Улс төр


Ерөнхийлөгч Х.Баттулга Дональд Трампад баяр хүргэсэн илгээлт явуулав

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Трампад баяр хүргэсэн илгээлт явуулсан байна. Ерөнхийлөгч илгээлтдээ: ““Ноён Ерөнхийлөгч өө, Юуны өмнө АНУ, БНАСАУ-ын удирдлагуудын Сингапур Улсад хийсэн түүхэн уулзалт амжилттай болж өндөрлөсөнд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чин эрмэлзлээ баталгаажуулсан нь энэ бүс нутагт энхтайван, аюулгүй, тогтвортой байдал тогтож, хөгжил цэцэглэл авчирах бодит эхлэлийг тавилаа гэж үзэж байна.

Та надад 2018 оны хоёрдугаар сард ирүүлсэн захидалдаа, АНУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө тууштай байгаагаа тэмдэглэж, энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрын хариуцлага, тууштай байдал чухал болохыг тэмдэглэж байсан билээ.

Монгол Улс нь өөрийн оршин буй бүс нутгийнхаа тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө тууштай зогсч, энэ эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйл явц хурдацтайгаар эхэлж байна хэмээн Таны хэлсэнтэй санал нэг байна. Монгол Улс цаашид ч энэ үйл явцын нэг хэсэг байж, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ ялдамд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд дахин баяр хүргэж, сайн сайхныг ерөөе” гэжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.