Улс төр


Х.Баттулга: Морин хуурын аялгуу, эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрэх болтугай

1 сар TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Улиастай сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын хаалт болоод 3030 морин хуурчдын хамтарсан тоглолтыг үзэж сонирхлоо.

“Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтад Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн 2000 гаруй сурагч хамрагдаж, сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалтад хамрагдсан юм.

Сургалтын хаалтын энэ өдөр сурагчид цэргийн маршт алхаж, тулааны үзүүлбэр, жагсаалын хөдөлгөөн, жагсаалын үзлэг зэрэг 14 хоногийн хугацаанд сурсан зүйлсээ эцэг, эх, Завхан нутгийн олондоо үзүүлж, сургалтаа амжилттай дуусгалаа.

Мөн 2011 онд 999 хуурч нийслэлийн төв талбайд морин хуур эгшиглүүлж байсан бол дараа нь 2222 хуурч болж, өнөөдөр Завхан нутагт аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс цугласан 3030 хуурч хуурын аялгуу эгшиглүүллээ.

Хуурчид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн Дуут нуур, Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Н.Жанцанноровын Монгол аялгууг эгшиглүүлсэн юм.

ХААЛТЫН ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Завханчууд аа,

Монгол Улсын өнцөг булан бүрээс энд хуран цугласан эрхэм хуурчид аа. 

Юуны өмнө Монгол бахархал 3030  морин хуурчдын хамтарсан тоглолтод сэтгэл оюун, үнэт цагаа зарцуулан хүрэлцэн ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Монгол Улс, монголын түүх, өв уламжлал, үндэсний соёлыг морин хуурын аялгуу товчхон илэрхийлдэг хэмээн гадаадынхан хэлсэн нь бий. Үнэхээр ч нүүдэлчдийн өв, бэлгэдэл болсон морин толгойтой, хоёр чавхдаст хуур хөгжмөөр хорвоогийн түмэн өнгийг илэрхийлдэг билээ.

“New York Times” сонин 2010 оны наймдугаар сарын 25-ны дугаартаа “…Монгол үндэстнийг нэгтгэсэн цорын ганц зүйл нь морин хуур ч байж мэднэ. Сэргэн мандлын замдаа шулуудсан морин хуур өнөөдөр эх орноосоо хальж, дэлхийн олон оронд дорнын соёлыг гайхуулан аялж явна…” гэж бичсэн байдаг.

Үндэсний үнэт өв болохынх нь хувьд 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн 17 тоот зарлиг гарч жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлдэг уламжлал тогтсон.

2003 онд ЮНЕСКО Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон билээ.

Завхан аймгийн үе үеийн удирдлагуудын санаачлагаар анх 999 хуурч нийслэлийн төв талбай дээр тоглож, дараа нь 2222 хуурч болон хүрээгээ тэлсээр өнөөдөр 3030 хуурч Монгол орны аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс Завханд цугларч морин хуурын аялгуугаар та бидний зүрх сэтгэлийг дүүргэн эзэмдлээ.

Монгол Улсын маань ирээдүй болсон хүүхэд залуусыг өвөг дээдсээрээ, түүх уламжлалыг хүндэтгэж, эх орон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, эх оронч үзэл, хүмүүжилтэй, оюунлаг зөв монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалт, хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөж байна.

Бүх оролцогчдод дахин чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол бахархал болсон морин хуурчид, үлгэр жишээ, зөв тэмүүлэл, эх оронч манлайлалтай сурагч хөвгүүд охидоороо бахархаж байна. Бусад аймгууд, хотууд энэ зүйлийг даган дуурайж, бахархаасай гэж хүсье.

Үүнтэй зэрэгцэн Завхан аймгийн Спорт цогцолбор нээлтээ хийж байгаа нь бахархалтай бас нэгэн зүйл боллоо. “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалт, хөтөлбөрийн жишгээр морин хуурын аялгуу эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрч, Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай.

Баярлалаа та бүхэндээ” гэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.