2018,7-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Эмч, эмнэлгийн ажилчид 48 цагийн дараа ажил хаяна

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Эмч, эмнэлгийн ажилтнууд долоодугаар сарын 5-ны өглөө орон даяар ажил хаялт эхлүүлэх гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.


Монголын ЭМА-ын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин орлогоо нэмэгдүүлж, иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлэхийн төлөө хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга үнэлэмж тогтоохыг шаардсан тэмцэлт хөдөлгөөнийг тасралтгүй зургаан сар зохион байгуулсаар өнөөдрийг хүрлээ. Ингэж удаан тэмцсэний үр дүнд 5 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн сайд болон холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй удаан хугацаанд харилцан тохиролцсоны үр дүнд салбарын хэлэлцээрээ байгуулсан. Харамсалтай нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй шалтгаанаар Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам тус хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан. Үүнээс үүдэн 207 эрүүл мэндийн байгууллагын 16,611 ажилтан ажил хаялтад нэгдээд байна.


Ажил хаялт зохион байгуулахтай холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагуудаас асар их дарамт шахалтыг эмч эмнэлгийн ажилтнуудад үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын туйлын зорилго бол ажил хаялт биш гэдгийг ч мөн албан ёсоор мэдэгдье. Бид ажил хаяхгүйн төлөө зургаан сар гаруй тэмцэл өрнүүлсэн. Өчигдөрхөн би зургаан аймгийн 70 гаруй сумын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нартай уулзлаа. Аль хэзээний эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдчихсон байна. Нэг сумын эмнэлэгт гурван тэтгэвэрт гарсан, судас тариагаа хийж чадахгүй хэмжээнд очсон хүн амь тариа хийн суманд эмнэлгийн тусламж үзүүлж байна.


Сумын эмнэлэгт мэргэжлийн эм зүйч байхгүйгээс, ачаалал ихтэй, цалин багатайгаас мэргэжлийн болоод хүний амь насанд хүрсэн тохиолдол ч байна. Дэндүү увайгүй төр засагтайгаасаа болоод Алтан гартай цагаан нөмрөг өмссөн, эрүүл мэндийн салбарын баатрууд ажил хаяхаас өөр аргагүй байдалд хүрч байна. Засгийн газар болоод холбогдох сайд нарт эмнэлгийн ажил доголдоход 24 цаг л үлдээд байгаа шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.


МҮЭХ Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Адьяа "Ажил хаялт бол тэмцлийн хүнд хэлбэр. Ийм хүнд хэлбэрт хүргэснийхээ хариуцлагыг Монгол Улсын Засгийн Газар хүлээх ёстой. Мөн энэ ажил хаялтын улмаас хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг ч хуулийн дагуу ажил олгогч Засгийн газар хүлээх ёстой. Тэрнээс эрхийнхээ төлөө тэмцэж байгаа эмч сувилагч буруугүй гэдгийг эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүмүүст хэлье" гэв.


ШУГТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Өнөржаргал: Төрийн тэргүүнүүдээ та нар эмнэлэгт төрж, бас үхдэг шүү дээ


СХД-ийн ЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г. Цэвэлмаа "Эрүүл мэндийн салбарын ажилчид бид ийм мэдэгдэл хийж байгаадаа үнэхээр харамсаж байна. Яагаад биднийг ийм байдалд хүргэв гэж Засгийн газраас асуумаар байна. Бид олон жил ард иргэдийнхээ төлөө үйлчилнэ гэсэн чин сэтгэлээрээ тэвчиж ирлээ. Одоо үнэхээр цөхөрч байна. Бид хийж байгаа ажилдаа тохирсон цалин хөлс авахыг л хүсэж шаардсан. Гэвч засгийн газар өнөөг хүртэл бодитой хариу өгөхгүй байгаа нь ажил хаялтанд нэгдэхэд хүргэлээ. Бид энэ ажил хаялтын хүсээгүй" гэв.


СХД-ийн ЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Цэвэлмаа: Эрүүл мэндийн ажилтнууд ажил хаялтыг үнэхээр хүсээгүй шүү


Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга Ш. Өнөржаргал "Яагаад засгийн газар биднийг ийм байдалд хүргэв. Өнөөдөр тангараг өргөсөн болохоор дуугүй ажил гэж болохгүй. Та нарт тэрбум тэрбумаар нь идэх ам байдаг бол бидэнд ч бас ам байгаад зогсохгүй ар гэрээ тэжээх хэрэгтэй. 2014 оноос хойш өнөөдөр талхны үнэ хэд болчихоод байна. Ажилчид өдрийн цагаар хоолоо ч идэж чадахгүй амталсан будаа, нэг өндөг идэж өдрийг барж байна. Тэсэн хирнээ тэд их ажлыг гүйцэтгэж байна" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.