2018,9-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулъя

1 сар TIMES.MN

Жил ирэх тусам амиа хорлолт нэмэгдсээр байгааг судалгааны тоо баримтуудаас харж болно. Тэр дундаа өсвөр насныхны хувьд энэ тоо буурахгүй байгаа билээ. 


Амиа хорлолтод олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн хамгийн аюултай нь замбараагүй цахим хэрэглээ юм.




Цагдаагийн ерөнхий газраас иргэдийн мэдээлэлд тулгуурлан амиа хорлолт, элдэв зүйлд уриалан дууддаг пэйжүүдийг хаах аян эхлүүлээд байгаа. Энэ мэт иргэд болоод хүүхдүүдийн цахим хэрэглээг бууруулах, амиа хорлолтын шалтгааныг тогтоох, багасгах олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Гэхдээ хамгийн чухал нь ЕБС-ийн хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд эхлээд анхаарал хандуулах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байна. Олон улсад сэтгэлзүйн салбар дэвшилттэй хөгжсөн. Өндөр хөгжилтэй оронд өрх бүр зөвлөгөө үйлчилгээ авдаг сэтгэл зүйчтэй. Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд цөөхөн хэдэн сургууль л сэтгэл зүйч ажиллуулж байгаа аж.


МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ЗӨВЛӨВ


Энэ талаар БСШС-ийн ЕБС-ийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн “Хүүхдүүд өнөөдөр маш их эрсдэлтэй цаг үед амьдарч байна. Тухайлбал, цахим орчин, үе тэнгийнхнийх нь дарамт, гадуурхал, багш сурагчийн хоорондын харилцаанаас үүссэн сэтгэл зүйн хямралыг даван туулах хэрэгцээ зайлшгүй байна. Их хурлын байнгын хорооны 24-р тогтоолд “Сургууль бүр сэтгэл зүйчтэй байна” гэж заасан байдаг. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд БСШУСЯ-наас Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолд үүнийг тусгасан байгаа. хэрэв уг хууль дэмжигдээд батлагдвал сайн байна. Сургууль бүр сэтгэл зүйчтэй болохоос өмнө, ядаж бид эхлээд нийгмийн ажилтнууддаа анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтад хамруулж, чадавхижуулах хэрэгцээтэй байгаа. Тиймээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институцийн нийгмийн ажилтны сургалт олгох сургалтаар дамжуулж сургаж байна. Өнөөдөр олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудад сэтгэл зүйч ажиллаж байна. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн хэд хэдэн сургуульд сэтгэл зүйч ажиллаж байгаа” гэлээ.


Харин сургуулийн удирдлагуудын хувьд орон тоо нэмэх нь захирлуудын шийдэх асуудал биш. Хоёр сайдын тушаалаар л үүнийг шийдэх байх. Гэхдээ аль болохоор сэтгэл зүйч авч ажиллуулахыг бодож байгаа хэмээсэн юм.




73-р сургуулийн захирал С.Бөхзориг “Манай сургуулийн хувьд 1400 хүүхэдтэй. Үүнээс дотуур байранд 160 хүүхэд байдаг. Бүх хүүхдэд ганц нийгмийн ажилтан хүрч ажиллана гэдэг хүнд. Гэхдээ өнөөдөр асуудал ярихгүйгээр асуудлаа шийдэхийн тулд арга буюу сургуульдаа сэтгэл зүйчийн орон тоо гаргаж ажиллуулж үзэхээр шат шатанд нь хөөцөлдөж байна. Гэхдээ үүнийг ганц удирдлага шийддэггүй, хоёр сайдын тушаалаар орон тоо гаргадаг юм байна” гэв.


Орон тоо нэмэх нь нөгөөх л эрхэм гишүүдийн мэдэх асуудал аж. Хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө гэж хэдэн цүнх бэлэглэж байснаас хуульд нь энэ өөрчлөлтийг оруулаад өгвөл олон хүүхдийг зөв замд нь хөтлөх юм даа.



Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
2 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.