Эдийн засаг


Д.Сумъяабазар: Тавантолгойн ордоос олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах ажлууд эхэлсэн

9 сар, 3 долоо хоног TIMES.MN

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгын чуулган өнөөдөр эхэлээ. Хоёр өдөр зохион байгуулах чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын  ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож буй юм. “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, МУУҮА, Монголын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм. Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй чуулганы  эхний өдрийн үндсэн хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэллээ. 


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү чуулганыг угтан тѳр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тѳлѳѳллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлэг ѳрнүүлж, ѳнѳѳгийн уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг нээлттэй ярилцаж, ойлголтоо нэгтгэсэн нь бидний цаашдын ажлуудын тулгуур болох юм” гэж онцоллоо. Тэрбээр, мөн “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татаж ажиллах нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд миний хувьд тэргүүн зорилтоо болгон ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр  дэлхийн зарим орнуудын санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэдгийг хөрөнгө оруулагчдад хэлээд уул уурхайн салбарын өнөөгийн байдал, томоохон төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээллийг хүргэе.    

 

Өнөөгийн байдал


Уул уурхайн салбар нь 2017 оны байдлаар манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна. Уул уурхайн олборлох салбар нь 2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал тус тус олборлож амжилт бүтээлээ ахиулж ажиллалаа.  

 

Тавантолгой  


Монгол Улсын Их Хурлаас “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолыг саяхан баталлаа. Мөн түүнчлэн Засгийн газрын холбогдох тогтоолууд гарч, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс дэмжсэн шийдвэрүүд гарлаа. Улс төрийн гол намууд, улс төрийн институциуд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдээд байна.


Эрдэнэс Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах ажлууд хийгдэж байна.

Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглах болно. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх болно.


Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нүүрсний давхаргын метаны хйгауул олборлолтыг эхлүүлж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Бидний өмнө бизнесийн асар их боломжууд байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эрдэнэс Тавантолгойн IPO-гийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт 5 орчим тэрбум долларын арав гаруй төсөлийн санхүүжилтыг шийдэж, Монголын улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгийн зах зээл идэвхижиж, ажлын байр нэмэгдэж, татвар төлөлт ихээхэн нэмэгдэх болно.

 

Оюутолгой


Дэлхийн хэмжээний Оюутолгойн зэс-алтны ордын ил уурхайн олборлолт амжилттай өрнөж, далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж өнөөдрийн байдлаар 15,000 хүн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Оюутолгой төсөл бол харилцан ойлголцолд тулгуурласан, Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай, тасралтгүй үйл ажиллагаатай төсөл байх ёстой гэсэн бидний байр суурийг  бидний сайн түнш Рио Тинто компани ч мѳн хүлээн зѳвшѳѳрдѳг. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэхүү ажлын хэсэг нь Оюу толгой компани болон Монгол Улсын төрийн цаашдын хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан ойлголцолд хүргэнэ гэж найдаж байна. Хамтрагч түншүүдтэйгээ татвар, хүүгийн зардал бууруулах, зардлын хэтрэлтийг хязгаарлахад чиглэсэн яриа, хэлэлцээр өрнүүлж, тохиролцоонд хүрэх шаардлага байгаа бөгөөд энэ нь хамтын ажиллагааны хэвийн процесс бөгөөд Оюу Толгойн бүтээн байгуулалтад саад тотгор учруулахгүй гэдгийг хэлье.   


Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу тус компани нь эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр судалж, хүчин чармайлт гаргаж ажиллахаа удирлагууд нь илэрхийлээд байгаа. Зөвхөн Оюутолгой төсөл төдийгүй өмнийн говийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэгтэй цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ гэж найдаж байна.


Цаашид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчим хүчний хангамжийн асуудал, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нэмүү өртөг шингэсэн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах чиглэлээр үе шаттай ажиллах болно.

 

Геологи, хайгуул


Монгол Улсад 2018 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Өнгөрсөн сард Засгийн газрын 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, нийт 8.5 сая гектар талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна. Цаашид бид геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геологийн нөөц, бололцоогоо бүрэн танин мэдэх чиглэлээр ажиллах болно. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, мэдээллийг ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ.


Геологи хайгуул бол уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлдог, бодлого, хөгжлийн стратегиа боловсруулах, байгалийн баялгийн зөв менежментийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой учир Засгийн газар болон яамны зүгээс онцгой анхаарал хандуулж байна.

 

Нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэл


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэтхэг Улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг өнгөрсөн зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумд тавьлаа. Уг үйлдвэр байгуулагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэх юм. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, төмрийн хүдрийг боловсруулж дотооддоо ган үйлдвэрлэх чиглэлийн төслүүд хэрэгжиж, төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байна. Мөн Таван толгойн ордыг түшиглэн нүүрс угаах, нүүрс-химийн үйлдвэрүүд баригдаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.

 

Бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалт


БНХАУ-ын Бүс ба зам, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөр, “Хөгжлийн зам”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид нэгдэж, бүс нутгийн орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломж бүрдүүлэхээр яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Тиймээс “Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай” сэдэвт хэлэлцүүлэг та бүхний сонирхлыг илүүтэй татах байх гэж бодож байна.

Улаанбаатар хотноо 2018 оны зургадугаар сард 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна. Түүнчлэн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Тавантолгой–Зүүнбаян, Зүүнбаян-Ханги боомт, Эрдэнэт-Овоот-Арцсуурь боомт чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар тогтсон. 


Дээр дурдсан УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам, цахилгаан станц барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэх болно. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулаад байна. Бид мөн Ханги-Мандал боомтоор төмөр замын хоёр дахь гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр хятадын талтай яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Төмөр замын хоёр гарцтай болсноор манай хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, илүү хямд өртгөөр уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэх юм. Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлэн Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам барих чиглэлээр Засгийн газраас шийдвэр гаргасан.   Ийнхүү дэд бүтэц бүрдүүлснээр манай улсын ашигт малтмалын ордуудын үнэ цэнэ өсч, эдийн засгийн бодит өсөлт ирэх болно.

 

Цаашдын хамтын ажиллагаа


Уул уурхайн салбараас олж буй орлогын менежментийг сайжруулах, өнөө болон хойч үедээ шударгаар хуваарилах, оролцоог хангасан өсөлтийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний Баялгийн сан байгуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна.




Холбоотой мэдээлэл


4.6 кг алт экспортолжээ
4.6 кг алт экспортолжээ
15 цаг, 33 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.