Нийгэм


54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг авран хамгаалжээ

1 сар TIMES.MN

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилий ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/227 дугаар тушаал, Нийслэлийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/68 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тушаалын дагуу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 899 алба хаагч, 360 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн.

Баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдсан Сүхбаатарын талбай, Сурын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Шагайн харваа, Хүй долоон худаг зэрэг 5 байршилд Нийслэлийн Онцгой байдлын газрын 199 албан хаагч гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд, ард иргэд, жуулчдад, гамшгаас хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн.

Мөн тус газруудад үйл ажиллагаа эрхлэн явуулах үйлчилгээний асар, майхан, гэрийн цахилгааны угсралт, ил гал, шингэрүүлсэн шатдаг хийн баллоны ашиглалтын аюулгүй байдлыг тус тус шалгаж, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, галын аюулгүй байдлыг хангуулж ажилласан.

Баяр наадмын өдрүүдэд урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдах Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг газруудад гамшгийн болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг явуулж, Сүхбаатарын талбай, Баянхошуу, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Дамбадаржаа, Маахуур толгой зэрэг газруудад протехникийн хэрэгслийн үеийн аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол, мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан.

“2018 оны 07 дугаар сарын 15-ны өглөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын орчмоос эхлэн урдаасаа ихээхэн устай борооны урсгал орж ирэхээр байгааг сэрэмжлүүлсэн” мэдээллийг Нийслэлийн удирдлагад мэдэгдэж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарт “Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, дүүргийн Онцгой комиссын Үер усны аюулын үед ажиллах шуурхай ажлын хэсгийн бэлэн байдлыг хангуулж төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах талаар” үүрэг өгч хэрэгжилтийг хангуулан Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн Онцгой комиссын Үер усны аюулын үед ажиллах шуурхай ажлын хэсгийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж ажилласан.

Нийслэлийн Онцгой комиссын Үер усны аюулын үед ажиллах шуурхай ажлын хэсгийн бэлэн байдлыг хангуулж, ажлын хэсгийн дарга, гишүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-өөр дамжуулан хүргүүлж бэлэн байдлыг хангуулсан.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн аврах анги-105, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 59 албан хаагч 9 автомашин, 10 мотоцикл, 6 морьт эргүүлтэй ажиллаж голын эрэг дагуу амарч байсан нийт 1463 автомашинтай 6169 иргэнийг 07 дугаар сарын 14-ний өдөр голын орчмоос гаргаж 2025 сэрэмжлүүлэг материал тараасан.

Архангай, Өвөрхангай аймгуудын 10 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамж гаргуулан Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, “Баруун туруу”-ны авто тээврийн шалган бүртгэх товчоодод 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай, дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар томилгоожуулан ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулж байна.

Баяр амралтын өдрүүд буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажиллан гал түймрийн утаажилтийн бүсээс 7, гал түймрээс 1, үерийн уснаас 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голд живж голын салаанд боогдсон 3, байшингийн 5 давхраас унаж амиа хорлохыг завдсан 1, Туул голын усанд машинтай боогдсон 53, Ариун цэврийн /жорлонгийн/ нүхэнд унасан 1, Сонсголонгийн гүүрнээс голын усанд унаж бэртсэн 1 нийт 72 иргэнийг авран хамгаалах ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагын 10,9 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан. Гал түймрийн улмаас 1 иргэн, усны ослын улмаас 2 иргэн, үйлдвэрийн ослын улмаас 1 иргэн амь насаа алдсан.

Нийслэл хотод 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөөний 07:00 цагаас өдрийн 14:00 цагийн хооронд орсон борооны улмаас үерийн далангийн усанд хүүхэд урссан, гэр усанд автсан, байшингийн суурийн давхарт ус орсон зэрэг 19 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, үерийн усанд урссан 1 хүүхдийг аварч, байшингийн дээвэр нурж гэмтсэн 1 хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж, гэр нь усанд автсан айл өрхийн 2-оос 74 насны 4 иргэнийг аюулгүй газарт гаргаж, гэрийг нүүлгэн шилжүүлж ажилласан байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.