2018,9-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Ж.Бяцхандай: Хөрсөө зөв бэлдэж чадвал хүнсний ногоо хаана ч ургана

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Иргэдийн оролцоо-Ойн аж ахуй”-н сургалтыг “Ногоон Ази Сүлжээ” ТББ энэ сарын 11-21-ний хооронд Нийслэлийн зургаан дүүрэгт явуулж байгаа билээ. Энэ сургалтыг Нийслэлийн Байгаль Орчны Газартай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа юм.




Сургалт өчигдөр Хан-Уул дүүргийн иргэний танхимд болсон бөгөөд

-уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтөөс үүдсэн хохирлыг иргэдэд мэдүүлэх байгаль орчны сургалт

-уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах болон цөлжилтийг бууруулах ойжуулалтын сургалт

-иргэдийн бие даах чадварыг нэмэгдүүлэх, жимс жимсгэнийн мод, нарийн ногоо тариалалт зэрэг сургалтууд явагдлаа.


Нарийн ногоо, мод, жимсний модыг хаана ч тарих боломжтой. Хамгийн чухал нь хэрхэн тариалах, арчлах арга техникийг нь мэдэж байхад айл өрх бүр хашаандаа, орчиндоо өөрийн хүссэн зүйлээ тарьж, ургуулах боломжтой гэдгийг сургалтын багш нар онцолсон юм.


Хүнсний ногоог хэрхэн тариалах талаар “Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Бяцхандайгаас тодрууллаа.




-Өнөөдрийн сургалтаар иргэдэд ямар төрлийн мэдлэг олгохыг зорьсон бэ?

-Энэ сургалтаар хүнсний ногоо тариалах нь ямар ач холбогдолтой вэ, хүнсний ногоог зөв тариалж сураад эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах, баталгаатай эрүүл ургуулахын тулд юуг анхаарах ёстой талаар иргэдэд зөвлөгөө өглөө. Сургалтын хугацаа бас бага учир тэр бүр бүх зүйлийг хэлж өгч чадахгүй байна. Мөн хашаа, талбайгаа зөв төлөвлөх, хүнсний ногоо тариалах бэлтгэлээ зөв хийх, өөрсдийн хэрэгцээндээ тариалах уу, зарж борлуулах уу, фермерийн аж ахуй эрхлэх үү, томоохон аж ахуй эрхлэх үү гээд шат бүрд нь тохирсон заавар зөвлөмжийг өгөхийг хичээлээ. Түүнчлэн ирэх жил үрслэг ургуулах аргыг нь зааж өглөө. Үрслэг ургуулахын тулд намраас эхлэн хөрс, байр, үрслэгийн саваа бэлдсэн байх ёстой.


-Хүнсний ногоог хүлэмжид ургуулах ёстой юу, эсхүл ил талбайд тарьж болох уу. ямар төрлийн ногоог ил талбайд тариалдаг вэ?

-Хүнсний ногоог хүлэмжид ч, ил талбайд тарьж болно. Хүлэмжид тарьснаар илүү ургац авах боломжтой. Мөн шим тэжээл ихтэй помидор, чинжүү, өргөст хэмх зэргийг хүлэмжид тариалах нь зөв. Хүлэмжийн хувьд гаднаас худалдаж авдаг. Үнэ өртгийн хувьд өндөр байдаг нь хэцүү болохоос болж өгвөл хүлэмжид тариалбал аль ч талаараа сайн талтай.


-Иргэдийн хувьд гар аргаар хүлэмж хийчихдэг. Энэ нь хэр үр өгөөжтэй байдаг юм бол?

-Үр өгөөжтэй. Өмнө нь бид модоор хүлэмж хийгээд гялгар уутаар дардаг байсан. Харин сүүлийн үед бас төмрөөр хийдэг боллоо. Гялгар уутны хувьд зах зээр зарагдаж буй барааны хучлагын зориулалттай нийлэг хальс 45-60 хоноод л урагддаг. Тиймээс намрынхаа ургацыг авч чаддаггүй. Хүлэмжийн хамгийн гол давуу тал нь хавар ургацын ургамал ургах хугацааг эртдүүлэх, намар ургац хураалтыг хойшлуулах юм. Гаднаас импортоор оруулж ирж буй нийлэг хальсны хувьд зах дээрээс худалдан авсан гялгар уутнаас 4-5 дахин үнэтэй хэдий ч гурваас дөрвөн жил ашиглагддаг. Мөн дахин дахин солих хөдөлмөрийг багасгаж өгдөг. Тиймээс зориулалтын нийлэг хальс авч хэрэглэхээс өөр аргагүй.




-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот улам тэлж, гэр хорооллын иргэдийн тоо ч мөн нэмэгдээд байгаа. Эдгээр иргэдийн хувьд уулархаг, чулуу ихтэй газар бас амьдарч байна. Хүнсний ногоо газар гол нь гэж байх уу, чулуу, хад ихтэй газар ургахгүй гэдэг ч юм уу?

-Ер нь хүнсний ногоо ургах тохиромжтой хөрсөө боловсруулах л хэрэгтэй. Уулархаг газар байлаа ч чулуугаа түүж цэвэрлээд 25-30 см хөрс болж байгаа эсэхийг хар. Хэрэв болохгүй бол ургамал ургах тохиромжтой хөрс бэлдэнэ. Хөрсөө нэг бэлдсэн байхад тэнд насан туршдаа ургамал ургах талбар болно.


-Хавар хэдий үед ногоогоо тариалбал зохимжтой байдаг вэ?

-Хүнсний ногооны ил талбайн хөрс бэлдэх ажил Монгол орны нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас эхэлдэг. Түүнээс өмнө хөрс гэсдэггүй. Тариалалтын хувьд тавдугаар сарын 15-наас эхлэн тариалдаг. Харин хүлэмжид гуравдугаар сарын дунд үеэс эхлэн хөрс гэсчихдэг. Тэгэхээр тэр үеэс хөрсөө боловсруулж, ногоогоо тарих боломжтой. Гэхдээ давхар хучлага, түнээл хийхгүй бол ургамал хөлдөх эрсдэлтэй. Манжин, лууван, төмсийг ил талбайд тарих нь илүү тохиромжтой. Ер нь дулаанд дуртай, чийг их шаарддаг ургамлыг хүлэмжид тариалдаг.




Сургалтад хамрагдсан иргэд өрхийн аж ахуй эрхэлж, хэрэгцээнийхээ ногоо, жимсээ тариалах сонирхол ихтэй ч арга техникээ мэдэхгүйгээс шантрах, болих тохиолдол байдаг. Тиймээс уг сургалтаас өөрсдийн эргэлзсэн, сонирхсон зүйлдээ хариултаа авч чадсан. Цаашид ийм төрлийн сургалтыг үе шаттайгаар хийгээсэй хэмээсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.