Монгол Улсад ихэвчлэн тохиолддог ой, хээрийн гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ус, уулын болон цацраг, химийн хорт бодисын ослын хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад дэмжлэг үзүүлж ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги байнгын үүрэг гүйцэтгэн ажилладаг.

   Тус ангийг ОХУ-ын Онц байдал, Иргэний хамгаалалтын яамны бүтцэд ажилладаг төв аврах бригад, БНСУ-ын Үндэсний аврах бригад-119 зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишигт ойртуулан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангитай нэгтгэн өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад үүрэг гүйцэтгэх чадавхитай Үндэсний аврах бригад болгох, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг нэгдмэл удирдлага, бүтэц, зохион байгуулалтад шилжүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөх Засгийн газрын тогтоол гарсан.

 Тэгвэл Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан Үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслолын ажиллагаа маргааш Аврах тусгай ангийн жагсаалын талбайд болох юм. 

Мөн энэ үеэр Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслол болно. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт  130 гаруй алба хаагч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.