Нийгэм


Нийслэлийн агентлагуудад 18 дэд даргын илүү орон тоотой ажиллаж байна гэлээ

1 сар TIMES.MN

Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитыг Нийслэл дэх төрийн аудитын газраас танилцууллаа. Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Б.Мөнх-Очир, Гүйцэтгэлийн Аудитын хэлтсийн ахлах аудитор С.Зоригт тэргүүтэй албаныхан 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын шалгалтаар гарсан зөрчил, зарим тоон мэдээллийг хүргэлээ.


Аудитад нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газар хамрагдсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж 09 дүгээр сарын 28-ны хооронд үргэлжилжээ. Төвийн 6 дүүргээс БЗД-т төрийн албан хаагчийн ачаалал хамгийн өндөр байгаа бол СБД-т ачаалал бага байна. Төвийн 6 дүүргийн ачаалал алслагдсан 3 дүүргийн ачааллаас 6.6 дахин өндөр байна. 2017 оны судалгаагаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад нийт 12415 ажилтан ажиллажээ. Үүнээс 3751 буюу 30.2% нь төсвийн байгууллагад, 8664 буюу 69.8% нь орон нутгийн өмчит газруудад ажилладаг албан хаагчид байгаа аж.


Нийт ажилтны орон тоо 2016 онд өмнөх оноос 1094 буюу 9.9%, 2017 онд өмнөх оноос 621 буюу 5.2%-иар тус тус өссөн байна. Хоёр жил дараалан өссөн боловч сүүлийн жилд өсөлт буурчээ. Төсвийн байгууллагын ажилтнуудын орон тоо 2016 онд өмнөх оноос 160-аар буюу 4.2%-иар, 2017 онд өмнөх оноос 153-аар буюу 4.2%-иар өсжээ. Энэ нь нийслэлийн ЗДТГ 45, дүүргүүдийн ИТХ 86, дүүргүүдийн ЗДТГ 52 орон тоогоор нэмэгдүүлж баталсантай холбоотой гэлээ. Харин орон нутгийн өмчит газруудын ажилтнуудын орон тоо 2016 онд өмнөх оноос 934 буюу 12.2%, 2017 онд өмнөх оноос 468 буюу 5.7%-иар өсжээ. 2015-2017 онд нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газрууд орон тооны хязгаарыг 61 байгууллагад 1927-оор хэмнэж, 14 байгууллагад 227-оор хэтрүүлсэн байна.


Аудитаар илэрсэн зөрчлөөс дурдвал:

-МУЗЗНТУТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т дүүргүүдийн ЗД-ыг 1 орлогчтой байхаар заажээ. Гэтэл дүүргийн ЗД нар дээрх хуулийн заалтыг зөрчин орлогчийн орон тоог нэмэгдүүлэн баталсан байна. Дүүргийн хэмжээнд нийт ЗД-ын орлогч 9 байх ёстой байтал 14-өөр нэмэгдүүлж 23 болсон.

-ЗГ-ын 2016 оны 4 дүгээр тогтоолоор ЗГ-ын агентлагийн орон тоо нь 100-гаас дээш ажилтантай бол дэд буюу орлогч дарга 1, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэлийг баримталж эхэлсэн. Гэтэл дээрх чиглэлийг баримтлаагүйгээс нийслэлийн 22 хэрэгжүүлэгч агентлагт дэд буюу орлогч дарга 5 байхаар байхад 23 буюу 18-аар илүү байна.

-2015-2017 онд томилогдсон 1369 ажилтан, албан хаагчдыг аудитын түүвэрт хамруулан шалгахад 306 буюу 22.3% нь хууль тогтоомж болон холбогдох шаардлагыг хангаагүй байна.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗГ-аас 2014 оны 5 дугаар сард “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай“ 147 дугаар тогтоолыг баталсан. Үүнийг зөрчин 2015-2017 онд төсвийн 36 сая төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан.


Илэрсэн зөрчлийг арилгаж, давтан гаргуулахгүй байх талаар Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудад 20 албан шаардлага хүргүүлсэн талаар мэдээллийн үеэр онцлов.


Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч нарт тус бүр 3, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд 1, Дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт 2, Дүүргүүдийн Засаг дарга нарт 5, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2, давхардсан тоогоор нийт 16 зөвлөмж өгсөн гэв.


 Тайлангийн бүрэн эхтэй ЭНД  дарж танилцана уу.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.