Нийгэм


Жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг анхаарууллаа

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт өчигдөр/06.21/ Замын-Үүд суманд үргэлжиллээ. Тэрбээр энэ үеэр Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав.

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар олон иргэд ярьж оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхаарууллаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.