2018,6-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Будмаа: Хэдэн ч хоног туршилтаар ажилласан цалин авах ёстой

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Манай улсад гурван хүн тутмын нэг нь ажилгүй байна гэсэн тоон мэдээ бий. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 327 аж ахуйн нэгжид 1204 ажлын байр байгаа бол харин Сонгино хайрхан дүүрэгт 44 байгууллага, аж ахуйн нэгжид 433 сул ажлын байр байгаа аж. Энэ сарын 25-нд "Ажилсаг Монгол" хөтөлбөрийн хүрээнд  ажил эрхлэлтийг дэмжих өдөрлөг Сонгино хайрхан дүүрэгт боллоо. Тус өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачлан тус дүүргийн 7,9,24,25-р хорооны Засаг дарга болон тус дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр тус дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Будмаатай цөөн хором ярилцлаа.




-Ажилгүй иргэд их байна гэх атлаа ажил хайж буй ажил олгогчид бас тэр хэмжээгээр байна. Тэгвэл иргэд ажилгүй, ажилд орж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Маш олон ажлын байр байгаа. Гэхдээ хамгийн гол нь миний сонирхолд нийцэж байна уу, амьдралд нийцэж байна уу гэдгээ харах хэрэгтэй. Тэгэхгүй шууд л юу нь мэдэгдэхгүй газар очоод өөрийнхөө хүсээгүй ажлаа хийж болохгүй. Иргэдийн ажилгүй байгаагийн нэг шалтгаан нь өөрийн хүссэн, сонирхсон, чадах зүйлээ тодорхойлоогүй байгаад бас бий. Эхлээд өөрийгөө юунд дуртай, сонирхолтой, чадах вэ гэдгээ олох нь чухал юм. Манай хөдөлмөр эрхлэлтийн алба дээр маш олон ажлын байрны захиалга ирдэг. Манай байгууллага дээр очоод үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно. Ганцаарчилж зөвлөгөө өгдөг өрөө гэж бий. Мөн манай сайт руу ороод ямар ямар ажлын байр байна гэдгийг харах боломжтой. Хороо бүр дээр мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд ажлын байрны жагсаалт очдог, тэр жагсаалт 14 хоног тутам солигдож, шинэчлэгдэж байдаг. Мөн сонирхсон ажлын байран дээрээ нэг өдөр очоод үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө мэрийлттэй байх хэрэгтэй. Амьдрах гэж ажиллаж байгаа учир ажлын байрны нөхцөл, цаг зэрэгтэйгээ танилцах нь чухал. Юу ч байсан яахав гэж ярьж болохгүй. Нуруу нь өвддөг хүн байлаа гэхэд үйлчилгээний байгууллагад ажиллахад хэцүү. Одоо ер нь ихэнх үйлдвэрүүд техник, тоног төхөөрөмж дээр ажилладаг автомат болсон. Их амар болсон байна лээ. Мөн ажилчдын унаатай, хоол, унааны мөнгөтэй болсон.


-Иргэдийн зүгээс  очоод ажилд бүртгүүлэхээр маргааш, нөгөөдөр ярья гээд таг болдог гэж байна. Мөн ямар ч гэрээ хийхгүйгээр ажилд авчхаад цалингаа өгөх болохоор хулхитаад байна гэх мэтийн гомдол их байдаг.

-Тийм асуудалд иргэн өөрөө очоод уулзахдаа маш сайн ярих ёстой. Шууд ярилцлага аваад авна гэсэн ажлын байр маш олон байгаа. тиймээс тэр дор нь л хариугаа авах ётой. Та яг хэд хоногийн дараа хариу хэлэх юм, захимаар хариу хэлэх юм уу, яах юм бэ гэх мэтээр асуух хэрэгтэй. Гэрээ хийх хийхгүй байх нь ажил олгогчийн эрх үүрэг. Гэхдээ өөрсдөө иргэд түүнийгээ баталгаажуулах ёстой. Би танайд хоёр хоног дагалдан хийх юм байна. Хоёр хоногийн дараа гэрээ хийх юм байна. Үүнийгээ та надад баталгаажуулаад өгчих гэдэг ч юм уу. Бүр болохгүй бол өөрөө бичээд гарын үсэг зуруулах. Мөн хийсэн ажлаа баталгаажуулж, зурагжуулах ёстой. Тэрний дараа таны эрхийг хамгаалдаг байгууллага бий. Хуучин дадлагын хугацаа гэж байсан бол одоо болиулсан. Хүн хэд ч хоног туршилтаар ажилласан байсан мөнгөө авах ёстой.


-Танай хөдөлмөр эрхлэлтийн албаар зуучлуулсан тохиолдолд дээрх хүндрэлүүд гарахгүй байна гэсэн баталгаа бий юу?

-Бид нар аль болох ажил олгогч байгууллагуудтайгаа тиймэрхүү асуудал гаргахгүй байх тал дээр харилцдаг. Учир нь манайд тэд нар ажлын байрны санал олгоод харилцан зуучлалын мэдэгдэх хуудас өгч, хамтын ажиллагаа гэдэг утгаараа аль болох манайд бүртгүүлсэн иргэдийг ажилд авахыг зөвлөдөг. Ажилд авсан тохиолдолд цалин мөнгөө тогтвортой өгөх зэрэг асуудлыг ярьдаг. Гэхдээ ихэнхдээ иргэдийн хайнга асуудлаас болоод иргэд шууд ажлыг нь хаяад явчихдаг. Тэгэхээр танай зуучилсан хүн чинь хаяад явчихлаа, ямар хүмүүс явуулаад байгаа юм бэ гэх мэтээр маш их ханддаг. Тиймээс манай байгууллага ажилд орохоор ирсэн хүмүүст тухайн ажлын байрны талаарх мэдээллийг нь эхний ээлжид маш сайн өгч, хөдөлмөрт бэлтгэх богино хэмжээний сургалтыг хийж байна.


-Оюутнуудад зуны амралтаараа ажиллах цагийн ажил байдаг уу?

-Байгаа. Цагийн ажлын захиалга манайхтай гэрээтэй барилгын 2-3 компаниас ирдэг. Өглөө нь зааварчилгаа аваад орой нь цалингаа аваад явдаг.


-Үсчин гоо сайханчаар үнэгүй сургаад, ажлын байраа бий болгоход нь бас зээд тусламж үзүүлдэг гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Эхлээд дүүргийнхээ мэргэжил олгох сургалтад үнэгүй хамрагдана. Үүнийхээ дараагаар үсчин, гоо сайхнаа ажиллуулахад надад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гээд төслөө бичээд өгөх юм. Санхүүгийн дэмжлэгт манайх 3 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг олгодог. Тэр мөнгөөрөө тоног төхөөрөмжөө авчихлаа. Дараа нь тухайн хүнд ажлын байрны түрээсийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэг газар түрээслээд ажиллахад эхний зургаан сар хүртэл нь 250 мянган төгрөг хүртэлх түрээсийн хөнгөлөлтийг манайхаас олгодог. Тухайн хүнийг хөл дээрээ тогтоод, тогтвортой ажилтал нь дэмжинэ. Дараа дараагийн шат дараатай зээл, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ямар дэмжлэг байна тэр бүхэнд нь тусалдаг. Хэрэв ажилтан хэрэгтэй байвал мэргэжлийн хүмүүсийг зуучлах гэх мэтээр. Ганцхан үсчин, гоо сайханч гэлтгүй хувиараа юм хийдэг, оёдог, урладаг хүмүүсийг тиймэрхүү санхүүгийн зээлд хамруулж өгдөг. Мөн худалдааны дэмжлэг гэж бий. Тэр нь хийсэн бүтээгдэхүүнийг нь үнэ төлбөргүй үзэсгэлэн худалдаанд оруулах, лангууных нь түрээснээс тодорхой хэмжээгээр хөнгөлөх гэх мэт маш олон дэмжлэг үзүүлдэг.


 -Гурав хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг нь барьцаа хөрөнгө шаарддаг юм уу?

-Барьцаа хөрөнгө шаардахгүй. Мөн хүүгүй, хоёр хүртэлх жилийн хугацаатай. Тухайн хүний бичсэн төслөөс шалтгаална.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байранд зуучлагдаж байна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авмаар байна гэсэн байгууллага маш олон бий. Гэвч яг ажилд оръё гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн цөөхөн байдаг. Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан байгууллагад ажил олгогчийн дэмжлэг өгдөг. Ажил олгогчид маш дуртай авдаг. Харин ажиллуулаагүй тохиолдолд тухайн албан байгууллага төлбөр төлдөг.

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


er ni hunii hudulmuriin hulsiig uguhgyi hyn uudluhgyi l dee