2018,6-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Монголд анх удаа “шилчин” мэргэжлийг бий болгосон “Шилэн хийц” ХХК

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN
Монголд анх удаа “шилчин” мэргэжлийг бий болгосон “Шилэн хийц” ХХК нь анх 2002 онд байгуулагдсан. Үүссэн цагаасаа эхлэн шил боловсруулах технологийн шинэ дэвшил бүрийг үйлдвэрлэлдээ шаргуу нэвтрүүлж ажилласны хүчинд өдгөө салбартаа тэргүүлэх үндэсний үйлдвэрлэгч болжээ. Дэлхийд барилгын шил боловсруулах олон арга барил байдгаас энэ хамт олон одоогоор 90 хувийг эзэмшиж, өөрийн болгож чадсан байна. “Шилэн хийц”-ийн хамт олон харилцагчдадаа олон жилийн туршлага, шил боловсруулах орчин үеийн технологийг амладаг байна.




Энэ сарын 25-нд "Ажилсаг Монгол" хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлэлтийг дэмжих өдөрлөг Сонгино хайрхан дүүрэгт болсон билээ. Тус өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачлан тус дүүргийн 7,9,24,25-р хорооны Засаг дарга болон тус дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр ажил олгогчдын төлөөлөл болон тус компанийн хүний нөөцийн менежер Б.Сэлэнгэ сул ажлын байранд иргэдийг бүртгэж байсан бөгөөд энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-Манай “Шилэн хийц”компани 2002 онд байгуулагдсан. Салбартаа тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. Түүхий шилийг Монголдоо боловсруулаад шилээр хийж болох бүх л зүйлийг хийдэг. Монголын жижиг, дунд бүх шилний үйлдвэр манайхаар анхан болон дунд шатны боловсруулалтаа хийлгэдэг.


-Үйлдвэр нь Сонгино хайрхан дүүрэгт байрладаг юм уу?

-Тийм. Сонгино хайрхан дүүргийн 31-р хороонд буюу Саппоро үйлчилгээний төвийн чанх ард байрладаг. Нэг салбар нь 100 айлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун талд байдаг. Бид хуучин салбараа буулгаж шинээр үйлдвэр барьж эхэлж байна. Барилгын ажил эд явж байна.


-Танай байгууллага ажилтнаа сургаж авдаг гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

-16 жилийн өмнө буюу анх үйлдвэр байгуулагдахад ажилд орж байсан ууган ажилчид өнөөдөр мастер, шилчний 2 болон 3-р зэрэгтэй болсон байна. Эдгээр туршлагатай, чадварлаг ажилчид туслахаар ажилд орсон залуусыг сургаад, дамжлага бүр дээр дагалдуулдаг. Шилний үйлдвэр маш олон дамжлагатай. Тухайлбал, шил нүхлэх, ирмэглэх, маттлах, хатаах гэх мэт олон дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн бий болдог. Дамжлага бүрдээ мэргэшсэн хуучин ажилчдад туслах ажилтнаа нэг нэгээр нь өгч ажиллуулдаг. Онолын сургалтыг нь өгсний дараа шууд үйлдвэр дээр практик сургалт явуулдаг. Үүний дараагаар манай байгууллага албан ёсны эрхтэйгээр шилчин гэсэн үнэмлэх олгодог. Шилчин болсон хүн маань цааш 3 хүртэлх зэрэг хүртэл зэргээ ахиулж болно. Зэрэг ахих тусам малгайн дээрх зураас нь нэмэгдээд, цалин нь ч зэргээрээ нэмэгдэнэ. Мөн удаан, олон жил ажилласан бол удаан жилийн нэмэгдэл гээд олгогдоно.




-Гаднын хөрөнгө оруулалттай юу, үгүй юу?

-Анх байгуулагдахдаа хувийн хувьцаат компани байсан. Харин одоо ТУЗ-тэй болсон. Мөн өнгөрсөн 2017 оноос эхлэн гаднын хөрөнгө оруулагчтай болсон.


-Гаднын хөрөнгө оруулагч компанитайгаа хамтраад ажилчдаа гадаадад мэргэшүүлэх чиглэлийн зүйл байдаг уу?

-Одоогоор яг тийм хөтөлбөр байхгүй. Гэхдээ бид 2012 онд өөрсдийн охин компани болох “Кэй-Ви-Ди”-г байгуулж, Германы “Рото Франк фирм”-ийн албан ёсны Монгол дахь түншээр ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд Германд 25 жил шилний үйлдвэртээ тасралтгүй ажилласан туршлагатай Питер Шварц гэх мэргэжилтэнг Монголдоо авчирч, зөвлөгөө авсан. Манайх Германы тоноглолоор вакуум хаалга, цонхоо хийдэг. Ажилчид даа зөвлөгөө өгүүлж, охин компаниа байгуулж байсан.


-Туслах ажилтан гаа дадлагажуулах хугацаандаа цалин өгөх үү?

-Цалинтай дадлагажна. Унаа, хоолны мөнгө хүртэл олгоно. Манай байгууллагын хамгийн эхний эхлэх цалин 500 мянган төгрөг байдаг. Ажлын зургаан өдөртэй. Хагас сайн өдрийн цалин нь Хөдөлмөрийн хөлсний тухай хуулиараа илүү цагаар бодогдоно.


-Одоогоор зөвхөн туслах ажилтны л орон тоо байгаа юм уу?

-Үйлдвэрт туслах ажилтан л авна. Харин оффист нягтлан, дизайнер, нярав гээд ажлын орон тоо байгаа.


-Шилээ юугаар хийдэг вэ?

-Манай байгууллага Хятадаас түүхий шил оруулж ирээд Монголдоо боловсруулж, шилээр хийж болох бүх л зүйлийг хийнэ.


-Захиалгын хувьд ихэвчлэн байгууллагууд байна уу. Эсхүл хувь хүн гээд хамаагүй байдаг уу?

-Захиалга бол янз бүр. Байнга захиалгад дарагдаж байдаг. Улирлын чанартай бус жилийн дөрвөн улиралд байнга ажил буцалж байдаг. Шилтэй л холбоотой бүх л зүйлийг хийсэн байдаг. Манай хүрээгүй газар гэж бараг байхгүй.


Зургийг шилэн хийц ХХК-ын пэйжээс авав








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.