Нийгэм


Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна

4 сар, 4 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. 

 

Өнөөдрийн байдлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд Ази номхон далайн бүс нутгийн 60 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд хэмжээний 3000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэлд хамрагдаад байна. Азийн сайд нарын бага хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ бөгөөд 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн хэмжээний хурал гэдгээрээ онцлог юм.

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын гол зорилго нь ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдэж байгаа юм.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенц”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхий нийтийн дагаж баримтлах томоохон баримт бичгүүдийг өөрсдийн үндэсний онцлогтоо тохирсон эдийн засгийн үзэл баримтлал, хөгжлийн хэтийн бодлоготойгоо уялдуулсан урт хугацааны төлөвлөлтийг тусгах, дэлхий дахинд, бүс нутагт, улс орнууд, үндэстэн, орон нутаг, олон нийтийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх эрхэм зорилго дэлхий нийтийн нэн тэргүүлэх чиглэлийн асуудал болж байна.

 

Монгол Улсын хувьд ч “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг Улсын Их Хурлаар баталж нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудын зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлж, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр оруулсан байдаг.

 

Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Ази, Европын (АСЕМ) дээд түвшний 11 дүгээр уулзалтад 50 гаруй орны төрийн тэргүүн, төлөөлөгчид оролцож “Улаанбаатарын тунхаг”-ийг батлан гаргасан билээ.

 

Энэхүү тунхаг бичигт 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага зэрэг чиглэлээр түншлэл, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхээр тусгасан нь бидний хүлээж буй олон нийтийн чадавхыг бэхжүүлэх, түүнд суурилсан эрсдэлд тэсвэртэй тогтвортой хөгжлийг бий болгох зорилготой уялдаж байгаагаараа онцлогтой юм.

 

2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөө, Делигийн тунхаглалыг батлан гаргасан. Энэ тунхаглал нь гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн үүрэг, амлалтыг өгөхөд оршиж байгаа юм.

 

Монгол Улсад ирэх сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 бага хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэнэ.

 

2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргах юм.

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 4 долоо хоног []


ХЭНД ХЭРЭГТЭЙ ХУРАЛ ВЭ? БОЛИМООР ЮМ. АСЕМИЙН ГАЙ ДУУСААГҮЙ БАЙНА.