2018,8-Р Сар ,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Евразид маш ховорт тооцогдох, Сяньбигийн үеийн олдворуудыг дэлгэлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын Үндэсний Музейн судлаачид АНУ, Олон улсын түрэг академи, БНСУ, БНХАУ-ын эрдэмтэдтай хамтарсан археологийн зургаан төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Дээрх төслүүдийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалыг малтан судалсан бөгөөд энэ үеэр олдсон олдворуудыг өнөөдөр анх удаа дэлгэн танилцууллаа.




Монголын Үндэсний музейн судалгааны баг 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Айрагийн Гозгор хэмээх газарт малтлага явуулсан бөгөөд уг дурсгалт газар орших 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулсан байна. Булшнаас олон тооны хөмөгт оршуулга илэрсэн нь БНХАУ-ын ӨМӨЗӨ-ны нутагт малтан судалсан Сяньбичуудын оршуулгуудтай адил байсан нь нотлогджээ. Он цагийн хувьд эдгээр булшнууд нь нийтийн тооллын өмнөх III зууны үед үйлдсэн болох нь батлагдаж байгаа бөгөөд палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд хүннү болон Сяньби нартай холбоотой болох нь тогтоогдсон байна.




Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр "Малтлага судалгааны үр дүнд Айрагийн Гозгор Сяньбийн үед холбогдох нь тодорхой болоод байна. Мөн Түрэгийн үед холбогдох хүн чулууны тоог хоёроор нэмэхээс гадна ваар савны хагархай, тахилгын зан үйлд Монголын түүхэнд шинээр бичигдэх олдвор, хэрэглэгдэхүүнүүд олдсон. Бид уг малтлагыг хийхийн зэрэгцээ Орхон аймгийн музейтэй хамтран ажилладаг. Түүнчлэн энэ жил Олон улсын Түрэг академитай хамтарсан Хэрлэн төслийг хэрэгжүүлсэн" гэв.




“Шийтэр” төсөл: Төв аймгийн Цээл сумын нутаг Шийтэр хэмээх газар байрлах хүннүгийн дурсгалт газар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус онд БНХАУ-ын Үндэсний музейн судлаачидтай хамтран 3 булш малтжээ. Булш нь 10.8м-ийн голчтой, дугуй хэлбэрийн чулуун дараастай байсан бөгөөд 271 см гүнд, дүнзэн хашлагатай, банзан авсанд хүнийхээ толгойг зүүн урагш хандуулан оршуулсан байжээ. Энэхүү үндсэн оршуулгын зүүн талаас бага насны хүүхэд оршуулсан  хоёр дагуул булшийг илрүүлсэн байна. Нэг дараасны дотор 3 хүнийг тус тусад нь оршуулсан тохиолдол нэн ховор бөгөөд оршуулгын өвөрмөц зан үйл юм.


“Хэрлэн” төсөл: Монголын Үндэсний Музей, Олон улсын түрэг академи хамтран Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Хаяа худаг, Гүн бүрдэд орших Түрэгийн тахилын онгон, барилгын туурь, хүн чулуун хөшөө зэрэг археологийн дурсгалуудыг малтан судлах, хадгалж хамгаалах ажлуудаг явуулж байна.




“Баруун Монгол” төсөл: Монголын Үндэсний Музей, АНУ-ын Баруун Kентакигийн их сургуулийн хамтарсан “Баруун Монгол” археологийн төсөл Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт хэрэгжсэн. Замын үзүүр хэмээх газарт малтсан Афанасьевын соёл хурлын эхэн үе НТӨ IV-II мянган жилд холбогдох дурсгалуудаас ямар нэгэн оршуулга илрүүлээгүй боловч дараас чулууны завсраас 200 гаруй ширхэг ваар савны хагархай мөн тооны мал амьтны ясны хагархай хэсгүүд болон 5 ширхэг чулуун сүх, цөөнгүй тооны чулуун зэвсгийн зүйлсээс гадна нохойны эрүүний яс гарсан нь сонирхолтой олдворын нэг аж. Мөн Гялгарын өвөлжөө хэмээх газраас ирүүлсэн Дээд палеолит хүртэлх үед хамаарч болох 13 давхарга бүхий 170 см зузаан соёлт давхаргыг илрүүлэн олсон нь судалгааны чухал үр дүн болжээ. Ийм олон үеийн мэдээлэл агуулсан соёлт давхаргын судалгаа Монгол улсад төдийгүй Евразид маш ховорт тооцогдох юм. 


Олдворуудыг Монголын Үндэсний музейд хадгалах ба музей өмнө нь Хүннү, Түрэг үеийн танхимтай байсан бол одоо Хүннү, Сяньби, Түрэг гэх танхимуудад салгаж тавихаар болсон байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.