2018,10-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


"Нам гацсан байна аа. Найзыгаа аргалаарай"

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Өглөөний 9 цаг 23 минут

...Би өглөө 7:30-д гэрээсээ гарсаан. Зам халтиргаатай байгаа байх гээд. Хоцрох нь ээ. Баянхошуугаас Зурагт хүртэл цаг гаран явлаа. Нам түгжирсэн байна. Аваар гарсан бололтой.

...Нам гацсан байна аа. Найзыгаа аргалаарай.

...Очиж л байна шүү дээ. Түгжрээд байхад би яах билээ, нисэх юм уу.


Зөрөх зайгүй бас бухимдсан хүмүүсээр дүүрэн "Баруун салаа" чиглэлийн автобус Баянхошууны "Хөтөл"-ийн автобусны зогсоол дээр хүнээ багтаахгүй зогсоно. Энэ автобусанд шахцалдан яваа хүн бүр утсаар иймэрхүү л юм ярин бухимдана.


Харин жолооч багтахгүй байна аа дараагийн автобусанд суу гэх дуулдах агаад хүмүүс үгийг нь үл тоон ууртайгаар чихсээр...


Энэ бол зөвхөн өглөө гэлтгүй орой ч байнга харагддаг дүр зураг юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хотын хөдөлгөөн нэмэгдсэн. Жил бүр л нийтийн тээврийн хүрэлцээ муу байгааг ярьдаг ч энэ байдал байсаар л байна.




Уг нь сар гаруйн л өмнө Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана” гэж ярьсан. Гэтэл бодит амьдрал дээр иргэд автобус хүлээсээр л байна.


Иргэн Б.Нямдорж “Би өглөө, оройд “Баруун салаа” чиглэлийн автобусыг бараг цаг хүлээдэг. Ардын эрх дээр ажилладаг юм. Нэг ирэхээрээ дүүрэн, хүнээ багтаахгүй ирнэ. Тэгээд зарим нь хүнээ авалгүй зогсохгүй яваад өгнө. Хэлэхээр түгжрээнд ороод нэг талдаа гарсан байна гээд л жолооч нь ам тагладаг. Одоо ч яах вэ, өвөл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд чинь автобус хүлээгээд бараг уйлна шүү дээ” гэлээ.


Уг нь автобус хоорондын хүлээх хугацаа 7-8 минут гэж заажээ. Үүнээс гадна Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн мянга, Зайсан, Улиастай гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийн буух цагийг 22.30-23.00 хүртэл уртасгасан гэж нийслэлийн тээврийн газраас мэдээлэл өгөв. Гэвч дээрх хуваарийн дагуу нийтийн тээвэр явж чадахгүй байгаагийн гол буруутан нь мэдээж өнөөх түгжрэл.


Энэ талаар зохицуулагч Д.Цэцэгмаа “Автобус түгжрээнд орвол хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломжгүй. Ялангуяа ажил тарах цагаар ачаалал эрс нэмэгддэг. Ядахдаа ачааллын цагаар төв зам дагуу суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой” гэсэн юм.


Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349 мянган хүн амтай, 10.044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар баригдсан. Гэтэл одоо ачаалал хэд дахин нэмэгдээд байна. Хотын удирдлагууд энэ их түгжрэлийг сааруулахын тулд янз янзын л арга сэтгэж байгаа ч үр дүнгээ өгөхгүй л байна.






Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
2 сар

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


хотоо наад утаатай хонхороосоо нүүлгэ.... бидэнд өвөг дээдэс минь хангалттай нутаг үлдээсэн дээ ...


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


Хөөрхөн бичсэн байна. Өглөө яг байдалтай ирсээн ажил дээрээ


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


одоо мөнгөө хураана гэж бүр түгжиж хаях нь............


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


huduunuus shiljilt awahgui bh, ih deed surguuliuudiig hotoos gargahad l 50% buurna!!!!!


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


хотын төв замаар дайран өнгөрөх бүрд 5000-10000төг татвартай л болгоход түгжрэл 70% буурна,