Улс төр


ЭЗБХ: Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

1 сар TIMES.MN

Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэв

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.16) хуралдаан 09 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.


Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төсөл санаачлагчийн илтгэлдээ, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал бэхжиж, ойрын ирээдүйн төлөв сайжирч байгааг хэллээ. Өнгөрсөн хоёр жилд манай улсын гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд тодорхой бус байдал багасч, бизнесийн итгэл идвэхжлийг сэргээсэн гэж үзжээ. Эдийн засгийн хамгийн амаргүй үе болох 2016 оны II, III улирлаас хойш эдийн засгийн дийлэнх салбар ерөнхийдөө өсөлттэй байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсчээ. Энэ нааштай үр дүнг бататгахын тулд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал гэдгийг тэрбээр танилцуулгадаа онцолсон. Үүний тулд улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад төлбөрийн чадварыг сайжруулах, банк санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх гэсэн гурван зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. 

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх хоёр жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулах зорилтыг дэвшүүлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарт дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляцийг 2018-2019 онд зорилтот түвшинд хадгалах боломжтой хэмээн тооцоолоод байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт өсч, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч бараа, үйлчилгээний импорт, тээвэр санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн төлбөр өсч улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал 2017 оноос нэмэгдэж байгаа гэв. 2018 оны эхний 8 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 400 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ бол 2017 оноос 213 сая ам.доллароор муудаад байгаа үзүүлэлт аж. Төлбөрийн тэнцэл ийн муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд нөлөөлсөн гэж тодорхойлж байгаа аж. Үүний зэрэгцээ том гүрнүүдийн худалдааны бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй байна. Гадаад зах зээл дээр хүү өсч, хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татарч эхэлсэн. Энэ байдал нь дэлхий нийтийн валютууд болон зарим төрлийн эрдэс, бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулархад нөлөөлсөн байна. 170 улс орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ. Ханшийн сулралт нь улс орнуудын нийтлэг хүндрэл болж буйг тоон үзүүлэлт харуулж байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцууллаа. 


Тухайлбал, Австрали болон Чилийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 9 хувиар суларсан бол Хятадын юань, Оросын рубль, Энэтхэгийн рупи, Бразилийн реал, Индонезийн рупи, Туркийн лир, Өмнөд Африкын рандын ханш сулраад байгаа талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Ийм орчинд эрсдэл, тодорхой бус байдлыг хуримтлуулж бугшуулахгүй байх нь дунд хугацаанд тогтвортой байдлыг хамгаалахад тустай гэдэг зарчмыг Төв банк баримталсан байна. Эдийн засгийн бүх түвшинд буюу улс орон, аж ахуйн нэгж, өрх цаашаад хувь хүн ч гадаад орчны ийм эрсдэлтэй, тогтворгүй байдлыг хянуур тооцож, тэлэлтийн хурдаа зохицуулж, санхүүгийн сайн удирдлага хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байгаа гэв. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж. Монгол Улсад ч гадаад орчны энэ эрсдлийг тойрох бололцоо хомс гэдгийг тэрбээр дурдсан. Валютын ханш сүүлийн гурван сарын туршид 2018 оны эхэн үеийнхээс 5.7 хувиар суларсан, одоогоор тогтворжоод байгаа. Төлбөрийн тэнцлийн дарамтыг валютын ханшид шингээх нь алсдаа эрсдэл үүсэхээс сэргийлнэ гэж Төв банк үзсэн байна. Цаашид эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болгож, эрдэс баялгийн салбараас бий болсон орлогыг урт хугацаанд эдийн засагт оновчтой, үр ашигтай болгох, тодруулбал Монгол Улс хуримтлалтай байх зүй ёсны шаардлага тулгараад байгаа гэв. Энэ хүрээнд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэсэн эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг төслийн танилцуулгад дурдсан. Иймд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг Монголбанк дангаар болон төрийн эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Төв банкны төдийгүй төрийн бүх байгууллага, эрх баригчдын хүлээх гол үүрэг гэв. Түүнчлэн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, Төв банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулж, бодлогын нөлөөг дээшлүүлэх, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хадгалах зорилгоор банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Эрдэнбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар асуулт асууж, тодрууллаа. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаарх С.Чинзориг гишүүний асуултад “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2019 онд хэрэгжүүлнэ. Одоогоор арилжааны банкуудаас хэрэглэгчдэд олгож буй зээлийн дундаж хүү 18 хувь болж буурсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2-3 пунктээр буурсан үзүүлэлт юм. Мөн арилжааны банкуудын зээл олголт идэвхжин, өрсөлдөөн эрчимжиж байгаагаас зээлийн хүртээмж нэмэгдэж байгааг харж болно. Зээлийн хүү буурч байгаа, үүнийг эдийн засгийн эерэг үзүүлэлт гэж харж байна” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч хариулт өглөө. Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүүг бууруулах чиглэлээр “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулсан. 

    Ипотекийн зээлийн санхүүжилтийн зорилгоор одоогоор Төв банкнаас 4.2 их наяд төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдаа уг хөтөлбөрийг аль түвшинд хэрэгжүүлэх нь оновчтой талаар шийдэл гаргахаар ажиллаж байгаа гэв. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн зориулалтаар Монголбанкнаас жилд 240 тэрбум, Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байгаа. Жилд дунджаар 300-400 орчим төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа гэв. Мөн гишүүдийн лавласны дагуу улс орны төлбөрийн тэнцлийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор бүх түвшинд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагын талаарх дэлгэрэнгүй тайлбар хариултыг Монголбанкнаас өгсөн.


Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлогыг боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий засгийн газар хоорондын, хараат бус бүлэг ФАТФ-ийн 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар Б.Жавхлан гишүүн тодруулж “Одоогоор цагаан жагсаалтад байгаа бөгөөд үүнийг бэхжүүлэх нь чухал. Саарал жагсаалт руу буурсан тохиолдолд гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж буй ганц банк энэ төрлийн үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй болж улмаар Монгол Улс эдийн засгийн глобальчлалаас тасрах эрсдэл үүснэ гэдгийг тооцож, бүх түвшиндээ анхаарах шаардлагатай” гэлээ. Мөн тэрбээр валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодоос олборлосон алтны грамм бүрийг ашиглах зорилтыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэлэв. Монголбанк 2017 онд 20 тн алт авсан бол энэ онд 22 тн алт авах зорилттой байгаа бөгөөд одоогийн байдлаар 15.8 тн алт аваад байгаа юм байна. Одоогоор Монголбанкинд алт авах ажлыг зөвхөн нийслэлд гүйцэтгэдэг бөгөөд процесс нь урт хугацаатай, төвөг чирэгдэлтэй байдаг. Энэ байдлыг хөнгөвчлөх зорилгоор алт тушаах процессыг шуурхайлан, хайлуулах цех, сорьцийн лабораториудыг нэмж байгуулах ажлыг эхлүүлжээ. Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Дархан-Уул аймагт албан ёсоор нээгээд байгаа бол дараагийнх нь энэ сарын 18-нд Баянхонгорт нээлтээ хийх аж. Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагтай хэрэгжүүлж буй энэ ажлын хүрээнд ирэх жил дахин хоёр аймагт лаборатори байгуулах юм байна.         Валютын ханшийн талаарх гишүүдийн асуултад Монголбанкны зүгээс хариулахдаа "Манай улсын импорт 2018 онд 40 хувиар өссөн. Үүний 80 хувь нь үйлдвэрлэлийн зориулалттай импорт бол үлдсэн 20 хувь нь иргэдийн хэрэглээний зориулалттай импорт" гээд улсын гадаад худалдааны бодлогын талаарх нөхцөл байдлыг хэлж, энэ чиглэлээр агентлагийн түвшинд ажиллах шаардлага байгааг тайлбарлалаа. Мөн иргэдийн хэрэглээний зээлийн нөхцөл байдлын талаар гишүүдийн тодруулсны дагуу мэдээлэл өгч, хэт тэлэлтийг хязгаарлах ажлыг Төв банкны түвшинд анхаарч ажиллаж байгаа талаар танилцуулсан. Зарим банк тухайн иргэний орлогыг 100 хувь барьцаалан зээл олгож байгааг 70 хувь болгон бууруулах шаардлага тавьж байгаа гэв. Мөн хэрэглээний зээлийг 8 жилийн хугацаатай олгож байгааг хумиж хамгийн ихдээ 30 сард багтаах зохицуулалт хийжээ. Төв банк макро зохистой бодлогын хүрээнд гаргасан энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ, холбогдох талууд хатуу хяналт тавих юм байна. Хэрэглээний зээл хэт тэлж, иргэн, өрх бүр ийнхүү өр зээлийн дарамтад орсоор байвал ойрын ирээдүйд маш ноцтой асуудал үүсэх эрсдэлтэй гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэллээ. Асуулт, тодруулгын дараа гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж санал хэллээ. Засгийн газар бүх түвшиндээ Монголбанктай нягт хамтран ажиллах, эдийн засгийн өсөлтийг бодит секторт буулгах талаар анхаарч ажиллах, хэрэглээний зээлийн өсөлт нь өрхийн эдийн засагт дарамт болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авах зэрэг саналыг хэлсэн.

    Ийнхүү төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувь нь дэмжиж, нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар боллоо. 

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Ажлын хэсэг 4 удаа хуралдсан бөгөөд төсөл санаачлагч болон МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг ТББ, МҮОНТ-тэй хамтран өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг 4 удаа хийсэн байна. Энэ хүрээнд төслийн талаарх мэдээллийг холбогдох талуудад хүргэхийн зэрэгцээ санаа бодлыг нь сонссон гэв. Мөн МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын хараагүй иргэдийн холбооноос төсөлтэй холбоотой саналууд ирүүлснийг судалж, төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн гаргасан санал, Ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал зэргийг хэлэлцэж, санал хураан шийдвэрлэжээ. ЖДҮ эрхлэгчийг бүртгэлээс хасах, ЖДҮХСангаас зээл, зээлийн татаас олгоход баримтлах хязгаарлалт, ЖДҮ-ийн асуудал хариуцсан агентлагийг сонгуулийн циклээс үл шалтгаалан тогтвортой ажиллуулахтай холбогдсон зохицуулалт бүхий зарчмын 20, найруулгын 2, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх 17 саналын томьёоллыг бэлтгэсэн гэв. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулж ажлын хэсгээс хариулт авлаа. ЖДҮ-ийг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр төсөл дээр холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд тухайн орон нутгийн ИТХ жилийнхээ төсөв дээр тусгаад, үүнийг нь Засаг дарга зарцуулах, холбогдох хяналтын талаар тусгажээ. Үүний зэрэгцээ Засаг дарга ЖДҮ-ийг хөгжүүлэхтэй холбоотой саналаа дээд шатны байгууллагад хүргүүлэх, үүнийг Засгийн газар хүлээн авч, нэгтгээд нэгдсэн бодлогоо тодорхойлон, тэр хүрээндээ төсвийн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэв.  ЖДҮХСангийн зээлийн 26 хувийг шууд олгосон бол 74 хувийг арилжааны банкаар дамжуулсан байна. Зээлийн эргэн төлөлт 92.5 хувьтай байгааг Ажлын хэсгээс танилцууллаа. Хуулийн төсөлд бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч буюу 500 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлогтой аж ахуйн нэгжид олгох зээлийг сангаас шууд олгох бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олгох зээлийг банкаар дамжуулах хувилбарыг тусгажээ. Үүний дараа Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.


Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Төслийг хоёр дахь удаагаа өргөн мэдүүлж байгаа бөгөөд хэлэлцэхээр дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг одоо УИХ хэлэлцэж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй нэгтгэх шаардлага бий гэдгийг тайлбарласан. 

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар төслийн танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Т.Аюурсайхан гишүүн илэрхийлээд стартегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглах хөрөнгө оруулагч Засгийн газартай тодорхой хөрөнгө оруулалт, ашиглалатын гэрээтэй тохиолдолд гүйлгээний холбогдох дансыг дотоодын банкаар дамжуулах санаачилгыг дэмжиж байгаагаа тайлбарлав. Нэн тэргүүнд хяналт тавих бололцоо бүрдэнэ, мөн эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Харин төсөлд зөвхөн Монголбанкинд дансыг байршуулахаар тусгасан нь шүүмжлэлтэй бөгөөд өмнө нь байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулаад байсан гэдийг хэллээ. Тэрбээр Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ төдийгүй дотоодын бусад банкаар дамжуулах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй. Банкны салбарын хэтийг харсан, урт хугацаандаа хэрэгжих ач холбогдлыг нь тооцох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй бөгөөд төлбөрийн тэнцэлд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх бололцоо тодорхой хэмжээгээр бүрдэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа Д.Эрдэнэбат гишүүн илэрхийлсэн. Төслийн талаарх Монголбанкны байр суурийг Б.Жавхлан гишүүн тодруулсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 


    Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулллаа. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.