Нийгэм


"МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД”-ИЙГ ДЭЛГЭН ҮЗҮҮЛНЭ

4 жил, 3 сар TIMES.MN
Монгол улс ба Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ 2015 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа билээ. 
Франц улс бол 1965 онд Монголтой дипломат харилцаа Өрнөдийн орнуудаас анх удаа тогтоосон төдийгүй сүүлийн 25 жилийн турш Монголын улс төрийн шинэчлэл, эдийн засгийн хөгжлийн тууштай дэмжиж байгаа гүрэн юм. 

Энэ ойн хүрээнд хэрэгжүүлж буй урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн харилцааны олон талт үйл ажиллагааны нэг нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс Монголын Үндэсний музейд гаргаж буй "МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД. Хорин жилийн хамтын ажиллагаа" үзэсгэлэн юм. 

Энэхүү үзэсгэлэнд сүүлийн 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд нээгдсэн 50 багц 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Эдгээр олдворын 60 хувь нь урьд өмнө нийтэд хүргээгүй цоо шинэ олдворууд байна. Үзэсгэлэн 2015 оны 6-р сарын 18-наас 8-р сарын 30-ны хооронд Монголын Үндэсний музейд гарах юм. 

Монгол-Францын археологийн хамтын ажиллагаа 1994 оноос эхлэлтэй. Үүнээс хойш Монголын түүхийн бараг бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 17 дурсгалт газарт хийжээ. 

1994-1999 онд Эгийн голын хөндийд УЦС баригдах талбайг чөлөөлөх зорилгоор олон дурсгалыг малтсаны дотор хүннүгийн бүтэн оршуулгын газрыг Монголд анх удаа бүрэн малтаж дуусгасан байдаг. Тус судалгааны гол үр дүн нь монголчуудын эртний өвөг нь хүннү нар болохыг палеогенетик буюу эртний удамшил судлалын орчин үеийн аргаар тогтоож шинжлэх ухааны томоохон дүгнэлтийг хийгээд байна. Одоо энэ дүгнэлтээ улам баталгаажуулахын тулд Архангай аймгийн нутагт хүннүгийн өөр нэгэн оршуулгын газарт томоохон хэмжээний малтлага хийж байгаа юм. 

Монгол-Францын чулуун зэвсгийн үе судлах төслийн хамт олон Хойд Цэнхэрийн гол, Мойлтын ам, Дөрөлж, Тамсагбулаг зэрэг томоохон дурсгалуудад гүнзгийрүүлсэн судалгаа хийж 5000 орчим чулуун зэвсгийн зүйлсийг илрүүлэн түүвэрлэсний дээр Хэнтий аймгийн Норовлин сумын Салхитаас олдсон эртний хүний гавлын ясны хэсгийг түрүү хомо сапиенс болохыг илрүүлж он цагийг нь 28,000 жилийн өмнө амьдарч байсныг тогтоожээ. 

Монгол-Францын хамтарсан археологийн экспедици Монгол Алтайн бүс нутагт түрүү төмрийн үеийн Пазарыкийн соёлын нүүдэлчдийн оршуулгыг Монголд анх удаа малтаж одоогийн байдлаар 38 дурсгалаас 200 гаруй олдвор хэрэглэгдэхүүн илрүүлээд байна. Эдгээр нь мөнх цэвдгийн бүсэд тархсан дурсгалууд учир онцгой сайн хадгалалттай органик эдлэл, түүний дотор, мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл эдлэл гардаг гайхамшигт булшнууд гэж дэлхийд алдаршсан байдаг. Мөн тус экспедици хүрлийн үеийн хэд хэдэн шинэ төрлийн дурсгалыг Монгол Алтайн бүс нутагт нээж, он цагийг нь нарийвчлан тогтоож, гарал үүслийг нь палеогенетикийн аргаар тодруулж байна. 

Монголын эзэнт улсын үеийн язгууртны булшнуудыг Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малтан судалж 100 гаруй онцгой ховор үнэт олдворуудыг олсныг Францын талын хөрөнгөөр сэргээн засварлуулжээ. Нийтдээ 1996-2014 оны хооронд 200 гаруй олдворыг Францын хамтрагчид 200,000 гаруй евро зарцуулж сэргээн засварлуулж Монголын талд хүлээлгэн өгчээ. Мөн Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын төлөө цөөнгүй ажил хийсний нэг нь үзэсгэлэнгийн хүрээнд 2 хүн чулууг бүтэн хэмжээгээр нь хуулбарлуулж Монголын Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.