Улс төр


Шадар сайд Ө.Энхтүвшин: “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”-ыг баталлаа

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хаалтын хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизүтори, Австрали улсын Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиэрравантигийн хамт сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зарлалаа.  

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдсанаас хойш хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө” гэсэн дүгнэлтээр Шадар сайд мэдэгдлээ эхлэв.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулсан энэхүү хуралд Ази номхон далайн бүс нутгийн 48 улс орны сайд, дэд сайд, парламентын гишүүд, төрийн болон төрийн бус байгуллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, судалгаа, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн салбарын нийт 3000 орчим төлөөлөгч оролцсон. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үндсэн 5 хуралдаанаас гадна  техникийн 6, сэдэвчилсэн 8, салбар 55 хуралдаан болж, бүс нутгийн болон үндэсний түвшинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, дэлхийн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр батлагдан гарсан бодлого, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, улс орнуудын гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник технологийн хэрэглээ, нийгмийн хамгаалал, жендер, салбар дундын оролцоо зэрэг олон сэдвийн хүрээнд  хуралд оролцогч бүс нутгийн улс орнууд олсон ололт, амжилт, туршлага, сургамжаа хуваалцсаныг Шадар сайд дурдлаа.

Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчлан үзэж, “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр 2 хуралдааныг удирдан зохион байгуулж, бусад улс орны тэргүүн туршлага, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм.

Энэхүү бага хурлаар 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас батлан гаргасан Сэндайн үйл ажиллагааны хүрээг Азийн бүс нутагт 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэн, 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Сэндайн үйл ажиллагааны зорилгыг бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын Засгийн газар, оролцогч талуудын санал, зөвлөмж дээр үндэслэн боловсруулсан энэхүү төлөвлөгөөний агуулга нь Сэндайн үйл ажиллагааны тэргүүлэх 4 чиглэл тус бүрийн хүрээнд бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэл, Засгийн газар хоорондын байгууллага,  холбогдох талууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон.

Мөн хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргасан бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин үндсэн агуулгыг:

·  2020 он гэхэд бүх улс орнууд гамшгийн эрсдлэийг бууруулах стратеги, төлөвлөгөөг батлах, зорилтуудаа шинэчлэх

·  Хот суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрсдэлийг тооцсон хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтаар дамжуулж, хотуудын гамшигт тэсвэртэй хөгжих чадвахыг бий болгох

·  Орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудын гамшгийн эрсдэлийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх

·  Уламжлалт мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, технологийн цогц байдлыг хангах, газар зүйн байрлал, үндэсний болон орон нутгийн онцлогтой гамшгийг даван туулах чадавхыг бий болгох

·  Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийг эрт зарлан мэдээлэх, урьдчилан сэргийлэх, бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийн хяналтыг явуулах хүний нөөц, институтын чадавхыг бий болгохыг уриалж байгаа юм хэмээн тоймлон хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.