2018,9-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ч.Цэнгэлмаа: Хүүхэд буландаж харах, нүдээ нухлах, нулимс гоожих шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Цэнгэлмаатай хүүхдийн нүдний өвчлөл болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.




-Хүүхдийн нүдэнд зонхилон тохиолдож буй ямар эмгэгүүд байна вэ?


-Бидний ажиглалт, судалгаагаар хүүхдийн нүдэнд тохиолдож буй гол эмгэг нь хараа муудалт буюу харааны гажиг/шил зүүх эмгэг/, хялар харах, болрын цайралт, мөн дутуу төрсөн, хэт бага жинтэй төрсөн хүүхдүүдэд дутуу нярайн торлогийн эмгэгүүд тохиолдож байна. Өндөр хөгжилтэй, хүний нөөц сайтай улс оронд хүүхдийг хорвоод төрснөөс нь хойш эхний 3-6 сар дотор анхдагч үзлэгүүдийг хийдэг. Гэтэл манай улсын хувьд гуравхан сая хүнтэй, маш том газар нутагтай учир ойр ойрхон энэ үзлэгийг хийх боломж тааруухан байна. Мөн эцэг эхчүүдийн хүүхдийн нүдний талаарх эрүүл мэндийн боловсрол сул байна. Тиймээс бид албан ёсоор, эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалаар 3-5 насны хүүхдийн хараа хамгаалах үндэсний өдрийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ өдрөөр хүүхдүүдээ ядаж сургуульд орохоос нь өмнө харааных нь чадлыг шалгаж, насандаа тохирч зөв хөгжиж байна уу, гажиг байна уу гэдгийг илрүүлэх нь чухал юм. Одоогоор мянгаад хүүхэд үнэгүй үзлэг, шинжилгээнд хамрагдаад байна. Хэрэв хүүхдэд харааны гажиг, шил зүүх асуудал илэрвэл төслийнхөө хүрээнд үнэгүй нүдний шил олгохоор төсөвлөөд, амжилттай хэрэгжээд явж байна. Гэхдээ хүүхдийн харааны асуудал зөвхөн ЭХЭМҮТ болон хэдэн нүдний эмч, эмнэлгийн асуудал биш. Бид орон даяар сэтгүүлч, хэвлэлийнхэн, хүүхэдтэй ажилладаг багш, хувийн эмнэлгийн нүдний эмч нар гээд бүх хүнийг энэ ажилд идэвхтэй оролцоосой гэж уриалж байна.


-Хүүхдийн хараа бага наснаас нь эхлэн муудаж байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлс нь юу байна вэ?


-Аж үйлдвэржсэн оронд харааны эрүүл ахуйн дэглэм алдагдах, ойрын зайнд олон цагаар ажиллах /ном унших, утас, компютерийн хэрэглээ/, хол ойрын орон зай нь алдагдах /гадаа гарахгүй байх/ гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө. 20 жилийн дараа биднийг ямар ирээдүй угтахыг бид мэдэхгүй. Тухайлбал, Солонгост хийсэн нэг судалгаанд зургаан сарын турш хүүхэд тасралтгүй 7-8 цаг гар утсаараа тоглоод дотогшоогоо хялар болсон тухай Америкийн сэтгүүлд нийтлэгдсэн байсан.


-Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь самбар дээрх хичээлээ харахгүй байна гэсэн шалтгаанаар эмнэлэгт үзүүлж, хараа нь муудсаныг нь мэддэг. Тэгвэл үүнээс өмнө буюу цэцэрлэгийн насанд нь ямар шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид хандах хэрэгтэй вэ?


-Сургуулийн өмнөх насны хүүхдүүд зурагтыг хэт ойроос үзэх, онийж, буландаж харах, нүдээ нухлах, гэрэлд гялбах, нулимс гоожих гэх мэт наад захын шинж тэмдэг илэрвэл хүүхдийн эмч юм уу хүүхдийн нүдний эмчид хандах хэрэгтэй. Сургуулийн насны хүүхэд “би хичээлээ харахгүй байна” гээд хэлдэг. Харин сургуулийн өмнөх насны хүүхэд хэлж чадахгүй, мэдэхгүй учир багш нар болон эцэг эхчүүд өөрсдөө идэвхтэйгээр хүүхдэдээ хяналт тавьж, ажиглах нь чухал. Ядаж сургууль, цэцэрлэгийн багш, эмч нар хүүхдийн харааг шалгадаг тогтолцоог эхний ээлжинд үүсгэмээр байна. Гурван настай хүүхдийн харааны босгонд танай хүүхдийн хараа хүрэхгүй байна гээд оношлоод дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг тогтолцоог бид хүсээд байгаа юм. ЭХЭМҮТ-д бүх хүүхдийг төвлөрүүлж, анхан шатны үзлэг хийнэ гэвэл хүний нөөцийн хувьд ч тэр боломжгүй. Тиймээс анхан шатны үзлэгийг өрх, сум, багийн эмч, багш нар хийдэг болвол сайн байна. Энэ хүнд биш, маш энгийн. Хараа шалгах таблицтай, хараа шалгах аргачлалаа мэдээд хүүхдийнхээ харааг гуравхан метр дотор шалгаж чаддаг байхад л хангалттай. Энэхүү тогтолцоог үүсгэхийн тулд өнгөрсөн 2017 онд 21 аймгийн бүх сумдын багш, эмч нарт анхан шатны сургалт хийгээд, таблицыг нь тараачихсан. Энэ удаад эцэг эхчүүд рүү чиглэсэн сургалт олгох баримтат кино, гарын авлага, тараах материал зэргийг тарааж байна.




-Дутуу төрсөн нярай нүдний эмгэгтэй төрөөд байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл.


-Дутуу төрсөн, хэт бага жинтэй, хугацаанаасаа өмнө төрсөн нярайд дутуу нярайн торлогийн эмгэг тохиолддог. Хэрэв таны хүүхэд 47 хоногтой, гурав болон түүнээс дээш жинтэй төрсөн бол энэ эмгэг хэзээ ч тохиолдохгүй. Бид олон улсын байгууллага болон олон улсын багш нартай хамтраад Монголд нотолгоонд суурилсан дутуу нярайн торлогийн эмгэгийг оношлох асуумж гаргасан. Ээжүүд тээлтийн хугацаа гэж ярьдаг. 34 долоо хоногоос доош, хоёр кг-аас бага жинтэй төрсөн дутуу нярай бүрийг хүүхдийн нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрэв цаг хугацаандаа оношлогдоод, эмчилгээгээ хийлгэж чадвал хүүхэд хараа алдалт, сохролт, сул хараанаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.


-Хүүхдийн нүдний хорт хавдар ихсэж байна гэлээ. Үүний шалтгаан болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөөч.


-Хүүхдийн нүдэнд тохиолддог хортой хавдар нь гурваас доош насанд тохиолддог. Манай улсын хувьд уг өвчин нь ихэвчлэн хожуу үе шатандаа оношлогдож байна. Цайж, гэрэлтэж харах, хялар харах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь нүдний хөндий дүүрэн хавдар ургаад, хараагаа алдаад, хялар харж, цайж харагдаж байна гэсэн үг юм. Уг өвчин ховор тохиолдоод, хүн амтай харьцуулахад бага мэт боловч үүнийг эрт илрүүлэх нь чухал. Эхний 1-3-р шатанд нь илрүүлэх боломжгүй. Хэрэв бид хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчин сайтай, мөн нярай бүрийн асуумж, эмчилгээг сайн хийж чадвал эрт илрүүлэх боломжтой. Өнөөдөр жилд 80 мянган хүүхэд төрж байна. Тэр бүх хүүхдийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулах хүний нөөц Монголд одоогоор байхгүй байна. Тиймээс бид аймаг, сум бүрд хүрч ажиллахын тулд тэнд байгаа эмч, боловсон хүчинг чадавхжуулж байна. Тэгснээр аль аймагт ямар нүдний эмгэг голдуу тохиолдож байгаа талаарх тандалт судалгааг гаргана. Энэ нүдний хорт хавдар зөвхөн ЭХЭМҮТ-д л оношлогдоно, илэрнэ. Өөр хаана ч илрүүлэх боломжгүй.


-Тэгэхээр нярай хүүхэдтэй эцэг эхчүүд маань хүүхдээ юм харахгүй байна, цайж харагдаад байгааг нь яаж мэдэх вэ?


-Энэ маш энгийн. Хүмүүс хүүхдээ төрөөд л бүх зүйлийг хардаг гэж ойлгодог. Гэтэл үгүй юм. Хүүхэд төрөхдөө дөнгөж гэрэл мэдрэх хараатай төрдөг. Гурван сартайдаа ээжийгээ хараад, таньж, инээмсэглэдэг болно. 7-8 сартайдаа юмыг дагуулж харна. Гурван нас хүрээд дүрс хэлдэг болно. Дараа нь биет хараа үүсч эхэлдэг. Хүүхдийн нүдний хараа 7-8 нас хүртэл нь хөгждөг. Тиймээс хөгжлийнх нь үед хэвийн хөгжүүлж, хэрэв олдмол гажиг үүсвэл эмчид үзүүлж, шил зүүлгэх ч юм уу, харааг нь хянуулаад явах хэрэгтэй.


-Нярай хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдний дээр тоглоом зүүж саатуулдаг. Үүнийг сайн, муу гэж олон янзаар ярьдаг.


-Үүнийг яг сайн, муу гээд тогтоосон судалгаа одоогоор алга. Хамгийн гол нь хэт олон цагаар харуулах хэрэггүй. Энэ талаар эцэг эхчүүдэд тарааж буй гарын авлага, кино зэрэгт мэдээлсэн байгаа. хүүхэд олон цагийг унтаж өнгөрүүлдэг ч яг түүнээс шалтгаалж байгааг нь тогтоогоогүй байна. Гэхдээ манай хүүхэд үүнийг харсаар байгаад хялар хараад байна гэж ирэх тохиолдол элбэг байдаг. Хятадын 10 хүн тутмын найм нь шилтэй байна. Монгол удахгүй ийм болох эрсдэлтэй.


-Өсвөр насны охид өнгө өнгийн линз зүүж байна. Энэ бас хараанд муугаар нөлөөлөх үү?


-Мэдээж муу. Бид гоо сайхны, хүний хэрэглээг болиулах эрхгүй. Гэхдээ ариун цэврээ хэр сахидаг, линзэн дээ бохир гараараа хүрч байна уу гээд олон асуудал бий. Линзээс болж нүд нь идээлсэн, хүндэрсэн, судастсан эмгэгүүд их байна. Зөв, эрүүүл ахуйн дэглэмээ бариад тодорхой цагаар хэрэглэвэл бас үгүй гэж болохгүй. Нүд чинь амьсгалдаг. Гэтэл линз зүүхээр нүдний амьсгалыг хаачихдаг. Линз чинь гаднын биет шүү дээ.


-Хүмүүс хэт ачаалалтай ажиллах, нойргүй хонох, нүд нь улайхад дусаалга их дусаадаг болсон. Энэ нь бас зөв зүйтэй юм болов уу?


-Ментолтой түрхэн зуурын судас агшаагчтай дусаалгыг эмч нар хэзээ ч зөвлөдөггүй. Түүнийг нойргүй хоносон, нүд нь улайсан үед л дусаадаг. Хүний нүдний нулимсыг агуулсан хиймэл нулимсуудыг нүд хуурайшсан, аргасан тохиолдолд эмчийн заавраар дусааж болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.