2018,10-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмжийг айлуудын янданд суурилуулна

1 сар TIMES.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан. Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүүхдийн уушгины багтаамж хөдөөгийн хүүхдээс 40 хувиар бага байна гэх судалгааны үр дүн ч байна. Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна" гэв.


Харин яг ямар төхөөрөмжийг хэрхэн яаж суурилуулах талаар ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Монгол инженерүүд индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих технологи бүтээж, танилцуулсан. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг 9 сарын турш ажиллаж байна. Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын HAIER группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж юм шүү. Төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа. Мөн "100 мянган өрхөд туршилт хийх гэж байна" гэх мэдээлэл яваад байна. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах шийдэл учраас энэ шийдлийг сонгосон. Бид аль болох хэрэглэгчдэд бага ачаалал өгөх асуудал дээр ажиллаж байна. Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд дунджаар сарын цахилгааны хэрэглээн дээр 22,000 төгрөг гарна. Уг хэрэглээний өртөгийг бууруулах чиглэлээр ажиллаж байна" гэв.


Түүнчлэн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй хамгийн шалгарсан арга юм. Урт хугацааны буюу иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх гэх мэт ажлууд явагдаж байгаа. Яавал олон хүн бага хордох вэ гэдэг дээр анхаарч байгаа. Цахилгаан индукцийн аргаар тоосонцорыг устгах боломжтой гээд мэргэжлийнхэн хэлээд байна. Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе. Үйлдвэрлэгч төхөөрөмж маань тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа. БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа" гэлээ.


Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2019-2020 он хүртэл 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнээс гадна гэр хорооллын утааг бууруулахын тулд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. 


Эрүүл мэндийн бодит байдал ба утаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.