2018,7-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Д.Норовсүрэн: Монголдоо хэлээ сураад очвол цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн зургадугаар сарын 18, 19-нд зохион байгуулсан. Мэргэжлийн боловсрол сургалтын салбар Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэдэг гол цөм учраас Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулан “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан юм. Тус зөвлөгөөний үеэр ХБНГУ-ын Папенбург компанид мэргэжлийн боловсрол эзэмшиж буй Монгол залуусыг төлөөлөн мэргэжилтэй ажилтан хэрхэн бэлддэг туршлагын талаар илтгэл тавьсан дадлагажигч оюутан Д.НОРОВСҮРЭНтэй ярилцлаа.




-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Яаж ХБНГУ-д суралцах боломжтой болсон бэ?

-Би 21 настай, ам бүл тавуулаа амьдардаг. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард Герман руу явсан. 2014 онд 18-р сургуулийн арван жилийг төгссөн. Хамгийн сүүлийн 11-р ангийн төгсөлт. Арван жилээ төгсөөд ШУТИС-ийн Герман инженерийн бэлтгэл гээд тусгай хөтөлбөрт хоёр жил хамрагдсан. Энэ нь Германд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бэлтгэдэг хоёр жилийн хөтөлбөр. Угаасаа Германд суралцах хүсэлтэй байсан. Улмаар Төвд агентурын санаачлалаар Герман улсад суралцах боломж нээгдсэн. Төвд агентур нь Германы харьяа, Монгол хүн удирддаг байгууллага. Уг байгууллага нь Монгол залуусыг Германд мэргэжлийн боловсрол сургалт эзэмшүүлэхийн тулд тодорхой хэдэн байгууллагатай хамтран, хэд хэдэн шалгуураар оюутнуудаа шалгаруулж авдаг. Эхлээд авто замын холбооноос хэдэн хүн явсан юм. Үүний дараагаар ийм боломж байна гэж олон нийтэд зарлагдсан. Энэ зарын дагуу хүүхдүүд бүртгүүлээд, 16 хүүхэд шалгарч явсны нэг нь би. Бидэн дээр нэмэгдээд нийт 28 хүн явсан. Хоёр групп болж явсан. Нэг нь авто замын холбоогоор дамжаад, нөгөө нь Төвд агентураар дамжиж явсан.


-Германд хэдэн жил суралцаад ирэх вэ?

-Гурван жил суралцана.


-Ямар зэрэгтэй төгсөх вэ. Бакалавр уу?

-Үгүй. Мэргэшсэн ажилтан буюу Монголоор бол МСҮТ төгсөж байгаа гэсэн үг. Цаашид мэргэжлээ дээшлүүлээд суралцах боломжтой.


-Та нарыг төгссөний дараа дараагийнхаа ээлжийн оюутнуудаа авах уу. Элсэлт нь ямар журмаар явдаг вэ?

- Бид нар хамгийн анхны элсэлт нь байсан. Дараагийн ээлж явагдчихсан. Гэхдээ дан ганц авто зам гэхгүй барилга гэх мэт өөр чиглэлээр бас явж байгаа. Монгол залуусыг Германд мэргэжлийн боловсрол сургалтад хамруулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой.


-Тэндээ оюутны байранд байдаг. Цаанаасаа хоол унд бүх зүйлийг нь даадаг уу?

-Үгүй. Би түрүүн гурван чиглэлээр суралцдаг гээд илтгэлдээ дурдсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдөө суралцах хугацаанд бүх зүйл нь цаанаасаа хангамжтай. Харин мэргэжлийн сургуульдаа сурах болон аж ахуйн нэгж дээр ажиллаж байх хугацаанд бүх зардлаа өөрсдөө төлнө. Бид дадлага хийж, ажиллаж байгаа аж ахуйн нэгжээсээ авч буй 500 еврогийн тэтгэмжээрээ өөрсдийгөө болгодог. Энэ мөнгө нь Германд нэг хүн амьдарч болох хамгийн бага зардал. Яг л нэг хүн нэг өрөө байранд амьдраад, тодорхой хэмжээгээр сард идэж, уух, өмсөх хувцас, унааны мөнгө гээд хангалттай хүрэлцэх хэмжээ гэсэн үг.


-Төгсөөд Монголдоо ирэх үү. Эсхүл тэндээ мэргэжил дээшлүүлээд суралцах ч юм уу. Нэг бол хэдэн жилдээ тэндээ ажиллах бодол байгаа юу?

-Сургалт дууссаны дараагаар дадлагажиж, суралцаж буй байгууллагадаа заавал тэдэн жил ажиллах ёстой гэсэн гэрээ байхгүй. Хувь хүний сонголт. Гэхдээ уг төслийг анхнаас нь хэрэгжүүлэхдээ Монгол Герман талаас тохиролцсон санаа нь Германд тодорхой хэмжээнд 2-3 жил ажиллана, үүний дараагаар буцах нь буцаад, үлдэх нь үлдэж болно гэсэн юм билээ. Германдаа ажиллах хүчин бага болсон. Тухайн улсын залуус нь мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдах хүсэлгүй, гар ажил хийх сонирхолгүй болсон. Тиймээс гаднаас бас ажиллах хүчин авч байгаа юм. Миний хувьд төгсөөд дор хаяж хоёр жил ажиллана гэсэн бодолтой байгаа. Хэдэн жил ажиллаж туршлагажиж, Герман талаа илүү сайн таньж мэдээд, үүний дараагаар эх орондоо ирж, ямар нэгэн байдлаар өөрийнхөө чадах хэмжээгээр хөрөнгө оруулна.


-Анх Германд очоод ямар бэрхшээл тулгарч байв. Хэлээ сайн мэддэг болохоор гайгүй байсан уу?

-Миний хувьд хоёр жил Герман хэл сурсан. Харин бусад нь нийтээрээ зургаан, бараг жил л сурсан байх. Ер нь жил үзсэн Герман хэл бас хангалтгүй. Очоод хэлний бэрхшээл их хүнд байсан. Манайхны нэг дутагдал гэвэл орчинд нь очоод амархан сурчихна гэж боддог. Тэр бол үнэхээр худал. Яалт ч үгүй орчинд нь очоод яаж ийгээд ойлголцох хэдий ч энд хэлээ сураад, сайн бэлдээд, ядаж дүрмээ мэдээд очсон нь дээр. Тэнд очоод болгоно доо гэвэл цаг алдахын нэмэр. Тиймээс хэрэв Германд суралцах хүсэлтэй хүн байвал Монголдоо байх хугацаандаа хэлээ аль чадахаараа сайн сурчхаад явсан нь дээр шүү. Германд суралцахын тулд эхлээд дансандаа 8600 евро буюу бараг 20 сая төгрөг байршуулна. Тэр нь бүтэн жилийн хэрэглээний мөнгө. Тэгэхээр хэлний бэлтгэл хийж цаг алдахын оронд Монголдоо хэлээ сайжруулаад очоод шууд шалгалт өгөөд сургуульдаа орсон нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Хэлний бэлтгэл хийж байгаа хүн ажил хийх эрхгүй байдаг. Хууль нь маш хатуу.


-Байршуулсан 20 сая төгрөгөөсөө авч хэрэглээд байна гэсэн үг үү?

-Тийм. Эхлээд мөнгөө байршуул, тэгж байж таныг баталгаажуулж явуулна. Баталгаагүй явуулбал Германд харлаж, цагаачлах магадлалтай гэж үздэг юм билээ.


-Та нар бас тэгж явсан уу?

-Үгүй. Бид нарын хувьд байгууллагаасаа цалин авч байгаа учир баталгаатай гэж үздэг. Ер нь бүх зүйл нь хоорондоо нарийн уялдаа холбоотой, маш чанга хатуу улс.


-Яагаад заавал Герман гэж. Бусад улсаас юугаараа давуу талтай улс бэ?

-Герман хэл сурч байх хугацаанд илүү их очмоор санагддаг байсан. Мөн бүхий л дэвшилтэт техник технологи Германаас гаралтай. Тэр утгаараа их сонирхдог байсан.


-Германд очихоос өмнөх төсөөлөл, очсоны дараах сэтгэгдэл хэр зөрүүтэй байсан бэ?

-Би Монголоос хэтэрхий өндөр төсөөлөлтэй явсан л даа. Очиход миний төсөөлснөөс арай дор байсан гэх юм уу даа. Гэхдээ маш тайван улс. Бухимдах шаардлага ерөөсөө байхгүй. Бүх зүйл нь цагийн хуваарийн дагуу. Жишээлбэл, автобусны буудал дээр очоод автобус хэзээ ирэхийг хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Гэрээсээ гарахдаа цагийн хуваариа хараад л гарахад яг цагтаа ирдэг.


-Гадаадад суралцаад, ажиллаад ирсэн хүн бүхэн л эх орноо ингээд хөгжүүлчих юмсан. Эсхүл манай улсад яг л энэ арга, техник зохицох юм байна гэдэг ч юм уу, тийм бодолтой болоод ирдэг мэт санагддаг. Чиний хувьд тийм, төсөөлөл, мөрөөдөл юу байна?

-Хамгийн наад захын хэрэгжүүлэх боломжтой зүйл нь дэлгүүр, супермаркетууд байна. Би анх очоод гайхаж байсан. Монголд хилийн юм авахад заавал граммлуулдаг даа. Би анх Германд очоод дэлгүүрээс нь жимс аваад граммлуулах гээд граммаа хайгаад олоогүй. Гайхаад кассчингаас асуусан зүгээр бичүүл гэсэн. Кассан дээр бичилт хийдэг улаан лазер туяатай машин нь өөрөө давхар жинлэчихдэг юм билээ. Энэ мэт зүйлсээс эхлээд бүх зүйл нь маш амархан.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.