Нийгэм


Аргалийн тоо толгой 30 орчим, халиун буга, молцос хандгай, тарвагны тоо 20 хувиар өсчээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжид тулгуурлан БОАЖЯ хамтран хэрэгжүүлсэн билээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн хаалтын семинар өнөөдөр болсон бөгөөд хурлыг нээж БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга П.Цогтсайхан болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гаспарикова нар үг хэллээ.



Төсөл хэрэгжүүлсэн өнгөрсөн таван жилд Увс аймгийн Сагил, Бөхмөрөн, Хэнтий аймгийн Батширээт, Норовлин, Дорнод аймгийн Цагаан овоо, Баян-Уул сумын “Гулзат”, “Хавтгар”, “Түмэнхаан-Шалз” хэмээх орон нутгийн тусгай хамгаалалттай 780 гаруй мянган га газарт биологийн төрөл зүйлийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гэсэн хос зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд менежментед оролцогчдын чадавхи бэхжиж, 72% нь GPS багаж, 51% нь дуран, 32% нь мотоцикльтэй болж материаллаг бааз бий болжээ. Төсөл хэрэгжсэн дээрх хугацаанд 435 малчин өрхийн 470 мянган га бэлчээр нутаг хамгаалагдсан төдийгүй аргалийн тоо толгой 30 орчим, халиун буга, молцос хандгай, тарвагны тоо 20 хувиар өсчээ. Орон нутгийн тусгай хамгаалалттай дээрх газар нутагт 33 байгаль хамгаалах нөхөрлөлийн 418 өрхийн 1250 шахам иргэн гэрээгээр, 50 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна. Энэчлэн төслийн хүрээнд бий болсон үр дүнг цаашид тогтвортой байлгахын тулд малын бэлчээр, зэрлэг ан амьтныг цогцоор нь хамгаалах зорилгоор “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-той хамтран “Итгэмжлэх сан” байгуулсан байна. Дээрх төслийн үр шимийг хүртэгсэд байгалийн нөөцийн хамтын менежментийн мэдээллийн санг үүсгэн байгуулсан төдийгүй бэлчээр, байгалиа хамгаалах, малын эрүүл мэндийг хангах хөшүүргийг бий болгожээ. Мөн Монгол улсын хэмжээнд 1300 гаруй орон нутгийн тусгай хамгаалалттай 23.7 сая газар байгаагаас гадна байгаль хамгаалах 1078 нөхөрлөлийн нийт 4.7 сая га газар нутаг нөхөрлөлийн нэгдсэн мэдээллийн санд бүргэгджээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.