2018,6-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Хөвсгөл нутгийн уянгалаг хөгжмөөр эгшиглэсэн үдэш

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Монголын хөгжмийн урлагийн түүхэнд анх удаа нутгийн хөгжмийн зохиолчдыг нэгтгэсэн тоглолт боллоо.




Тодруулбал, Хөвсгөл нутгаас 20-р зууны эхэн үеэс өнөөг хүртэл 17 хөгжмийн зохиолч төрсөн бөгөөд тэдгээр хөгжмийн зохиолчдод хүндэтгэл үзүүлэх “Хөвсгөл- Алтандуулга, хөгжмийн зохиолчид” хэмээх хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Улсын филарамонийн тайзнаа болов. Тус арга хэмжээг 20 жил тасралтгүйгээр газар тариалангийн үйлдвэрлэлээ эрхэлж буй “Хөвсгөл Алтандуулга” компани ойн хүрээндээ зохион байгуулсан юм. Ийнхүү нутгийн хөгжмийн зохиолчдыг нэгтгэсэн тоглолт өмнө ямар ч аймаг зохион байгуулж байгаагүй билээ.




Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээж, Хөвсгөлчүүд анхдагч болж шанг татаж байна.


Хөвсгөлийн Алтандуулга компани нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд газар тариалан, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн нэг. Хөвсгөл нутгийнхаа эрүүл хөрсөнд тариалсан түүхий эдээр, химийн орц найрлагагүй, элдэв хольцгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулах, "эрүүл монгол хүний төлөө" гэсэн эрхэм зорилгоор ажилладаг аж. Өөрсдөө буудайгаа тарьж, сорт бүрийг туршиж, хамгийн тохиромжтойг нь сонгож, яавал органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү хэмээн оюун ухаан, сэтгэл, хүч хөдөлмөрөө шингээдэг хамт олон.




Хөвсгөл-Алтандуулга” компанийн гүйцэтгэх захирал Доржпүрэвийн Дуламсүрэн хүндэтгэлийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Хөвсгөл нутгаараа овоглосон олон арван бахархалт түүхийн бичээсэнд том орон зай эзэлж, монголын хөгжмийн урлагт өөр өөрийн ертөнцийг бүтээсэн, Хөвсгөлийн түүхийг аялгуу эгшгээр баринтагласан эрхэм хүмүүс бол 20-р зуунаас 21-р зуунд та бидэнтэй хамт зохиол бүтээлээ туурвиж, амьдралд гэгээн тунгалаг хөг аялгуу нэмж яваа хөгжмийн зохиолчид гэж бодож байна. Тийм учраас Хөвсгөл-Алтандуулга компанийн хамт олон бид газар тариалангийн салбарт тасралтгүй 20 жил ажилласан тэгш ойн арга хэмжээнийхээ хүрээнд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар санаачилсан юм. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа нь сайн сайхныг бусаддаа түгээх, манай хамт олны эрхэм зорилго, сайн үйлсийн маань үргэлжлэл” гэлээ.




Монгол Улсын Филарамонид зохион байгуулсан уг хүндэтгэлийн тоглолтод Хөгжмийн зохиолч, цэргийн хөгжмийн алдарт зүтгэлтэн, удирдаач, МУАЖ П.Хаянхярваа, Хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач, МУУГЗ Т.Насанбуян, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Даваадорж, Хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ С.Дашням, Хөгжмийн зохиолч, удирдаач, МУСТА Ж.Эрдэнэбилэг, Хөгжмийн зохиолч, удирдаач, МУСТА Д.Пүрэвсүрэн, Ая зохиогч, дуучин, МУСТА С.Баянмандах, Хөгжмийн зохиолч, МУСТА О.Эрдэнэбат, Хөгжмийн зохиолч, Хөгжим судлаач МУУГЗ Т.Сэр-Од, Хөгжмийн зохиолч, МУСТА Ц.Эрдэнэбат нар уригдан иржээ.


Эхний хэсэгт Хөвсгөлийн хөгжмийн зохиолчдын нэг, нэг дууг дуучид дуулж, зарим нь өөрсдөө төгөлдөр хуур тоглож үзэгчдэд бүтээлээ хүргэсэн юм. Энэ тоглолтын хамгийн сэтгэл огшоосон нь хоёрдугаар хэсэг. Хөгжмийн зохиолчдын олны танил болсон дуунуудын сэдэв аялгууг хөгжүүлж Морин хуурын чуулга хөгжимдөхөд зориулсан хөгжмийн бүтээл болгон найруулах санаачлагыг “Хөвсгөл-Алтандуулга” хувьцаат компани гаргаж аязыг цуврал болгон бэлтгэж энэ үдэш эгшиглүүлэв.




Морин хуурын чуулга, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн найруулж, ирсэн зочдын сонорыг мялаасан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.


Тухайлбал


-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач МУУГЗ агсан Гомбожавын Баасанжавын хөгжим “Цэлгэр цэнхэр нутаг”

-Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач МУАЖ Пүрэвжавын Хаянхярваагийн хөгжим “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”.

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч МУСТА Очирбатын Эрдэнэбатын хөгжим “Нүдэн гоо”.

-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач МУУГЗ Товуугийн Насанбуянгийн хөгжим “Орь залуу нас”.

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч, удирдаач, “Морин хуур” наадмын Тэргүүн шагналт, МУСТА агсан Жигжидийн Жаргалсайханы хөгжим “Гэнэн сэтгэл” киноны дуу.

-Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул хөгжмийн зохиолч, судлаач, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУУГЗ Тогтохын Сэр-Одын хөгжим “Зөвхөн чамдаа”.

-Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул Цэргийн хөгжмийн зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ агсан Рэнцэндоржийн Ганбатын хөгжим “Насны ганц хань”.

-Хөвсгөл аймгийн Чандмань- Өндөр сумын уугуул хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУСТА Цэндээгийн Эрдэнэбатын хөгжим “Бодлын бороо- Сэтэрт тал”.




Монголын хөгжмийн түүхэнд тодоос том мөрөө үлдээсэн, монголын нийгмийг хөгжмийн аялгуу эгшгээрээ бүүвэйлж, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх үйлст зүтгэж яваа эрхмүүд өөрсдийнхөө уран бүтээлийг нэгэн тайзнаа тоглож, Хөвсгөлийн зон олноо ийнхүү баясгасан юм.




                            


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


сайхан тоглолт болсоон