2018,10-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Х.Чимгээ: ТҮЦ-д хуушуур, пирошки зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хонуулж худалдаалж байна

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Ерөнхий боловсролын сургуулийн цайны газар, сургуулиас 500 метрт байрлах дэлгүүр нь хийжүүлсэн ундаа, чипс, тосонд хайрсан хуушуур, пирошки худалдаалбал Зөрчлийн тухай хуулиар 3.000.000 төгрөгөөр торгох заалттай. Гэвч энэ заалт хэрэгжихгүй байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Дурын нэг сургуулийн урд байрлах ТҮЦ-д очиход дээрх хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөстэй байгаа. Тэгвэл энэ асуудалд НМХЕГ хэрхэн хяналт шалгалт хийдэг талаар НМХЕГ, Хүнсний аюулгүй байдлын хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын улсын байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.



-Сургуулийг тойроод 500 метр зайнд маш олон ТҮЦ болон түргэн хоолны газрууд ажиллаж байна. Нөгөө л тосонд хайрсан хуушуур, пирошки гээд зарахыг хориглосон хоол хүнсээ зарсаар л байна. Үүнийг яаж болиулах вэ. Танай байгууллагаас үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?


-Сургуулийн ойролцоох худалдааны газрууд ялангуяа ТҮЦ-д хуушуур, пирошки, мантуун бууз, ороомог болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг стандарт хангаагүй газарт худалдаалж байгаа зөрчил маш их байна. Дээрх хоолыг стандарт хангасан хоолны газарт хоёр цаг л хадгалж, худалдаалах ёстой. Гэтэл ТҮЦ өөрөө ариун цэвэр, зай талбай, агааржуулалтгүй, стандарт хангаагүй газар юм. Худалдагч нь хувцсаа солих өрөө ч үгүй жижиг зай талбайтай газар хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг лангуун дээр худалдаалж байна. Бүр цаашлаад хонуулж худалдаалж байгаа зөрчлүүд байна. Үүнд МХЕГ-аас хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээнүүдээ аваад явж байна. Бидний хувьд ийм зөрчилд төлөвлөгөөт болон урьдчилсан шалгалт хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим вэб сайтууд, гарын авлага, боршур зэргээр бэлдэж сурталчилж байна. Мөн худалдааны газрууд болон сургуулийн хүүхдүүдэд энэ чиглэлийн сургалтуудыг хийдэг. Ер нь аль ч хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа иргэд тухайн бүтээгдэхүүний шошгыг сайн харж байх хэрэгтэй. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн, ямар нөхцөлд яаж хадгалах гээд наад захын мэдээллийг шошгоос хардаг байх нь чухал. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй Хүнсний сав баглаа боодлын, түүнд тавигдах шаардлага MNS6648 гээд стандарт хэрэгжиж эхэлсэн. Энэ стандартад хүнсний бүтээгдэхүүний шошгонд юу юу агуулагдахыг тодорхой заасан байгаа. Мөн сая гарсан Эрүүл мэнд, БСШУСЯ-ны сайдын хамтарсан тушаалд сургуулийн орчимд ямар ямар бүтээгдэхүүнийг худалдаалах, мөн хориглох вэ. Түүнччлэн худалдаалж байгаа бүтээгдэхүүнд шимт бодисынх мэдээллийг тусгах ёстой. Тухайлбал, 100 гр бүтээгдэхүүнд ямар хэмжээний давс, сахар, өөх тос агуулагдахыг журмаар зохицуулж өгсөн.


-Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг гэлээ. Ямар хугацаанд шалгалт хийдэг вэ. Тухайлбал, сар, улирал тутам төлөвлөгөөт шалгалт хийдэг үү?


-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ гэсэн чиглэлээр явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтыг тухайн байгууллагынхаа эрсдэлийг үнэлээд их буюу дунд эрсдэлд үнэлэгдсэн газруудаа дараа оныхоо төлөвлөгөөт хяналтад хамруулна гэдгээ олон нийтэд зарлачихдаг. Урьдчилан сэргийлэх шалгалтыг  томоохон, нийтийг хамарсан баярууд болон шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, наадам зэргийн өмнө хийдэг. Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэний хүсэлт, гомдол болон сэдэвчилсэн шалгалтын үед хийнэ. Одоогоор бид сургуулийн хүүхдийн хоол хүнсэнд төлөвлөгөөт бус шалгалтыг 9 дүүргийн хэмжээнд хийж байна.


-Стандартын бус нөхцөлд хоол хүнс зарсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?


-Яг стандартын бус нөхцөлд хоол хүнс худалдаалж, хийж байгаа бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил бүрд тохирсон арга хэмжээг авна. Тухайлбал, ганц шошгон дээр л гэхэд шаардлага хангаагүй шошготой хүнсний бүтээгдэхүүнийг буцааж татан авалт хийх ёстой. Зөрчлийг арилгаж байж лангуун дээр худалдаална. Хэрэв тэгээгүй бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Энэ мэт олон зүйл заалтаар тус тусад нь арга хэмжээ авдаг.


-Тэгэхээр худалдаа эрхлэгчид торгуулсан ч энэ зөрчлөө арилгахгүй байна гэсэн үг үү?


-Үгүй. Манай байгууллагаас гаргасан зөрчил бүрд нь тохиорох заавар, зөвлөмжийг өгч ажилладаг. Гэхдээ дан ганц худалдаа эрхлэгчээс гадна хэрэглэгчийн мэдлэг, боловсрол бас тааруухан байна. Тухайлбал, ил задгай буюу гар дээрээс самар зардаг хүмүүст хяналт тавиад, хэрэглэгчид “та гар дээрээс  худалдан авалт хийж болохгүй” гэхээр “би авах гэж байхад чамд ямар хамаатай юм” гэх өнцгөөс ханддаг. Тиймээс хэрэглэгч, иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалах ухамсар, боловсрол өндөр байх, тал бүрийн оролцоо сайн байж энэ зөрчил буурна. Худалдан авагч байхгүй бол гар дээрээс задгай худалдаа эрхэлж буй хүмүүс тухайн бүтээгдэхүүнээ зарахгүй нь мэдээж. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног []


АСУУЛТ байна. НӨГӨӨ орон сууцны нэг давхарт зоогийн газар байруулахыг хориглоно гэсэн юу болсон бэ?


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


ENE TYTSUUDIIG ZALUULAACH. NIITIIN ERH ASHIG TER TUSMAA HUUHDIIN ERH ASHIG GEJ BAIH ESTOI SHUU. HEDEN DABARSAN BUDUUN ABGAI NAR ESERGUUTSEED BDAG UYM BNLEE. BUGDIID NI ZAILUUL GAHAINUUDIIG


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Одоо түц гэдэг үг амбаараам бүрэн салах