Улс төр


ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.20) хуралдаан 66.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 52 минутад эхэлж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хэлэлцэх асуудлын дараалалд “Бусад асуудал”-ын хүрээнд нийгэм, олон нийтийн анхаарлыг татаж буй, аль нь зөв, аль нь буруу нь тодорхойгүй асуудлуудыг хэлэлцэх нь зохисгүй. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг тогтоох, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гээд хойшлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэн.

72.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

    Ийнхүү хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа танилцуулсан. 

    Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэжээ. Иймд нэр бүхий УИХ-ын гишүүний гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж, хориг тавьсан байна. 


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд үүсч болох эрх зүйн үр дагаварын талаар УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулж хариулт авсан. Ц.Мөнх-Оргил гишүүн “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх явцад хууль зүйн тодорхой гаргалгаа хийх шаардлагатай болж байна. Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч холбогдох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий хэмээн тайлбарласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч боломжгүй гэдэг тайлбар өгч байсан. Тиймд УИХ-ын тухай хуульдаа үүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлж, өөрчлөлт оруулах нь дараа дараагийн парламентад чухал ач холбогдолтой” гэдэг байр суурийг илэрхийллээ.


    Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бүртгэлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах талаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарим заалтыг гүйцээн боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3-т заасны дагуу хураалгах саналыг томъёоллыг Байнгын хорооны хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн боловсруулсан байна. Тухайлбал, “Улсын бүртгэлийн байгууллагын орон нутгийн салбар нэгж” гэснийг “Улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг” гэж төслийн нэр томъёог жигдлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч эрх зүйч мэргэжилтэй байхаар төсөлд тусган уг асуудлын хүрээнд хуулийг дагаж мөрдөх журмын хуульд холбогдох зохицуулалтыг тусгах, хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх саналын томъёоллуудыг бэлтгэжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д үндэслэн Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ. 

    Танилцуулгатай холбогдуулан Ж.Батзандан гишүүн асуулт асууж, ажлын хэсгийн даргаас хариулт авлаа. Бүртгэлийн багц хуулийг өмнөх парламент шинэчилсэн, салбарын эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар ямар байр суурьтай байгааг тодруулахад “Багц хуулиудын ерөнхий зохицуулалт, суурь зарчим өөрчлөгдөөгүй. 2002 оноос хойш үргэлжилж байгаа эрх зүйн реформын ажил дараагийн шатандаа гарч байгаа гэж ойлгож болно. Мэдээж хууль батлагдмагц бүртгэлийн салбар дахь асуудлууд өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Хуулийг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа, бэлтгэл шаардлагатай. Тиймдээ ч хуулийн дагаж мөрдөх хугацааг Засгийн газрын бэлтгэл хангах ажлыг тооцон төсөлд тусгасан байгаа юм. Зарчмын гол өөрчлөлт гэвэл төрийн мэдэлд байгаа бүх төрлийн бүртгэлүүд нэг тогтолцоо, нэгдсэн зарчим, арга зүйгээр нэг баазад суурилан, хоорондоо мэдээллээ солилцдог бололцоог л бүрдүүлэх зорилготой” хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарлав. Улсын хэмжээнд байх 130 төрлийн бүртгэлээс төрөлжсөн бүртгэл хэмээн үзэж 50 гаруйг Засгийн газар тогтоон, нэгтгэгдэх аж. Төрийн үйлчилгээний 65-70 хувийг бүртгэлийн байгууллагууд үзүүлдэг гэсэн тоон мэдээ байдаг ба дээрх хуулийн төсөл батлагдан, хэрэгжснээр энэ бүртгэлтэй холбоотойгоор иргэдэд учруулдаг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой аж. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим санд нэгтгэхээр ярьж байгаа хэдий ч улсын хэмжээнд нийт аймаг, сумдад дэд бүтэц нь бий эсэхийг Байнгын хорооны дарга тодрууллаа. Улсын хэмжээнд шилэн кабельд холбогдоогүй 28 сум үлдсэн бөгөөд энэ онд төсвийн хөрөнгө оруулалт болон Мэдээлэл, холбооны сүлжээ компанийн хөрөнгө оруулалтаар 4 сум нэмж шилэн кабельд холбогдох юм байна. Үлдсэн 24 сумыг шилэн кабельд холбох төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд 2020 он гэхэд нийт 330 сумыг шилэн кабельд холбож дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар ажлын хэсэг тайлбарлав. 


    Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, хууль батлагдсаны дараа дагаж мөрдөх 33 журам батлагдах бөгөөд үүгээрээ хуулиас давсан зохицуулалтууд хийж, иргэдийг чирэгдүүлэх нөхцөл үүсгэж болохгүйг холбогдох албан тушаалтнуудад анхааруулан УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы төгсгөлөөр багц хуулийн хэрэгжилт болон дагаж мөрдөх журмуудын талаарх мэдээллийг Байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

    “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Бүртгэлийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан  Газрын тухай болон кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг 2019 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засаглалыг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой арга хэмжээг судалж, танилцуулах, багц хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэхийг Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгахаар тусгажээ. Төслийн талаар тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гарган, гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 

    Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулд оруулах өөрчлөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Бүртгэлийн багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор боловсруулсан дээрх төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан анхны хэлэлцүүлгээр нь батлахаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олон дэмжсэн тул энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн. 

    Үүний дараа Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн  хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийхийн зэрэгцээ нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн олонхиор дэмжсэн саналуудыг нэмж тусгасан байна. Мөн хууль хоорондын зөрчил арилгах зорилгоор зарим төслийг боловсруулжээ.  Ажлын хэсгээс Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга хийгээгүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 


    Ингээд дараагийн асуудал болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга хийгээгүй тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Үүний дараа Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслүүдийн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан бөгөөд гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжихээр нэгбүрчлэн санал хураалт явуулахад гишүүд санал нэгтгэйгээр дэмжсэн юм.  

    Үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Эд хөрөнгийн зарим эрхийг цахимаар бүртгүүлэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой үйлчилгээний хураамж авах зохицуулалтыг хасах, улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийн нэршлийг өөрчлөх, мөн иргэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэртэй холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гаргахаар өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг ажлын хэсгээс бэлтгэсэн байна. Түүнчлэн Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асуун, ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Эрүү болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг нэгтгэх нь зүйтэй гэв

    Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүү болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтэд мониторнг хийж, өөрчлөх шаардлагын талаар судалгаа хийж, төслүүдийг боловсруулж байгаа учир үүнээс өмнө зарим төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн энэ төрлийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулаад, салбарын яамнаас боловсруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд илэрхийлээд, уг асуудлыг санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эрүү, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. 

Зарим дүүрэгт шүүх байгуулахтай холбоотой хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

    Үүний дараа Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсөлд Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар,  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт хууль зүйн хувьд шүүх байгуулах шаардлага үүссэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулахаар хуулийн тусгасан байна. Энэ тохиолдолд 4 шүүгч, 4 ажилтан нийт 8 орон тоо нэмэгдэж, шүүгч, ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын зардал, шүүхийн тамга, тэмдэг, хаяг хийлгэх, тавилга, тоног төхөөрөмж, шүүхийн байрны түрээс, ашиглалтын зардал зэрэг шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад 2018 оны сүүлийн хагас жилд нийт 323,2 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлагатайг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Уг шийдвэртэй холбоотой урсгал зардлын асуудлын талаар Байнгын хорооны дарга тодруулж, ажлын хэсгээс хариулт авлаа.


    Ингээд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулав. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг мөн 91.7 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Өнөөдрийн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг хуралдан Засгийн газраас танилцуулсан саналын томъёоллыг хэлэлцсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдэд хүлээлгэх ял, ялын бодлогыг хэт сулруулахаар байгаа зохицуулалтыг төслөөс хасаж, холбогдох хязгаарлалтыг хийх нь зүйтэй хэмээн үзэж зарчмын зөрүүтэй саналын 2 томъёоллыг бэлтгэжээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, тодруулга гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.