2018,9-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


“Тэд гэр бүл, үр хүүхэд, амьдралаараа хэлмэгдсэн”

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.




Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байдаг.




Цагаатгалаа гээд ном, бичигт нэрийг нь оруулсан ч энэ өдрийг, тэдний түүхийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэлмэгдсэн хүмүүс ганцаараа хэлмэгдээгүй гэр бүл, ах дүү, хамаатан, амьдралаараа хэлмэгдсэн. Үр хүүхэд, эхнэрийг нь гадуурхаж, ажил хөдөлмөр эрхлүүлдэггүй байсан. Өнөөдөр зөвхөн буудуулж нас барсан хүмүүсийн ар гэрд мөнгө өгөх бус бүх хэлмэгдсэн хүмүүсийн хойч үед ижил тэгш хандмаар байна. Хөдөө малынхаа бэлчээрт юугаа ч мэдэхгүй яваа хүмүүс олон бий. Ялгаварлан гадуурхахгүйгээр нэг өрөө байрыг нь олгохыг шаардаж байна. Мөн нэг сая төгрөгийг хэлмэгдсэн хүний ар гэрд олгосон хэдий ч энэ нь бас дутагдалтай. Тэр нэг сая төгрөгийг тухайн гэр бүлийн хэдэн хүн хувааж авч байна гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад хүн бүрд нэг саяыг өгчихөж болохгүй байгаа юм бэ. Энэ гашуун, эмнгэнэлтэй өдрийг бид хэзээ ч мартаж болохгүй. Түүхээ мартвал ойд төөрсөн сармагчин луугаа адил гэдгийг байнга санаж явах хэрэгтэй” хэмээн эцэг эх, өвөг эцгээ цаг бусаар хэлмэгдүүлэлтэд алдсан ар гэрийнхэн нь онцолсон юм.




Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээлснээр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгын хүрээнд хэлмэгдэгчийн намтрын 40 гаруй судалгааны ном товхимол, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” баримт бичгийн эмхэтгэл зэрэг 20 боть ном, 30,378 хэлмэгдэгчийн мэдээллийг багтаасан ”Цагаан ном”-ын 1-4 ботийг хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.




Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ болох 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, харин амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож нийт 357 иргэнд 3.3 тэрбум орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламж олгожээ.









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.