Спорт


Б.Бат-Эрдэнэ эрчүүдээс цорын ганц медалийг авчирлаа

2 жил, 6 сар TIMES.MN

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ есдүгээр сарын 17-23-нд Словакийн Трнава хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, спортын мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирлаа. Энэ жинд залуучуудын ДАШТ-ээс гурав дахь тохиолдол болж байна. Түүнээс өмнө нь үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн ОУХМ Дамдингийн Баяраа агсан 1979 онд Улаанбаатарт, ОУХМ Баатарын Нямбаяр 2012 онд Тайландын Паттая хотод хүрэл медаль хүртэж байв.



Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист оноогоор цэвэр (1:12) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр (12:1) яллаа.
Түүний багш Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Батсайханы Идэрсайханд давхар баяр хүргэе. Б.Идэрсайхан Словакт гурван шавьтайгаа (Б.Халиунаа мөнгөн медаль хүртсэн) очиж, хоёр нь медаль хүртэж багшийгаа баярлууллаа.




Холбоотой мэдээлэл