2018,10-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Шилэн дансны хэрэгжилтэд иргэдийн оролцоотой аудит хийнэ

2 сар TIMES.MN

Төрийн аудитын байгууллага өөрийн чиг үүргийн дагуу 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлт өнөөдөр Үндэсний Аудитын Газрын байранд боллоо.




Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад иргэд, олон нийтийн байгууллага анх удаа оролцож буйгаараа онцлог болж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэд иргэний танхим байгуулагдсан. Бид өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удаа дараа шалгасан боловч хэд хэдэн заалт өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байна. Энэ нь төрийн аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдал, төсөв захирагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. Үүнийг шийдэхийн тулд иргэний нийгмийн байгууллага сайн дураараа бидний үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шинжээчээр ажиллах гэж байна. Нээлттэй нийгэм форумтай бид шилэн данснаас гадна улс төрийн санхүүжилт, засаглалын ил тод, нээлттэй байлгахад иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана” гэв.




Энэ удаагийн аудитын шалгалтад иргэд, олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор “Нээлттэй нийгэм форум” ТББ-ыг хараат бус хөндлөнгийн шинжээчээр оролцуулж, хоёр жилийн хугацаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан юм.


"Нээлттэй нийгэм форум" ТББ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал: Төрийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ


Тус байгууллагаас судалгаа, дүн шинжилгээ хийж ирүүлсэн дүгнэлт, тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх “Аудитын иргэний танхим”-аар хэлэлцүүлж, аудитын тайланд нэгтгэнэ. “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудит”-ын ажил нь Төрийн аудитын байгууллага болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох эхний ажил болж байгаагаараа онцлогтой юм.


МУЕА-ын зөвлөх А.Энхбат: МУЕА-ын дэргэдэх Иргэний танхимаар дамжуулж иргэд Аудитын хяналт шалгалттай танилцаж, мөн төрийн аль шатанд аудит хийвэл зохистой талаар мэдээлэл өгөх тогтолцоог бий болгоно


Тухайн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдал сайжирч, Улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдал хангагдан, төрийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэх юм.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.