Спорт


Залуу бөхчүүд Транавагийн дэвжээнээс дөрвөн медаль хүртлээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 17-23-нд Словакийн Трнава хотын “Месцка” ордонд боллоо. Эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Идэрсайхан, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, 73 дугаар сургуулийн дасгалжуулагч Ж.Дандар нарын удирдлага дор манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 тамирчин хүч үзсэнээс хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай нутагтаа ирэхээр болж байна. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Батбаатарын Энхцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Манай бөхчүүд Словакийг зорих гэж визнээс асуудлаас болж нэлээдгүй бэрхшээлтэй тулгарсан. Ямартаа ч олон хүмүүсийн дэмжлэг тусламжтайгаар энэхүү асуудлаа шийдэн тамирчид маань тэмцээндээ амжиж очиж чамлахааргүй амжилт үзүүлэв. 
Эрэгтэйчүүдийн багийн дүнг ОХУ-ын бөхчүүд 182 оноогоор (5 алт+1 мөнгө+1 хүрэл) тасархай тэргүүлж, АНУ 115 (1 алт+2 мөнгө+2 хүрэл), Иран 98 (1 алт+1 мөнгө+2 хүрэл) оноогоор удаалав. Харин манай эрэгтэй бөхчүүд 23 оноогоор 15 дугаар байрт орсон. 
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Японы нядханууд 215 оноогоор тасархай тэргүүллээ. Наран улсын бөхчүүд Трнавад бүгд медаль зүүсэн бөгөөд зургаан алт, нэг мөнгө, гурван хүрэл хүртэв. Үлдсэн дөрвөн жинд ОХУ, Франц, БНХАУ, Молдавын бөхчүүд түрүүлжээ. Японы ард ОХУ 160 (1 алт+2 мөнгө+5 хүрэл) оноогоор аман хүзүүдэж, БНХАУ 127 (1 алт+1 мөнгө+2 хүрэл) оноогоор гутгаар байрт оров. Харин Украин 73 оноогоор дөрөв, манай улс 67 оноогоор тавдугаар байрыг эзэлсэн.
Ингээд Трнавагийн дэвжээнд манай бөхчүүд жин тус бүрт хэрхэн барилдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 57 кг (22 бөх): 1. Ахмед Идрисов (ОХУ) 2. Навеен Навеен (Энэтхэг) 3. Датон Фикс (АНУ), Арсен Арутюнян (Армен) ...12. Болдын Түмэнцогт (Монгол)
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Түмэнцогт тэгшитгэлд өсвөр үеийн Азийн аварга Японы Дайки Аракиг 4:4-ээр ялсан ч аварга болох ерөөлтэй ОХУ-ын Ахмед Идрисовт оноогоор цэвэр (0:11), дагах барилдаанд Казахстаны Рахат Калзанд 5:7-гоор ялагдсан. Казах бөхийг өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-д түүний дэвжээний анд Н.Насанбуян хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байв.
61 кг (26): 1. Абагажи Магомедов (ОХУ) 2. Рамаз Турманизе (Гүрж) 3. Сырбаз Талгат (Казахстан), Вазген Теванян (Армен) ...11. Дүгэрхоролын Жамсранжав (Монгол)
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Жамсранжав 1/8 шигшээд Чехийн Давид Коприваг оноогоор цэвэр (10:0) ялсан ч удаах даваанд БНСУ-ын Чо Мин Суд оноогоор цэвэр ялагдсан юм.
65 кг (26): 1. Сайын Казырык (ОХУ) 2. Амирхоссейн Азим Магсауди (Иран) 3. Николай Грамец (Молдов), Эрик Арушанян (Украин) ...7. Батбаатарын Буд (Монгол)
73 дугаар сургуулийн тамирчин Б.Буд тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Тилек Шаршеевийг 10:1-ээр ялсан ч 1/8 шигшээд Ираны Амирхоссейн Магсоудид оноогоор цэвэр ялагдсан. Дагах барилдаанд эзэн орны Балаж Хаксерийг ялсан ч Македоны Фати Веселид оноогоор цэвэр (5:15) ялагджээ.
70 кг (24): 1. Хажимурад Гажиев (Азербайжан) 2. Разамбек Жамалов (ОХУ) 3. Брэди Берг (АНУ) , Василь Дьякон (Молдав) ...15. Төмөрхуягийн Тэргэл (Монгол) 
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин Т.Тэргэл Унгарын Ботонд Гильяст 12-13-аар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
74 кг (27): 1. Кевин Льюис (АНУ) 2. Абубакр Абакаров (Азербайжан) 3. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Монгол), Девид Бетанов (ОХУ)
Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист оноогоор цэвэр (1:12) ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр (12:1) ялав.
79 кг (25): 1. Хайато Ишигүро (Япон) 2. Арон Маркел Брукс (АНУ) 3. Адлан Батаев (Украин), Орхан Абасов (Азербайжан) ...21. Баасандоржийн Цэрэндаш (Монгол)
Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Цэрэндаш тэгшитгэлд тэмцээний аварга болсон Японы Хаято Ишигүрод, дагах барилдаанд хүрэл медаль хүртсэн Украины Адлан Батаевт оноогоор цэвэр ялагдсан.
86 кг (25): 1. Ариф Озен (Турк) 2. Деепак Пунья (Энэтхэг) 3. Патрик Журовски (Унгар), Сейедаббасали Хашемжоубари (Иран)
Манай улсаас тамирчин зодоглоогүй.
92 кг (21): 1. Аббас Али Форутанрами (Иран) 2. Алишер Йергали (Казахстан) 3. Ерхан Яалачи (Турк), Ашхаб Хамзатов (Азербайжан) ...20. Чинбатын Алтангэрэл (Монгол)
“Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Алтангэрэл 1/8 шигшээд Узбекистаны Махсуд Вейсаловт цэвэр ялагдснаар тэмцээнээ дуусгасан.
97 кг (18): 1. Магомед-хан Магомедов (ОХУ) 2. Закери Самюэль Элам (АНУ) 3. Зурико Урташвили (Гүрж), Серик Бакытханов (Казахстан)
Энэ жинд манай улсаас тамирчин барилдаагүй.
125 кг (23): 1. Сослан Хинчагов (ОХУ) 2. Али Медат Баргоут (Канад) 3. Самхан Жабраилов (Молдав), Хасанбой Рахимов (Узбекистан) ...14.Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)
“Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл тэгшитгэлд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга АНУ-ын хүнд жингийн “Шинэ од” гэгдээд буй Гэбл Дэн Стивесонд 4:7-гоор дийлдэв.
Эмэгтэйчүүдийн 50 кг (21 бөх): 1. Юи Сүсаки (Япон) 2. Эллен Рйстерер (Герман) 3. Вероника Гурская (ОХУ), Марина Закшевская (Казахстан) ...10. Нандинцэцэгийн Анударь (Монгол)
Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тэгшитгэлд Тунисийн Сарра Хамдиг 4:1-ээр ялсан ч 1/8 шигшээд тус тэмцээний хүрэл медалийн эзэн болсон Казахстаны Марина Закшевскаяд 8:10-аар ялагдсан.
53 кг (18): 1. Үми Имаи (Япон) 2. Акенге Кеунимжаева (Узбекистан) 3. Батбаатарын Энхцэцэг (Монгол), Мария Тюмерекова (ОХУ)
“Аврагч” спорт хорооны тамирчин Б.Энхцэцэг тэгшитгэлд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Украины Вероника Рябоволоваг 10:5-аар ялсан ч 1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Актенге Кунимжаевад цэвэр ялагдсан. Дагах барилдаанд Болгарын Кремена Петроваг оноогоор цэвэр (10:0), энэ жилийн залуучуудын Европын дэд аварга Азербайжаны Татьяна Варансоваг 14:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Алиша Сью Хоукийг оноогоор цэвэр (11:0) тус тус ялав.
55 кг (16): 1. Саки Игараши (Япон) 2. Баяраагийн Халиунаа (Монгол) 3. Ху Жиажин (БНХАУ), Екатерина Вербина (ОХУ)
Б.Халиунаа 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр, хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д торолгүй түрүүлсэн Японы Саки Игарашид туршлага дутан оноогоор цэвэр (0:10) ялагдав.
57 кг (17): 1. Саша Андораханако (Япон) 2. Ки Жанг (БНХАУ) 3. Сара Йоханна Линдборг (Швед), Манси Манси (Энэтхэг) ...10.Балжиннямын Энхтүвшин (Монгол)
Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин 1/8 шигшээд Энэтхэгийн Манси Мансид оноогоор цэвэр (2:12) ялагдсан.
59 кг (19): 1. Анастасия Ничита (Молдав) 2. Саэ Нанжо (Япон) 3. Аншу Аншу (Энэтхэг), Татьяна Рыжко (Украин) 
Энэ жинд манай улсаас тамирчин зодоглоогүй.
62 кг (18): 1. Атена Кодама (Япон) 2. Набира Эсенбаева (Узбекистан) 3. Аурора Кампанья (Италия), Дарья Бобрулько (ОХУ)
Энэ жинд манай улсаас тамирчин барилдаагүй.
65 кг (15): 1. Миү Имаи (Япон) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Ирина Коляденко (Украин), Альбина Хрипкова (ОХУ)
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа 1/8 шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар, хагас шигшээд 2018 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Асли Демирийг цэвэр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайд оноогоор цэвэр (3:13) ялагдав.
68 кг (15): 1. Ханум Велиева (ОХУ) 2. Мэсей Эллен Килти (АНУ) 3. Алина Рудницкая-Левицкая (Украин), Мива Морикава (Япон) ...13. Энх-Амарын Даваанасан (Монгол)
“Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд БНХАУ-ын Ван Янд цэвэр ялагдсан.
72 кг (18): 1. Кумба Ларрок (Франц) 2. Евгения Захарченко (ОХУ) 3. Чен Фанвен (БНХАУ), Нарүха Мацүюки (Япон) ...17. Батболдын Намуунзаяа (Монгол)
Налайх дүүргийн тамирчин Б.Намуунзаяа 1/8 шигшээд тус тэмцээний хүрэл медалийн эзэн Японы Нарүха Мацүюкид оноогоор цэвэр ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн.
76 кг (12): 1. Хуан Юанюань (БНХАУ) 2. Эльмира Халаева (ОХУ) 3. Дениз Сабина Макота Строем (Швед), Ясүха Мацүюки (Япон) ...7. Ганбатын Ариунжаргал (Монгол)
“Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегег 3:2-оор ялсан ч шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюанд 2:10-аар, дагах барилдаанд Украины Анна Тисличенкод цэвэр ялагдсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.