үүнээс 38.3 хувь нь архины байнгын хэрэглэгчид байгаа гэдгийг эмч нар онцоллоо. Мөн нийт хүмүүсийн 54.4 хувь нь илүүдэлтэй жинтэй, ялангуяа эмэгтэйчүүд. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 6 өдөр []


харвалт гэж юу гэсэн үг вэ