2018,7-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Монгол улсын болон БНХАУ-ын Үндэсний аудитын газар 2018-2020 онд хамтран ажиллахаар боллоо

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

 БНХАУ-ы Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжүн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 7-9-ний хооронд Монгол Улсын Үндэсний аудитын газарт албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалынхаа үеэр өчигдөр Үндэсний аудитын газарт БНХАУ-ын Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Үндэсний аудитын газар хоорондын 2018-2020 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа.




Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд найрсаг хамтын ажиллагаагаа хүндэтгэн дээдэлж, БНХАУ-ын Үндэсний аудитын газрын үйл ажиллагааг олон улсын түвшинд дэмжиж ажиллах болно. Хоёр орны Аудитын дээд байгууллагуудын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.




Монгол Улсын Үндэсний аудитор Д.Хүрэлбаатар “БНХАУ-ын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжүн албан ажлаа хүлээн авсан даруйдаа анхны гадаад айлчлалаа Монгол улсад хийж байгаад нь баярлаж байна. Мөн манай улсын аудиторууд БНХАУ-ын Нанжин Аудитын Их сургуульд магистрын зэрэг хамгаалж, амжилттай суралцаад ирсэн. Бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байна. Аудитын газар хяналт тавихаас гадна цаашид яаж ажиллах зөвлөмжийг өгдгөөрөө бас онцлог юм” хэмээсэн.


БНХАУ-ын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжүн нь 2017 оны дөрөвдүгээр сард томилогдсон бөгөөд Хятадын 6 дахь Ерөнхий аудитор юм.




Тэрбээр “Энэ удаагийн айлчлал хоёр улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй. Ерөнхий аудитор Хүрэлбаатар хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр их ажил хийсэн байна. Мөн боловсон хүчнийхээ асуудалд их анхаардаг юм байна. Санамж бичгийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалаар харилцан туршлага, мэдлэгээ солилцохоор ирсэн. Монгол Улсын Үндэсний аудитын газрын хувьд Олон улсын болоод Азийн аудитын байгууллагад чухал үүрэгтэй, идэвхтэй байдаг. Дараа жил боломжтой үедээ манай улсын аудитын газарт зочлохыг урьж байна” гэлээ.


Түүний урилгыг Монгол Улсын Үндэсний аудитор Хүрэлбаатар хүлээн авсан юм.


Хятадын Үндэсний аудитын газар нь яам, агентлагуудад байрлах 20 дагуул аудитын алба, хамгийн том 18 хотод байрлах бүсийн аудитын албуудтай. Тус бүсийн алба, дагуул албууд Хятадын Үндэсний аудитын газарт шууд харьяалагдаж, өөрсдийн ажлыг Хятад улсын Ерөнхий аудиторт тайлагнах үүрэгтэй. Түүнчлэн 10 харьяа нэгжтэй аж.


Монгол Улсын Үндэсний аудитын газар 1996 онд Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага /ИНТОСАИ* болон Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага /АСОСАИ/-д гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Монгол Улсы Үндэсний аудитын газар АСОСАИ-н аудитын хорооны гишүүнээр удаа дараа сонгогдон үйл ажиллагаа явуулж ирсэн нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн гэсэн зохих байр суурийг олсон аудитын байгууллага болсныг гэрчилж байгаа юм.


Одоо Монгол Улсын Үндэсний аудитын газар БНХАУ, БНСУ, ОХУ, Турк, Кувейт, Англи, Герман, Норвеги, Киргиз зэрэг улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ажиллаж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.