2018,10-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


З.Батжаргал: Төр зөв бодлого явуулбал сэргээгдэх эрчим хүч хөгжих бүрэн боломжтой

1 сар TIMES.MN

Манай улс нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээс жилдээ 15,000 тераВатт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Сэргээгдэх эрчим хүчийг цаашид эрчимтэй хөгжүүлэх замаар Монгол улс цахилгаан эрчим хүчний импортын хараат байдлаас аажмаар ангижраад зогсохгүй, эрчим хүч экспортлогч орон болох зорилгодоо хүрч, Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030 болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН), Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэхэд нэмэр болох юм. Тэгвэл өнөөдөр уг салбарт ажиллаж буй төр, хувийн хэвшлийнхний зөвлөлдөх уулзалт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болж байна.


Үндэсний хэмжээнд 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20% хүртэл, 2030 он гэхэд 30% хүртэл нэмэгдүүлэх зорилт (Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого 2015-2030 он) тавиад байгаа. Тэгвэл энэ тоо 2019 он гэхэд хангагдах бүрэн боломжтой бөгөөд одоогоор бараг 18 хувьтай байгаа аж.




НҮБУАӨСК-ийн үндэсний зохицуулагч, ХКОМ-ын Монгол талын дарга З.Батжаргал:

-Сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байна. Манай улсын эрчим хүчний 15 мянган тераВатт гэж гарсан. Энэ тоог бүгдийг нь ашиглаж чадвал ганцхан манай улсын хэрэгцээг хангахаас гадна хөрш зэргэлдээ маш том, бараг тэрбум хүн амын хэрэгцээний тодорхой хувийг хангах хэмжээний хүчин чадал юм. Үүнийг ашиглаж эхлэхэд мэдээж өндөр технологи, мэргэжлийн ур чадвар, технологийг нэвтрүүлж ашиглах хөрөнгө оруулалт нэлээд өндөр шаардагдана. Тухайлбал, Дарханы 10 мегаваттын нарны станцыг байгуулахад 20 саяас доошгүй долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Тиймээс энэ тийм ч амар зүйл биш. Гэхдээ ирээдүйтэй. 2014 онд УИХ-аас баталсан “Ногоон хөгжлийн бодлогын бичиг баримт”-д 2020 он гэхэд Монгол улс суурилагдсан эрчим хүчнийхээ дотор сэргээгдэх эрчим хүчний ашиглан үйлдвэрлэж байгаа хэмжээг 20 хувьд хүргэнэ гэж заасан. Уг зорилтыг 2019 онд биелүүлчихнэ. Одоо бараг 18 хувь буюу 220 мегаваттын босгонд хүрчхээд байна. Сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудалд төр зөв бодлого явуулж, олон улсын хэмжээний хоёр талын хамтын ажиллагааны механизмыг оновчтой ашиглаж чадвал энэ ажил урагштай явна.


Монгол улсын эрчим хүчний салбар нь цахилгаан эрчим хүчний хангамж, эрэлт хэрэгцээний төлөвлөлт, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхэд техникийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Эдгээр бэрхшээлүүдийг даван туулахын тулд Монгол улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний хууль (2015)-нд сэргээгдэх эрчим хүчний урамшуулал, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, дамжуулах шугамын тогтвортой байдлын тэнцвэрийг сайжруулах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг ч энэ үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа.




Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг дуудлага худалдаа/тендерийн тогтолцоонд шилжүүлснээр өөрчлөлт орно гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн 5 дугаар сард Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 9 дүгээр форумын үеэр алслагдсан шугамын бүсэд оффгрид системийг суурилуулах, бага оврын эрчим хүчний эх үүсвэрийн системийн суурилуулалт, хот суурин газар болоод шатахуун түгээх газруудын дизель генераторыг нарны эрчим хүчний системээр сольж суурилуулах гэх зэрэг санаануудыг авч хэлэлцжээ.


Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Байгаль Орчин Уур Амьсгалын сан, Япон улсын Даян Дэлхийн Байгаль Орчин Стратеги Судлалын Хүрээлэн, Монгол-Японы Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар, Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо нар хамтран зохион байгуулж байна.


Зөвлөлдөх уулзалт 17 цаг хүртэл үргэлжлэнэ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.