Эдийн засаг


Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв нээгдлээ

1 сар TIMES.MN

Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Стандарт хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн зохицуулагч Б.Алтанбагана, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс, алт олборлогч ААН, бичил уурхай эрхлэгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд нээгдэж буй уг нэг цэгийн үйлчилгээний төвд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлаж байгаа юм.

Төвийн бүсийг тулгуурлан Дархан-Уул аймагт энэ сарын 15-нд үнэт металлын лаборатори бүхий нэг цэгийн үйлчилгээний төв ашиглалтад орсон бол баруун аймгуудын ААН, иргэдийн голлон үйлчлүүлэх тулгуур төвийг Баянхонгор аймагт ийнхүү байгууллаа.

Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох аж.

Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.