Нийгэм


Г.Батсуурьт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээв

1 сар TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан 95 дугаар зарлигийн дагуу тэрбээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Гончигийн Батсуурьт Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гончигийн Батсуурь эмчид хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Сайн байцгаана уу, Баруунбаян-Улаан сумын ард иргэд ээ.

Тавтай сайхан зусацгааж байна уу?

Нар хур тэгширсэн зуны адаг сарын шинийн тавны дашнямтай бэлгэт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Батсуурь гуайд Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж байгаадаа туйлын баяртай байна.

Монголчуудын жарны тооллоор бол Гончигийн Батсуурь гуай бүтэн нэгэн жарныг хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зориулжээ. Сумынхаа бүх багт эмчээр ажилласнаас гадна ардын уламжлалт бариа заслыг орчин үеийн анагаах ухаантай хослуулан олон шавь нарыг бэлтгэн гаргаж, нас 86 хүрсэн хэдий ч Г.Батсуурь гуай ард олныхоо эрүүл мэндийн төлөө одоог хүртэл тасралтгүй зүтгэсээр л байгаа.

Өдгөөгөөс 50 жилийн өмнөх буюу 1967 онд Баруунбаян-Улаан сумын аварга эмч Г.Батсуурь өнөөдөр Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан алдарт хүрлээ. Сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, хүн зоныхоо эрүүл мэндийн төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл бүхэн тань улс орныхоо өмнө байгуулсан гавьяа юм шүү.

Та зуу насалж, зургаадай таяг тулж, зон олондоо буянт үйлсээ ямагт түгээж яваарай.

Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.