2018,10-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Л.Батдэлгэр: Элдэв өнгө, үнэртэй саван харшил өгөх эрсдэлтэй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Дэлхийн гар угаах өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын хувьд уг өдрийг 10 жилийн өмнөөс тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ жилийн хувьд “Цэвэр гар эрүүл амьдралын жор” уриан дор ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдад бохир гараар хоол хүнсээ барьсан тохиолдолд ямар сөрөг үр дагавар гардаг болохыг шинжлэх ухааны туршилтаар үзүүлэх аж. Тиймээс НЭМҮТ-ийн доктор Л.Батдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.



-Дэлхийн гар угаах өдөрт манай улс хэзээнээс нэгдсэн бэ?

-Дэлхийн гар угаах өдрийг 2008 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхий нийтээрээ гараа савандаж угаахыг хөхүүлэн дэмжиж, уриалсан. Үүнээс хойш жил бүрийн аравдугаар сарын 15-нд дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай улсын хувьд 2008 оноос эхлэн НҮБ-ын хүүхдийн сангийн тусламжтайгаар, мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техник, санхүүгийн тусламжтайгаар жил бүрийн энэ өдрийг тэмдэглэдэг.


Ингэхдээ

-бага насны хүүхдийг багаас нь эхлэн гар угаах зөв дадал эзэмшүүлэх,

-ямар дарааллаар гараа угаах вэ,

-ямар хэрэгсэл хэрэглэх,

-савандаж угаавал гаран дахь нян, бактерийг хэдэн хувь арилгах вэ,

- усаар угаавал ямар нөлөөтэй байх вэ,

-гарыг ариутгагчаар ариутгавал яах вэ,

-нойтон салфетикаар арчихад ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт судалгааг улс орнууд хийсэн байдаг.


Гарыг савандаж угаах нь гар дахь нянг хамгийн их хэмжээгээр устгадаг хамгийн энгийн мөртлөө зөв дадал гэдгийг хүн бүрд ойлгуулж, уриалсан үйл ажиллагааг жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд НЭМҮТ “Цэвэр гар эрүүл амьдралын жор” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан.




-Бохир гараас үүдэн ямар ямар өвчин үүсдэг вэ. Энэ талын тоо баримт байдаг уу?

-Бохир гараас шалтгаалж гэдэсний халдварт өвчин, мөн халдварт шар өвчин дамжин тархах эрсдэлтэй. Түүнчлэн ханиад, томуу ч бохир гараар дамжин халдварлах боломжтой. Ялангуяа ханиалгасан үедээ, нус, цэрээ хаяхдаа салфетка хэрэглэх нь соёлтой иргэний шинж юм. Манай НЭМҮТ цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд гараа зөв угаах дадал эзэмшүүлэх сургалт зохион байгуулдаг. Энэ жил бид ЕБС-ийн ахлах, дунд ангийнханд гараа угаахгүйгээр хоол хүнс хэрэглэх, ялангуяа бохир гараар талх барьж идэхэд тухайн талханд ямар хэмжээний нян агуулагдсан байдаг. Нянгаар бохирдсон талхыг идэхэд хүний гэдсэнд ямар өвчин үүсэж болох вэ гэх мэтчилэн шинжлэх ухааны туршилтуудыг сургалт, хичээлээр зааж байна.


-Өмнө нь хатуу саван л хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд юм хөгжихийн хэрээр янз бүрийн хэлбэр, хэмжээтэй саван үйлдвэрлэгдэж байна. Ер нь хатуу саван хэрэглэх нь зүйтэй юу, эсхүл шингэн саван нь илүү сайн байдаг юм болов уу. Бас санитол түлхүү хэрэглэж байна. Гар ариутгагч саванг орлож, гарын бохирдлыг арилгаж чадах уу?

-Савангаар гараа савандаж угаахад зүгээр усаар угааснаас илүү нян бактерийг устгах чадалтай гэдэг талын сургалт, мэдээллийг хүмүүст өгдөг. Шингэн болон хатуу саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Гэтэл бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар хүүхэд байнга гараа угаавал түүндээ дасал болдог. Тиймээс бактерийн эсрэг саванг хэрэглэх үедээ хэрэглээд, зарим тохиолдолд ердийн саван хэрэглэж байх нь зүйтэй. Хамгийн гол нь гараа савандаж угаах нь чухал. Бактерийн эсрэг ч бай, энгийн саван ч бай бүгд химийн нэгдэл агуулж, янз бүрийн өнгө, үнэртэй байдаг. Ийм төрлийн савангууд нь заримдаа тухайн агуулагдаж буй химийн нэгдлээсээ хамаарч харшил өгдөг. Хэрэв тэгвэл харшлын эсрэг саван хэрэглэх нь зүйтэй юм. Бидний хувьд гараа усаар угааснаас савандаж угаах нь илүү үр дүнтэй гэдэг мессежийг иргэддээ өгөхийг хичээдэг. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бие зассаны дараа зайлшгүй гараа савандаж угаах нь илүү ач холбогдолтой гэж зөвлөдөг.


-Хатуу саван хэрэглэхээр хөөсөнд нь нян үлдсэн байдаг. Тиймээс олон нийтийн нойлд аль болох хатуу саван хэрэглэлгүй шингэн саван хэрэглэх нь зүйтэй гэж зарим эмч нар зөвлөдөг. Яг хатуу савангийн хөөсөнд өмнөх гар угаасан хүний нян үлдсэн байдаг гэсэн судалгаа байдаг уу?

-Уг нь саван хөөсрөх тусмаа хирийг өөртөө шингээж авч байна гэсэн үг. Ингэснээр саван дээр тогтсон хөөсийг бүрэн арилгаад тавивал илүү ач холбогдолтой. Гэхдээ хатуу саванд наалдсан хөөс нь хүний биед нян бактериа наалдуулчихлаа гэсэн судалгааг хараахан хийгээгүй байна.


-Сүүлийн үеийн хүүхдүүд хэт цэвэрхэн байна. Хүүхэд тодорхой хэмжээгээр бохир байх нь дархлаа тогтоно гэдэг.

-Байгалийн, цэвэр экологийн хөрсөн дээр хүүхдээ тоглуулахад буруудах зүйл байхгүй. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд хөрс, экологийн байдал алдагдчихсан. Утаа, агаар, хөрсний бохирдол их байхад тэр хөрсөн дээр хүүхдээ тоглуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.