Аналитик


10 ЦАГ...

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Жилдээ ховорхон олдох амралтын хэдхэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх, үр хүүхдээ салхи савирт гаргаж хотын бүгчим, шороо тоостой агаараас хэсэг хугацаанд хол байх боломж тохиодог. Энэ боломжоо ашиглан бөөр нь өвддөг хүүхдээ сувилуулахаар хоёр хүүхдээ, буурал аавтайгаа дагуулан Дорноговийн Энергийн элс гэх сувилалыг зорилоо. Улаанбаатараас 470 км буюу Сайншандын урд талд байрлах элсний сувилалынхан биднийг гал тэргээр очихоор тосоод авахаар болоод бямба гарагийн орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэгний оройн суудалд суусан юм.  Галт тэрэг өглөө 06:45-д Сайншандад хүрнэ гэж өвөө нь охинд минь хэлээд хоёулаа “6:45” гэх дууг дуулсаар бидний аялал эхэллээ. /Чингис хаан хамлагийн Жаргалсайханы дуу/


 Оройны суудлын зорчигчид  удалгүй амарцгааж бид ч унтлаа. Галт тэрэгний жигдхэн хөдөлгөөн, явах эд ангийн чимээнд бүүвэйлэгдээд бүгд давсандаа явжээ. Гэнэт хүчтэй чимээнээр би орноосоо доош унаж бага хүүхэд минь миний дээрээс шигдээд ирэх нь тэр. Хүүхдээс минь гадна дээр орон дээр байсан ширээн дээр байсан ундаа ус, аяга, дээр орон дээр байсан орны бүтээлэг гээд сул байсан бүх зүйл унаж иржээ. Нөгөө талд унтаж байсан охин аав хоёр минь энерциэрээ ханаа мөргөж тогтож үлджээ. Та нар минь зүгээр үү гээд өндийтөл охины минь нүүрийг дагаад цуг урсаж байхад эх хүний сэтгэл яаж тайван байх билээ. Хаанаа гэмтсэн, нүд нь гэмтчихэв үү гээд сандраад юугаар нүүрийг нь арчихаа мэдэхгүй барьж тавиад сандрал дийлдэхгүй хэцүү байдгийг дараа нь л бодож байна. Галт тэрэг ингэж хүчтэй зогсохгүй нэг юм боллоо гэж аавтайгаа ярилцаад купеныхээ хаалгыг онгойлгох гэтэл онгойдоггүй. Харин цаана нь үйлчлэгч сандарч гүйгээд байгааг сонслоо. Нэлээн удаан оролдож байтал гаднаас үйлчлэгч онгойлгож өгөөд:

-Та нар зүгээр үү?

-Бид зүгээрээ, юу болов?

-Галт тэрэг замаасаа гараад уначихлаа. Олон хүүхэд байсан хэдэн хүүхдүүд нь зүгээр байгаасай. Яанаа залуучуудаа гүйгээрэй унасан вагоноос хүмүүсийг гаргахад туслаарай  гээд гүйв.


Бусад тасалгааны хаалгыг ч тэр үйлчлэгч гаднаас нь онгойлгож өгсөн бололтой хүмүүс юу болж байгааг ч ойлгохгүй гайхсан байдалтай гарч ирж байлаа. Манай вагон цөөхөн зорчигтой зарим тасалгаа нь хоосон явсан болохоор манай хажуугийн тасалгаанд байсан хоёр залуу гүйхээрээ гарлаа. Бусад нь дандаа хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүд, настайчууд. Цонхоор хартал хоёр талаар маш өргөн гол урсаж цаашлаад говьд үзэж байгаагүй нуур тогтчихжээ. Цагаа хартал 05.00 цаг. Охин минь айж сандраад “Ээжээ манай вагон салаад үлдчихсэн үү, юу болоод байнаа, бид нарыг салгаад орхисон юм уу” гээд учрыг үл ойлгож ядсан асуултууд толгойд эргэлдэх бодолтой зэрэгцэн юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй, ийм байдалд юу хийхээ мэдэхгүй сандарч гарав.


Хүчтэй аадар бороо асгаж уснаас өөр юу ч харагдахгүй, дөнгөж гэгээ орж эхэлж байхад юу болоод байгааг харж ойлгоход хэцүү. Манай вагон руу уйлсан, норсон, хөл нүцгэн хүүхдүүдийг тэвэрсэн эхний хүмүүс орж ирэхэд л бодит байдлыг бүрэн мэдэрсэн юм. 11-12 настай хүү “Миний дүү хаана байна. Би дүүгээ хармаар байна. Дүүг минь олоод өгөөч, та нар дүүг минь авчихлаа. Би ээж аавдаа юу гэж хэлэх юм. Би дүүгээ өөрөө олно” гэж бахирсаар орж ирлээ. Вагонд уйлж байсан хүүхдүүд бүгд чимээгүй болж ээжүүд  яанаа миний хүү тайван гэж аргадан, үйлчлэгч “Миний дүү тайван бай, дүүг нь одоо аваад ирнэ” гэж аргадан араас нь чаргууцалдаж тасалгаа руу оруулж тайвшруулах гэж оролдоно. Араас нь замаас гарч унасан вагоны зорчигчид  усан бороо, урсаж буй голд норчихсон зарим нь хөл нүцгэн, нүүр хувцас нь цус болчихсон, орны бүтээлэг нөмөрчихсөн орж ирж эхэллээ. Зарим нь миний хүү, охин хаана байна. Тэрээ энээ гээд нэрээр нь дуудаж хүүхдээ хайна. Үйлчлэгч “За хүмүүсээ боломжоороо шахаад ороод байгаарай. Хэн ч  гарч болохгүй шүү” гээд хашгирч байгаа нь ийм нөхцөлтэй нүүр тулж үзээгүй надад сэтгэл түгшүүлсэн, аймшигтай, харамсалтай байлаа. Орж ирж байгаа айсан, сандарсан хүмүүст шахаад суух зай гаргаж өгөх л үүрэг үдсэн байв.



Унасан вагоны хүмүүс орж ирэх, үр хүүхдээ олохоор хүртэл хэдий хугацаа өнгөрснийг анзаарах сөхөө ч байсангүй. Бүх хүн манай вагонд багтахгүй тул арын вагон руу дамжуулан шилжүүлж байв. Үнэхээр явж чадахгүй гэмтсэн бэртсэн хүмүүсийг манай вагонд үлдээж байв. Нуруу нь гэмтсэн хүнийг орны бүтээлэг дээр дамжилсаар оруулж ирэв. Тасалгаанд минь орж ирсэн хөгшин хөл нь гэмтжээ. Гишгиж болохгүй өвдөөд байна. Яг юу нь гэмтснийг мэдэхгүй гэсээр ачаараа сугдуулан орж ирэв. Үйлчлэгчээс “Хүн нас бараагүй биз дээ. Хүмүүсийг оруулж ирж дуусгаж байна уу” гэхэд “Ер нь дуусаж байна. Цагдаа нар, зорчигч залуучууд нийлээд хүмүүсийг аварч байна. Нэг хавчуулагдсан хүнийг арай гаргаж авч чадаагүй байна” гэсээр гарч одлоо. Хүмүүс вагоноос буугаад бүдүүн гуяараа татсан ус руу орж байлаа. Төмөр замын дэр моднууд хажуугаар усанд урсана.


Нэгнээ дуудсан, хүүхдээ хайсан, сандралдсан хүмүүс бужигнасаар. Нэг мэдэхэд өглөө хэдийнэ болж орон нутгийн цагдаа, онцгой, эмнэлэг, зам ангийнхан ирчихсэн байгааг олж харлаа. Бүгд унасан вагоны хүмүүсийг зөөж аврах ажиллагааг хийсэн юм. Хүмүүсийг аварч дуусаж байтал манай вагоны хүмүүсийг арын вагон руу шилжүүлнэ. Өмнөх хазайсан вагон унавал манайхыг татаж унагах аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй болсон гэдгийг хэлээд нүүлгэн шилжүүлж эхлэв.



300 гаруй зорчигчийг арын 3 вагонд шахаж суулгалаа. Хэдий чихэлдсэн, бүгчим байсан ч хүмүүс нэг нэгэндээ хүндэтгэлтэй, халамжтай  байгааг харахад зовлонтой хүнд үед монголчууд нэгнийхээ төлөө эвтэй байж чаддаг гэдгийг харж байлаа. Аадар борооны хүч буурч шиврээ бороо үргэлжилнэ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх аврах ажиллагаа үргэлжилсээр. Зорчигчид аврах ажиллагааг цонхоор харж юу болоод өнгөрсөн тухай ярьж эхлэв. Энэ үеэс л хүмүүсийн ослын шок буурч юу болсон, хэн хэн гэмтсэн, бие нь яаж байгааг асуух, анзаарах, гэр бүл рүүгээ ярих сөхөөтэй болсон юм.


Ааваа ээжээ, ханиа, ахаа эгчээ би зүгээрээ, бид зүгээрээ. Аав, ээж зүгээр байна. Ээжид битгий хэлээрэй санаа нь зовчихно... гээд ч гэр бүлийнхнээ тайвшируулсаар...


Энэ хугацаанд түргэний машинаар гэмтсэн хэд хэдэн хүнийг орон нутгийн эмнэлэг рүү хүргэлээ. Аврах ажиллагаа хийж байгаа эмнэлгийнхэн, цагдаа, онцгой, зам ангийнхан бүгд энэ л биеийг үл огоорон хүний төлөө усан бороо, гүнзгий усанд зүтгэсээр. Удалгүй унасан вагоноос гаргаж чадахгүй байсан хавчуулагдсан зорчигчийг оруулж ирлээ. Эмч нар яаралтай тусламж үзүүлж эхлэв. Сүүлийн зорчигчийг оруулж ирсэн болохоор эмч нар вагонд орж ирэн хүмүүсийг  нэг бүрчлэн үзэж шаардлагатай зорчигчид эм тариа хийн тайвшируулж байв. Вагоны үйлчлэгч нар халуун цай, ус тарааж эрвийх дэрвийхээрээ үйлчилнэ. Унасан вагоны үйлчлэгч нар өөрсдөө гэмтжээ. Толгойгоо боолгосон, гараа сойсон байв.


Зорчигчид энд хэнийг ч буруутгахыг хүссэнгүй. Нүдээр үзсэн хүмүүсийн хувьд байгалийн гамшиг  ямар аюул дагуулдаг, хүмүүс бид үүний өмнө ямар өчүүхэн болохыг л ярина. Бидэнтэй хамт суусан эгч хамгийн урд талын 20 дугаар вагон буюу унасан вагонд зорчиж явжээ. Осол болохоос хэдхэн хормын өмнө сэрээд цонхоор хартал вагон маш их хэмжээний ус руу яваад орох шиг болсон гэнэ. Юун их ус вэ гээд өндийгөөд хартал вагон унасан байна. Бас нэг хүний хэлснээр дээд орон дээр унтаж явсан хоёр залуу ослын үеэр маш хүчтэй унасан ч хүмүүсийг аврахаар эвдэрсэн ширээний төмрийг аваад цонхыг хага цохиод хүүхдүүдийг гаргаж эхэлсэн гэнэ. Удалгүй цагдаа нар ирж цонхнуудыг хагалж хүмүүсийг цонхоор нь аварсан байна. Аврах ажиллагаанд зорчиж явсан залуучууд төмөр замын цагдаа нартай нийлж аврах ажиллагааг эхлүүлсэн. Орон нутгийн аврах ангийнхан, цагдаагийнхан маш хурдан ирсэнд хүмүүс  баярлаж байлаа.



Вагонд байгаа хүмүүсийг баярлуулсан нэг үйл явдал нь ослын дараа дүүгээ хайж уйлаан болж орилж байсан хүү инээчихсэн сууж байв. Дүү нь зүгээр үү гэхэд энэ байна зүгээрээ гээд баяр баяслаа барьж дийлэхгүй амаа ангайчихсан инээж суух. Айсан, сандарсан хүмүүс хүүг хараад бүгд инээж, тайвширч байв.  




Хүмүүсийн утас хангинсаар, ар гэрийнхэн нь санаа нь зовж залгасаар. “Одоо биднийг яах вэ?, хаана аваачих вэ?...” асуултууд хөвөрсөөр...


Хэдийгээр хүнд нөхцөлд байгаа ч цагдаа, вагон даргын хэлсэн үгийг бүгд амьсгаа даран сонсож, юу хэлэхийг дагаж байлаа. Тэдний хэлж буйгаар эвдэрч гэмтсэн вагонуудыг салгаж зорчигчдыг шахаж суулгасан сүүлийн 3 вагоныг Чойроос ирэх толгойгоор чирж Чойр өртөө хүргэхээр болсон байна.



12 цагийн үед биднийг Чойр өртөөнд хүргэлээ. Өртөөг тойруулаад хүрээ татаж гадны хүний хөл хорьжээ. Эмнэлгийн машин, орон нутгийн том оврын автобуснууд хэдийнэ ирчихжээ. Зорчигчдыг вагоноос буулгаад өртөөний байранд оруулж дахин эмч нар үзэж анхны тусламж үйлчилгээг үзүүлсээр. Олон хүүхдийн тархи толгой хөдөлсөн тул уламжлалт эмнэлгийн бариач нар ирж үйлчилж байв. Ахмадуудын даралт ихдэж, сэтгэл санаа нь тогтворгүй хэвээрээ. Эмч нар эмнэлэгт хүргэх шаардлагатай хүмүүсийг авч явна. Өртөөнийхөн осол өртсөн зорчигчдод халуун хоол цайгаар үйлчилж байв. Энэ бүх дүр зургийг харахад улс орны дүрвэгсдийн хуаранд ийм байдаг боловуу гэсэн бодол төрж байв. Ах дүү, үр хүүхэд нь гэмтсэн хүмүүс уурлаж бухимдах, орон нутгийхны үзүүлж буй үйлчилгээ сэтгэлд нь хүрэхгүй зүйл гарсан л байх. Олон хүн сайнтай муутай, уулын мод урттай богинотой гэдэг дээ.


14:50 минут болоход зорчигчдыг зорчих чиглэлд нь хувааж автобусаар тээвэрлэж эхэллээ.



Хэдий болоод өнгөрсөн ч миний амьдралд тохиолдсон энэ 10 цаг үнэхээр аймшигтай, харамсалтай, гунигтай, бусдаар бахархсан, сэтгэл зүйн дарамт гээд бүхий л зүйлийг нэг дор мэдрүүлсэн. Хотын гудамжинд зөрөхдөө муудалцдаг, ам зөрвөл нудралцдаг. Аймшигтай гэмт хэрэг ихээр гарлаа. Энэ монголчууд ямар хэрцгий, хүн чанаргүй болж байнаа гэсэн халаглал сүүлийн үед ихэссэн. Тэгвэл Дорноговийн Айраг, Даланжаргал хоёрын дунд гарсан галт тэрэгний ослын үеэр монголчууд нэгэндээ ямар их хүндэтгэлтэй, хайртай, хүнлэг сэтгэлтэй болохыг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн 10 цагийн үйл явдлаа товчхон дурдахад ийм байлаа. Энд нэг зүйлийг хэлэхэд харамсалтай 286 дугаар галт тэрэгний машинистын нэрийг мэдэж чадалгүй өнгөрчээ. Энэ хүнд зорчиж явсан 328 хүнээс гадна тэдний ар гэрийнхэн талархаж байгаа. Мэргэжлийн ур чадвар гаргаж хурдыг маш сайн удаан хугацаанд сааруулж барьж чадсанаар олон хүний амь насыг аварсан. Тэгээгүй бол өнөөдөр энэ ослын улмаас хэчнээн хүн нас барах байсныг хэлж мэдэхгүй.


Төмөр замын ямар ч туршлага мэдлэггүй бид ингэж бодсоныг мэргэжлийнхэн мөн тэр өдөр баталсан. Чойр өртөөнд очсоны дараа төмөр замынхан хоорондоо тэгэж ярьж байхыг сонссон юм. Өөрөө нэлээд их бэртэж шокийн байдалтай байгаа гэдгийг мэдэж авсан. Азаар амь насанд нь аюулгүй гэж байв. Хоёр хүүхэд, хөгшин аавынхаа өмнөөс танд маш их баярлалаа. Биеийн болон сэтгэлийн шарх тань хурдан эдгэх болтугай гэж хэлье. Бусад зорчигчид бүгд тэгж хэлнэ. Төмөр замын бурхан тэнгэр байдаг бол таныг, бүх зорчигчдыг харж үзжээ. 





Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
2 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


1111    1 сар, 4 долоо хоног [202.131.227.50]


Bolson yavdliig nudend haragdtal, bas eldev chimeg hachirgui saihan bichjee. Mongolchuudaaraa baharhah setgel turluu. Ajlaaraa, mergejleeree ur chadvaraa haruulsan bukh humuust talarhaj bna aa. Ta nar mini, minii Mongolchuud zovhi ni uuduu ard tymeen.


Зочин    2 сар []


nulims garlaa


Зочин    2 сар []


Монгол хүн бие биенэ хүндэлнэ гэдэг агуу зүйл шүү гэмтсэн нь хурдан эдгэж , бусадаа тусалсан бүх хүмүүст баярлалаа


Зочин    2 сар, 1 долоо хоног []


muu er daind hoolno gehcheer hudlaaa zowson iim vedl bugd saihan setgeltei hvmvvs boloh yum bvh odorl mongolchuud mini iim baigaasai zuragt tv geel said maid bvh hvmvvs bvh odor eh orniihoo arf tvmniihee tolooo


Зочин    2 сар, 1 долоо хоног []


мэрэгжлийн ур чадвар гаргаж ажиллаж олон хүний амь нас аварч чадсан машинист хүүгийн гавьяаг төр минь үнлээрэй


Зочин    2 сар, 1 долоо хоног []


МОНГОЛЧУУД ХҮН ҮЕ ТОХИОЛДОХОД НЭГДЭЖ ЧАДНА. ГАЙХАЛТАЙ БАЙНА


Зочин    2 сар, 1 долоо хоног []


МОНГОЛЧУУД ХҮН ҮЕ ТОХИОЛДОХОД НЭГДЭЖ ЧАДНА. ГАЙХАЛТАЙ БАЙНА


Зочин    2 сар, 1 долоо хоног []


МОНГОЛЧУУД ХҮН ҮЕ ТОХИОЛДОХОД НЭГДЭЖ ЧАДНА. ГАЙХАЛТАЙ БАЙНА


Зочин    2 сар, 1 долоо хоног []


МОНГОЛЧУУД ХҮН ҮЕ ТОХИОЛДОХОД НЭГДЭЖ ЧАДНА. ГАЙХАЛТАЙ БАЙНА


Зочин    2 сар, 1 долоо хоног []


МОНГОЛЧУУД ХҮН ҮЕ ТОХИОЛДОХОД НЭГДЭЖ ЧАДНА. ГАЙХАЛТАЙ БАЙНА