2018,7-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


“Цайны зам”-ыг хөгжүүлэхийн тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэв

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нарын III хурал Шангри Ла зочид буудалд эхэллээ.


Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол улс, БНХАУ, ОХУ-ын хэлэлцээрийн хүрээнд Аялал жуулчлалын салбарт Монгол-Хятад-Орос гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын уулзалт 2016 онд Хятад улсын санаачлагаар бий болсон юм. Анхдугаар уулзалт 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, II уулзалт 2017 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод тус тус болсон. Харин энэ удаагийн гуравдугаар хуралдааныг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.


Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, хотын дарга С.Батболд, БОАЖЯ болон холбогдох бүх албан тушаалтан, жуулчлалын компанийн 100 орчим төлөөлөл оролцов.




БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монголд хүрэлцэн ирдэг жуулчдын тооны хувьд хоёр хөршийн жуулчдын тоо хамгийн их нь байгаа. Мөн монголчуудын хамгийн зорчдог улс бол хоёр хөрш маань юм. Тиймээс цаашид харилцан "Цайны зам" дагуух аялал жуулчлалыг өргөжүүлэхэд, хилийн боомтуудын ачааллыг хөнгөвчлөх, мөн цаашид аялал жуулчлалын төрөл бүрийн бүтээгдэхүүн бий болгох тал дээр ахиц, дэвшил гарч буйгаараа энэ хуралдаан онцлог болж байна” гэлээ.


Харин БНХАУ-ыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жианг, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пин тэргүүтэй хил орчмын мужийн захирагч нар, хувийн хэвшлийн төлөөлөгч нийт 61 хүн оролцлоо.




БНХАУ-ыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жианг “Гурван улсын аялал жуулчлалын байгууллагын удирдлагын түвшинд нэлээд анхаарал хандуулж ярьсан зарим нэг зүйлийг дурдмаар байна.

Тухайлбал,

- гурван тал хамтдаа “Их түмэн цайны зам” санаачлагын хүрээнд тодорхой шинэ ажлуудыг хийж хэрэгжүүлэх

-хил орчмын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх,

-визийн хөнгөлөлттэй нөхцөлийг жуулчдад олгож, бүрдүүлэх гэх мэт эдгээр асуудлыг нэлээд голчилж ярилцлаа” хэмээсэн юм.


Тэгвэл энэ удаагийн хуралдаанд ОХУ-ыг төлөөлж Соёлын яамны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович тэргүүтэй яам, орчмын мужийн захирагч нар, тур операторуудын 17 төлөөлөгч Монголд ирсэн байна.


ОХУ-ын Соёлын яамны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович “Энэ удаагийн уулзалтаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал шийдвэр гаргасанд баяртай байна. Өмнөх уулзалтаар хэлэлцээрийн түвшинд ярилцаж байсан бол энэ бодитоор хэрэгжүүлэх түвшинд санал солилцлоо” гэв.


Засгийн газрын зүгээс энэ удаагийн хуралдаанаас гарах үр дүнг бодитой байлгах үүднээс Их түмэн голын санаачилга төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байгаа аж.


Тухайлбал, иргэд харилцан жуулчлах нөхцөлийг сайжруулах, хөнгөвчлөх, газрын боомтуудаар нэвтрэх хугацааг багасгах, улс хоорондын агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хувьд хөрш орнууд руу зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, Цайны замын аялал жуулчлал, Их түмэн голын аялал жуулчлал болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг болно.


Мөн гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


за гомо мөнхөө минь энэ баяр наадмаар л айлын жоохон эрэгтэй хүүхэд оролдож шоглож тэнэгтэвдээ