Нийгэм


ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхандаа үүрэг өглөө

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Есдүгээр сарын 20-ны 15 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр, Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан, Архангай аймгийн зарим хэсгээр, Булган аймгийн ихэнх хэсгээр хур тунадас орж, нойтон цас, Сэлэнгийн нутгаар бороо орлоо. Мөн шөнө Сэлэнгэ төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна. 

 

 

Энэ  сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.  

 

22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад дараах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг даалгаж, чиглэл өгч байна. Үүнд,

 

  • Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах
  • Ургац хураалтын  шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  • Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

 

Мөн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүлж байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.