Нийгэм


Жуулчдын хаягжилтын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ

1 сар TIMES.MN

Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам хамтран Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дэмжих, Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгохыг зорьж, шат дараалсан үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Энэ зорилтын хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын систем компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайд мөн хүрэлцэн ирж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн юм.

Хамтын ажиллагааны үр дүнд хотын төв болон хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд  энгийн 3 үгт хаягаараа дамжуулан нэмэлт орлого олох боломжтой болох ажээ. Мөн Монгол Улсын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.

Н.Цэрэнбат: Аялал жуучлалын салбарын хөгжилд дижитал технологид суурилсан энэхүү үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэх болно

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат : “Монгол Улсын Засгийн газраас “Хүчээ нэгтгье” форумыг зохион байгуулах үеэр цаашид Монгол Улсын аялал жуулчлалын зах зээл үндсэн дэд бүтэц, дижитал дэд бүтэц гэсэн хоёр тулгуур баганыг түшиглэж хөгжинө гэсэн байгаа. Мөн бид жилд нэг сая жуулчин хүлээн авах, 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг ДНБ-ний арван хувьд хүргэх зорилт тавиад байна.  Үүнд дижитал технологид суурилсан аялал жуулчлалыг дэмжих үйл ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэх юм.

Үүнээс гадна гадаадын болон дотоодын жуулчдад тулгардаг хүндрэлтэй асуудлын нэг болох хаягжилтын асуудлыг “what3words” буюу 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэх болсондоо баяртай байна. Мөн энэхүү хамтын ажиллагаа маань Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд томоохон тоглогч болоход тун их түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

М.Уянга: Дэлхийн өнцөг булан бүр “what3word” аппликейшнд бүртгэгдсэн

 Харин “what3words” компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга ярихдаа, “what3word”  компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуудад хувааж тус бүрт нь гурван үг оноож өгсөн бөгөөд дэлхий нийт тэр чигээрээ манай аппликейшнд бүртгэгдээд байгаа юм. Манай компанийн зүгээс Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Lonely Planet Mongolia” аялалын хөтөч номыг худалдаанд гаргаад байна. “Lonely Planet” бол дөч гаруй жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн зах зээлд гаргасан алдартай ном бөгөөд “Lonely Planet Mongolia” номонд 900 гаруй аялал жуулчлалын байгууллага, үзвэр, үйлчилгээний газар 3 үгт хаягтайгаа багтсан юм. Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлаа сүүлийн үеийн шинэлэг технологи болох 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэж буй  дэлхийн хамгийн анхны улс болж байгааг мөн энд дуулгахад таатай байна”  гэлээ.

С.Баясгалан: Аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сан бүхий аппликейшн хөгжүүлэхээр ажиллаж байна

Мөн Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан ярихдаа, Яамны зүгээс байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн өв соёлын нөөц бүхий газруудын гол чиглэлийг гаргасан байдаг. Эдгээр газрууд маань бүгд “what3word” аппликейшнд гурван үгт хаягаар тэмдэглэгдсэн тул үүнд тулгуурлаад аялагчдад зориулсан лавлагаа мэдээллийн нэгдсэн сан бүхий аппликейшнийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхээр гадаад болон дотоодын аялагчид энэ аппликейшнээс түүх, соёлын өв, байгалийн өв нь хаанаа байдаг, түүнийг дагаад ямар зочид буудал, жуулчны бааз, ресторан байдаг юм гэдгийг асуудалгүй олж мэдэх боломжтой болно гэсэн үг.

 

 

 

 

 

 

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.