Энтертаймент


Сонс, үз, мэдэр... White Rock Center үүдээ нээлээ

4 сар, 2 долоо хоног TIMES.MN

Хүүхдийн паркийн хашаанд гурван бөөрөнхий цагаан “юм” сүндэрлэснийг уншигч та анзаарсан уу. Энэ юу вэ гэвэл дэлхийн олон улсад урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулдаг бөмбөгөр дээвэрт Dome танхим.

Энэхүү танхим нь сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцэхүйц хөгжим, гэрэл, тайзтайгаас гадна Монголд анх удаа 360 градус харагдах Projection Mapping Show үзүүлэх боломжтой. Дуу, дүрс, гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрүүлэх White Rock Center-ийн нээлт өнгөрсөн бямба гарагт боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид дуу нэгтэйгээр урлагийн салбарт бас нэгэн шинэ өнгө болж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд урлагийн тоглолтын зохион байгуулалтыг хэрхэн өндөр түвшинд хийдгийг Японоос ирсэн мэргэжилтнүүд харуулсан гэж болно.

White Rock Center-т олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Урлагийн тоглолт, хурим, хүлээн авалт гээд төрөл бүрийн үзүүлбэрийг энд зохион байгуулж болно гэдгийг харуулах үүднээс нээлтийн үеэр хамтлаг дуучид ая дуугаа өргөж, бүжигчид бүжиж, загварын үзүүлбэрийг ч үзүүлээд амжсан. Хамгийн гол нь “таазан тайз” үзүүлбэр бүрд өнгө нэмж байсныг онцлох нь зүйтэй. Жишээлбэл, “Хөсөгтөн” язгуур урлагийн хамтлагийн гайхалтай эгшгийг одот тэнгэрийн дор сонсож буй мэт мэдрэмжийг эндээс авч байв.

Б.Гэрэлчулуун: МОНГОЛ ЗАЛУУСЫГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГЯЛАЛЗАХАД БАГА БОЛОВЧ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

Монгол-Японы хамтарсан "Хүрээ Энтертайнмент" ХХК нь Монголын соёл урлаг, боловсролын салбарыг дэмжин ажиллах зорилготойгоор дээрх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. “Хүрээ энтертайнмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлчулуунаас танхимыг байгуулах болсон шалтгааныг тодрууллаа.

-White Rock Center танхимыг байгуулах санаа хэзээ төрөв?

-2014 онд ажлаар Японд явж байхдаа Dome танхимд анх тоглолт үзсэн. Үнэхээр дуу, дүрс, гэрлийн гайхамшгийг мэдэрсэн. Ингээд л яг үүнийг Монголд хийвэл гэж бодсон. Төлөвлөгөөндөө оруулсан байсан ч цаг зав болохгүй явсаар эцсийн шийдвэр энэ оны эхээр гарсан. Гуравдугаар сард хамтрагч Японы компанитай тохиролцоонд хүрч, тавдугаар сард компаниа байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна даа.

-Урлаг соёл, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад Японы стандартыг нэвтрүүлж байна гэж байна. Яагаад Япон стандарт гэж?

-Япон гэхээсээ илүүтэй хөгжилтэй орнуудын стандарт нэг л гэж яригдах байх. Япон хүмүүсийн аливаад хандаж буй хандлага, мэргэжилтнүүдийн чадвар, тоноглолын чанар цогц байдаг учраас миний хувьд илүү ойр, хялбар байсан.

Үндсэн танхимын диаметр нь 27-28 метр. Битүү сандал тавихад 500-600 үзэгч хүлээн авах чадалтай

-Нэг удаад хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай юм бол?


-Нийт гурван Dome бий. Үндсэн танхимын диаметр нь 27-28 метр. Битүү сандал тавихад 500-600 үзэгч хүлээн авах чадалтай.

-Урлагийн нийгмийн хариуцлага гэж нэг зүйл яригдаад байна. Цаашид энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?


-Бид нэгэнт урлаг соёл, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулъя гэж бодож, төлөвлөж байгаагийн хувьд үүгээр дамжуулаад хүүхэд, залуусыг сургая, шинэ хүсэл мөрөөдөлтэй болгоё, түүнийг нь дэмжье гэсэн бодлого барьж ажиллана. Ингэснээр нийгэмд тодорхой хэмжээний шинэчлэлт, өөрчлөлт, мэдлэг чадварыг авчрах бодолтой. Энэ нь эргээд Монгол хүүхэд, залуус дэлхийн хэмжээнд ажиллах, дэлхийн тайзанд гялалзахад бага боловч дэмжлэг болох боломжтой юм болов уу гэж бодож байна. Бидний ирээдүйд нийгмийн хариуцлага талаасаа бодож буй зүйлсийн нэг хэсэг.

Н.Халиун: БИД СТАНДАРТАД ХҮРЭХИЙН ТӨЛӨӨ ҮРГЭЛЖ ТЭМҮҮЛЖ БАЙХ ЁСТОЙ

Танхимын хувьд дуу, дүрс, гэрлийн гайхамшгийг үзүүлнэ гэдгийг компанийн зүгээс хэлж байна. Манай улсын хувьд тоглолт, шоуны стандарт хангасан танхим хэд байгаа талаар мөн Dome танхимын давуу талуудыг урлагийн тогоонд олон жил “чанагдсан”, туршлагатай уран бүтээлч Н.Халиунаас тодрууллаа. Тэрбээр “Хүрээ энтертайнмэнт”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа юм байна.

-Бөмбөгөр оройтой танхимын давуу тал нь юу вэ?


-Дэлхийн стандарт үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Шинэ технологи гарлаа, чанарын түвшинг дээшлүүлж байдаг. Бид аль болох стандартад хүрэхийн төлөө тэмүүлж байх ёстой. Энэ нь нэг барилга бариад, хэдэн гэрэл өлгөөд болчих зүйл биш. Энэ бол маш олон үзүүлэлтээс бүрддэг эд. Манай танхим олон улсад хэрэглэдэг угсардаг байгууламж. АНУ-ын Лас Вегас, Вашингтон, Япон, БНХАУ зэрэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулдаг, цаг уурын таатай бүс нутагт маш өргөн дэлгэр ашигладаг. Бидний сайн мэдэх “Нарны цирк” гэхэд л голчлон ийм зааланд тоглолтоо хийдэг.

Хөгжмийн дуугаралт, гэрлийн шийдэл, үйлчилгээний менежмент гээд бүгдийг шинэ түвшинд, одоо мөрдөж байгаа түвшнээс арай илүү түвшинд хүргэхээр зорьж байна

Бид энэ заалыг маш олон зүйл бодож хийсэн. Хөгжмийн дуугаралт, гэрлийн шийдэл, үйлчилгээний менежмент гээд бүгдийг шинэ түвшинд, одоо мөрдөж байгаа түвшнээс арай илүү түвшинд хүргэхээр зорьж байна. Уран бүтээлчид мөн үлгэр аваад юманд өөрөөр ханддаг болоосой гэж бодож байна. Үүнийг дан ганц Монголчууд хийгээгүй. Мэргэжлийн япон менежмент, мэргэжлийн компаниуд оролцсон маш том уран бүтээлийн нэгдэл гэж болохоор байгууллага үүнийг хийж байна.

-Монголд анх удаа 360 градус харагдах өнцөг бүхий Projection Mapping Show үзүүлэх боломжтой болж байна гэсэн. Үзэгч ямар мэдрэмжийг мэдрэх бол?


-Соёл урлаг, шоу арга хэмжээг бид өнөөдрийг хүртэл дуу сонсох гэж, дагаж дуулах гэж оролцдог байсан. Харин орчин үед хүнийг гайхшруулах зүйлс, үзүүлбэрийг шигтгэж шингээдэг болсон. Энэ тогтолцооны дагуу бид 360 градус харагдах өнцөг бүхий Projection Mapping Show үзүүлэх боломжтой болж байна. Энэ нь дэлхийд өргөн хэрэглэгддэг, контент дээр суурилсан шоу үзүүлбэр. Үүнийг бид цоо шинээр хийсэн гэвэл өрөөсгөл. Манай улсад ч мэр сэр хэрэглэдэг. Гэхдээ 360 градусын харагдах өнцгөөр биш учраас анх удаа гэж хэлж болно.

Бид зөвхөн гаднаас контент захиалж аваад үзүүлээд байх бус эх орныхоо авьяаслаг мэргэжилтнүүд, боловсон хүчнийг бий болгох, үндэсний хэмжээний контентийг бий болгох, түүгээрээ дотоодын хэрэгцээг хангах, гадагш экспортод гаргах зэргээр дэлхийн соёл урлагийн даяаршилд аажим аажмаар нэгдэх зорилго байна.

Манайд авьяаслаг залуус маш олон бий. Олон улсын зах зээлд өрсөлдөх дэлгэцийн бүтээлүүдийг хийж байна. Гол нь үүнийг хүргэх менежмент дутмаг байгаа нь тархалт удаашралтай байна.

-Хэт чанга дуу чимээ, хэт тод гэрлээс татгалзаж байгаа гэсэн. Яагаад ийм шийдэлд хүрэв?


-Шийдэл маань хэрэглэгчтэй холбоотой. Үзэгчид мөнгө төлөөд шоу, концерт үздэг. Манай ихэнх шоу хэт чанга дуу, хөгжим тавьдаг. Дуу авианы хэт өндөр үелзэл бүхий хүний биед хор нөлөө үзүүлж болох дуу авиаг техникийн алдаанаас гаргаж болох тохиолдол их бий. Гэтэл олон улсад энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй үйлдэл болдог юм байна. Үзэгч тавгүйрхэх, сэтгэл санааны хувьд таагүй байх юм бол тухайн шоу зохион байгуулагчийн эсрэг гомдол гаргаж болдог байх жишээтэй. Тэгэхээр энэ маань хүний эрүүл мэнд, эрхтэй холбоотой асуудал учраас хөгжмийн дуугаралтын стандартыг дэлхийн хэмжээнд барихгүй бол болохгүй гэдгийг би олон жилийн туршлагаар мэдэж авлаа. Үүнтэй холбоотойгоор өөрийн гэсэн саунд инженерингийн сургалтыг нээх бодолтой байна.

Манай ихэнх шоу хэт чанга дуу, хөгжим тавьдаг. Дуу авианы хэт өндөр үелзэл бүхий хүний биед хор нөлөө үзүүлж болох дуу авиаг техникийн алдаанаас гаргаж болох тохиолдол их

Гэрэл гэдэг бол бас нэг төрлийн хөгжим. Асдаг хөгжим гэж нэрлэдэг. Уянгын дуу юу, цоглог дуу юу гэдгийг ч гэрлээр илэрхийлж болно. Одоо ч хэт хүний нүд рүү туссан, хэт хөдөлгөөнтэй, хурц гэрлийг стандартын бус зайнаас танхимд ашигладаг. Энэ нь дахиад л хүний эрүүл мэнд, тав тухад сөрөг нөлөө үзүүлдэг. Гэрэл олон байхдаа чухал биш. Гадаадын олон шоуг харж байлаа, олон удаа хамтарч ажиллаж байлаа. Ингэхэд юмны олноор асуудлыг шийддэггүй юм байна. Байгаа зүйлээ зөв ашиглах нь чухал юм байна.

Энэ зүгээр сэтгээд хийчихдэг юм биш. Онол, сургалтын дагуу ажлын менежмент, өндөр зохион байгуулалттайгаар дэс дараатай хийдэг ажил. Бид энэ аргачлалыг нутагшуулахгүйгээр шоу бизнес, урлагийн хөгжил яриад нэмэргүй. Өөрөөр хэлбэл хүнд хэчнээн авьяас байгаад түүнийг зөв зохистой түвшинд нь хүргэдэг тогтолцоо байхгүй бол бид урлагийн хөгжил гэж яриад нэмэргүй юм байна гэдгийг хэн хүнгүй мэдэж байна. Харамсалтай нь ихэнх уран бүтээлчид бид яагаад өөрсдөө хийж болдоггүй юм гэж ярьдаг. Тийм юм байдаггүй юм. Гэрлийг зохион бүтээсэн газраар нь заалгахгүй бол суралцахгүй бол бид хэзээ ч зуун хувь дэлхийд өрсөлдөх шоу, бүтээл хийж чадахгүй. Оросуудын жишээ байна шүү дээ. Телевиз, шоу бизнес, спорт ямар байлаа. Дан гадны мэргэжилтнүүд авчирч, үндэсний хэмжээний мэргэжилтнүүдээ дагалдуулж сургасан. Ингэж байж тэд өнөөдрийн хэмжээнд хүрсэн. БНХАУ, Япон, Солонгос гээд бүгд л нэгэн цагт ийм байсан. Бид ч цаг алдалгүй сурах юмаа сураад түүнийгээ өөрийн болгож авах эсэх нь бидний хандлагаас шалтгаалж байна. Бид хүнээс юм сурахдаа хэзээ ч ичиж болохгүй. Япончууд бүх зүйлийг системтэйгээр хийдэг. Нэг зүйлээ төгс хийгээд дараагийн зүйл рүү ордог. Манайхан шиг юм юм руу үсчдэггүй. Тиймээс энэ сайхан хүсэл эрмэлзэлтэй нэгтгэсэн. Энэ маань хүүхэд залуус, урлагт хайртай хүн бүрт өгөөжөө өгөх болов уу гэж бодож байна.

Шинтани Нобүюки: МОНГОЛЫН ХҮҮХЭД ЗАЛУУС ХҮСЧ, ЗОРЬЖ ИРДЭГ ТӨВ БАЙГААСАЙ

Япон улсаас хөгжим техник болон тайз менежментийн мэргэжлийн баг хамт олон оролцон ажиллах энэхүү томоохон төслийн үр дүнд урлагийн бүх төрлийн тоглолтууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компаниудын соёл, олон нийтийн арга хэмжээ, хуримын ёслолын арга хэмжээ зэргийг зохих стандартын түвшинд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. “Хүрээ энтертайнмэнт” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Призм ХХК-ийн гүйцэтгэх захирал Шинтани Нобүюки шинэ төвийнхөө талаар ийн ярьж байна.

Монголд ч мөн эртний урлагаа орчин үеийн шийдэлтэй хослуулбал хүмүүсийн сонирхлыг татах боломж ихэснэ

-Нээлтээ хийсэн Dome танхим ямар төрлийн шинэлэг төхөөрөмж ашиглаж байна вэ?


-Дуу, дүрсний гайхамшгийг хүн биеэрээ мэдрэх 360 градусын шоуг мэдрэх боломжтой. Японд уламжлалт урлагийн төрлөө нэлээн анхаарч хөгжүүлдэг. Монголд ч мөн эртний урлагаа орчин үеийн шийдэлтэй хослуулбал хүмүүсийн сонирхлыг татах боломж ихэснэ. Тоног төхөөрөмж дэлхийн хамгийн сүүлийн үеийнх гэж бид хэлэхгүй. Гэхдээ хүчин чадлын хувьд сайн, нарийн дуугаралттай тоног төхөөрөмжүүд бид. Бид Dome чиглэлээр сүүлийн арван жил ажилласан туршлагатай. Монголд нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хувьд Dome-д зориулагдсан, хамгийн тохиромжтой нь. Бид цаашид төрөл бүрийн арга хэмжээнд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх бодолтой байна.

- Ажиллах хүчний тухайд?


-Бидний үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Гэрэл, дуу, дүрсний тал дээр мэргэжлийн 25 хүнийг Японоос авчирсан. Ирсэн хүмүүс маань Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа. Хувь хүний хувьд ч компанийн зорилго ч давхцаж буй хэрэг. Бид Монголд удаан хугацаанд ажиллах хүсэлтэй байна. Монголын хүүхэд залууст чадах хэрээрээ мэдлэг олгохыг хүсч байна. Тийм ч учраас монголын хүүхэд, залуус байнга хүсч, зорьж ирдэг төв байгаасай гэж хүсч байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 2 долоо хоног []


lazer shou