2018,9-Р Сар,11


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Н.Номин-Эрдэнэ: Хилийн чанадад байгаа хүүхдүүд Монгол хэл, соёлоо сурах боломж бүрдэнэ

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Уулзалтыг Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТТБ-тай хамтран зохион байгуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.




Гурав дахь удаагаа болж байгаа уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй төлөөлөл оролцох аж.


Одоогоор хилийн чанадад ажиллаж, амьдардаг 200 мянга орчим иргэд байгаа бөгөөд тэдэнд эрх зүй, нийгмийн асуудал, хилийн чанадад сурч буй хүүхдүүдийн хэл, соёлын асуудал гээд олон асуудал байдаг. Энэ мэт чухал асуудлыг уулзалтаар дэлгэрэнгүй ярилцана гэдгийг Гадаад харилцаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг онцолсон юм. Мөн тэрбээр “Соёлын элчийн 39 төлөөлөл байгаагаас 21 нь маргаашийн уулзалтад оролцоно. Энэ нь соёлын элч нарыг нэгдсэн мэдээлэл, чиглэлээр хангах, хоорондын үйл ажиллагааных нь уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Мөн дотоодын компаниудын төлөөлөл оролцоно. Ингэснээр гадаадад сурч, ажиллаж байгаа залуус маань Монголд байгаа ажлын байрны талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.

Нэн түрүүнд бидний анхаарч, ярилцах асуудал нь

1. Хилийн чандад байгаа иргэдийн нийгмийн асуудал /нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж/

2. Гадаадад суралцаж буй Монгол оюутнуудын асуудал /суралцаж байгаа болон төгсөөд ирсэн оюутнуудын ажлын байрны асуудал/

3. Хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүдийн хэл, соёлын асуудал” гэлээ.


Энэ мэт асуудлаас гадна Монгол иргэдийн эргэн суурьших асуудал чухал байна. Гадаадад байгаа монголчуудын дийлэнх нь эргэж Монголдоо очиж, эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэлтэй байдаг. Тухайлбал, Монголбанкны мэдээллийн сангаас авсан мэдээллээр энэ оны эхний зургаан сарын байдлаар 136 сая ам.долларыг Монгол иргэд эх орон луугаа шилжүүлсэн байна. Энэ нь эх орондоо оруулж буй бага ч гэсэн хувь нэмэр гэдгийг мэргэжилтнүүд онцлон дурдлаа.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Өмнөх уулзалтаар гадаадад байгаа оюутнуудын нэгдсэн мэдээллийн сантай болно гэж байсан. Мөн гадаадад байгаа хүүхдүүдийн хэл, боловсрол, нийгмийн асуудалд анхааръя гэдэг зүйл яригдаж байсан. Энэ мэт хөндөгдсөн асуудлууд ажил хэрэг болж чадсан уу?



“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номин-Эрдэнэ

-Өнгөрсөн жилийн хичээлийн жилээс сургалтын жишиг хөтөлбөр гэж батлагдсан. Үүний дагуу цахим сурах бичиг хэрэгжих гэж байна. Ингэснээр хилийн чанадад, хаана байгаагаас үл хамааран хүүхдүүд Монгол хэл, соёлоо сурах боломж бүрдэнэ. Харин нэгдсэн мэдээллийн сангийн хувьд өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор оюутан залуусын анхдугаар уулзалтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Тухайлбал, "Үндэсний хөгжлийн газар"-т цахим шилжилт гэж Монголын зорилтот бүлгийн хүмүүсийг бүртгэлд хамруулж, мэдээллийн сан үүсгэх ажил хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" "Үндэсний хөгжлийн газар"-тай хамтран ажиллахаар болсон.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.