2018,9-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Г.Занданшатар: Иргэдээ сонсдог, хамтран шийдвэр гаргадаг төрийн үйлчилгээг бий болгоно

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

 “Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулган төрийн ордонд эхэллээ.




Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар Азийн 11 улсын 22 байгууллага сайн засаглал болон шууд ардчилалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцах аж. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршиж байгаа юм. Үндсэн хуулийн хүрээнд засаглалын реформ хийх замаар “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн алба”-ыг төлөвшүүлнэ. Ингэснээр хуулийг дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглалыг бэхжүүлэх суурь харилцаа бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Төрийн алба нь тогтвортой нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахын төлөө ажиллах зарчмыг мөрдлөгө болгоно. Засаглалын реформын хүрээнд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн 2019 оноос мөрдөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хуулийг шинэчлэн хэрэгжүүлснээр тогтвортой, чадвартай төрийн албыг бэхжүүлэх, иргэдээ сонсдог, иргэдтэй хамтран шийдвэр гаргадаг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгоно" хэмээв.




2013 онд байгуулагдаж, одоогоор Азийн 12 орны нийт 125 төрийн болон төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн ЛОГИН нь нутгийн удирдлага болон төвлөрөл сааруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын засаглалын байгууллага юм.


Тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын багийн ахлагч Прийта Лалл “Монголын Засгийн газар өөрийн улсад болж буй, өөр улсад хэрэгжиж болохуйц туршлагаа харамгүй хуваалцдаг. Ялангуяа төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх "Нэг цонхны үйлчилгээ"-ний загвар, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх янз бүрийн орон нутгийн санаачлага, бодлогын түвшинд хийж буй ажлууд болон сонгогдсон эмэгтэй төлөөлөлөгчдийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр маш олон ажлууд амжилттай хэрэгжүүлж байна. Тиймээс дээрх бүх сэдвээр Монгол улсын туршлагыг гишүүн бусад улсдаа таниулах зорилгоор энэ удаагийн чуулганыг Монголд хийж байна. Дашрамд хэлэхэд Монгол Улс туршлагаа хуваалцахаас гадна бид бас 12 улсын туршлагыг авчирч байна” гэлээ.




Харин Швейцарын хөгжлийн агентлагийн Өмнөдийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Куэнод Жан-Франсуа “Засаглалыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Орон нутгийн үйл ажиллагаа болоод хэрхэн шийдвэрээ гаргаж буй талаар төв засгийн газарт хариуцлага хүлээлгэхээс гадна бас иргэддээ хариуцлага хүлээлгэж, мөн давхар иргэдийн дуу хоолойг шийдвэрт гаргаснаар засаглал илүү бэхжинэ. Өнөөдрийн чуулгад оролцож буй бүх улс засаглалаа бэхжүүлэхийн тулд иргэдээ идэвхтэй байлгаж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргахдаа тусгадаг. Ингэснээр иргэдийн идэвх нэмэгдэж, шийдвэр гаргалтын түвшин, үйл ажиллагаа нь сайжирснаар иргэдийн сэтгэл санаа сайжирч орон нутаг болоод төрд итгэх итгэл нэмэгдэнэ” гэж тайлбарлав.




Чуулганд Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ ОУ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид болон яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, зарим ТББ-ын ажилтан оролцож байна. Нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд тус тус ажиллаж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулах юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.