2018,9-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Нобелийн шагналт эрдэмтний "Цаг хугацаа ба орон зай" сэдэвт лекцээс онцлох эшлэл

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд оролцох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцийг өнөөдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүйгээр зохион байгууллаа. 


Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын нейросайнсын нийгэмлэг; хамран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан ажилласан юм.


Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч П.Магистретти "Тархи судлал-21 р зууны тэргүүлэх шинжлэх ухаан" сэдвээр лекц тавьсан бол Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер "Цаг хугацаа ба орон зай" сэдвээр лекц уншлаа. Ингээд түүний хүндэтгэлийн лекцээс онцлох эшлэлийг хүргэе. 


-Би өнгөрсөн 30 жилийг тархи судлалд зарцуулж байна. Тэр дундаа тухайн хүн хэрхэн чиглэлээ тогтоож, орон зайн баримжаа авдаг, яаж ой тогтоолтоо удирддаг талаар судалсан. Бид энэ судалгаагаар дамжуулж эмчилгээгүй гэгдээд байгаа мэдрэлийн гаралтай өвчлөл, алцаймер өвчлөлийг эмчлэх арга замыг судалж байна. Магадгүй тав, арван жилийн дараа эмчлэх арга замууд нь нээгдэх байх. Орон зай болон цаг хугацааны хамаарлаас ой санамж үүсдэг. Орон зайны талаар бид маш сайн судалсан. Харин цаг хугацааг яаж хүлээж авдаг талаарх судалгаа маш бага бий. Тиймээс энэ тал дээр анхаарал тавьж судалж байна.

-Хэрвээ бид зөв замаа олж явж чадахгүй бол яах вэ?

-Хоол хүнсээ олох, аюулгүй байдлаа хангах гээд өдөр тутмын бидний хэрэгцээг тархи удирддаг.

-Тархины эсүүдийг судлахад маш хэцүү бөгөөд тархи судлаачид 100 жилийн өмнөөс үүнийг хархан дээр судалж эхэлсэн.

-Тархи судлаачид ямарваа нэг үйл ажиллагаа, зүг чиг олох чадвар нь хөхтөн амьтанд бүгдэд нь ижил байдгийг тогтоосон.

-Хүн эхлээд тархиндаа газрын зураг буулгадаг гэдгийг эрдэмтэд тогтоосон ч үүнийг судлах, тайлбарлах боломж байгаагүй.

-1950-иад оноос томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Эсээс мэдээлэл бүртгэх боломж бүрдсэн.

-1970-аад онд хархны тархинд электрод суурилуулж, янз бүрийн орчинд чөлөөтэй явуулж байрлалын эсийг тогтоосон бол үүний дараагаар орон зайг бүртгэн авч буй торон эсийг тогтоосон. Торон болон байрлалын эс нь бүх хөхтөн амьтанд байдаг бөгөөд 2005 онд торон эсийг сарьсан багваахайд байгааг олж нээсэн юм.

-2008 онд хүний тархийг луужин шиг ажиллуулдаг хүрээ эсүүдийг нээсэн.

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд дундаж наслалт нэмэгдсээр байгаа. Үүнээс шалтгаалж дэлхийн хүн амын 1-20 хувь нь өвчилдөг АЛЬЦГЕЙМЕР буюу мартах өвчний тоо улам нэмэгдэнэ.

-Тархины цаг хугацаа болон орон зайн хамаарлыг судалснаар уг өвчнийг бүрэн эмчлэх аргыг олж чадахгүй ч эрт үед нь оношлох, эмчилгээний шинэ горимыг гаргаж авах боломжтой юм. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.