Нийгэм


Цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ

1 сар TIMES.MN

Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, зам тээврийн ослыг тэглэх зорилгоор 11 дүгээр сараас эхлэн “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна.

Уг аяныг Тээврийн цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” ТББ-аас санаачлан Нийслэлийн боловсролын газар, Үндэсний үйлдвэрлэгч “Монос Косметик” ХХК, Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцаци хамтран зохион байгуулах бөгөөд Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10.000 гаруй эцэг эх, асран хамгаалагч буюу “Kinder police”-ууд оролцох юм.

Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсох бус хүүхдээ хүргэж ирж буй эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх, мөн цэцэрлэгт ирж буй эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллана.


Түүнчлэн эргүүлээр ажиллах эцэг, эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлага зэргээр хангах юм.

Аян хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор өнөөдөр тус албанаас Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацитай хамтран видео сургалтыг бэлтгэлээ. Сургалт нь Хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, Хүүхдийн авто машины суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө, Хүүхдийн авто машины суудал нь зам тээврийн осол гарах үед хүүхдийг хэрхэн хамгаалдаг талаар мэдлэг олгох, “Blind spot” буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг багтаасан байх юм.

Зохион байгуулагч байгууллагуудаас эцэг эх, асран хамгаалагч нарыг энэхүү аянд идэвхи, санаачлагатай оролцож, хамтдаа “ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ ТЭГЛЭХ”-ийг уриалж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.