2018,6-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Хааны эрэлд-2018"-д 26 улсын 1,400 орчим цэргийн алба хаагч оролцоно

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Олон улсын цэргийн томоохон дадлага сургуулилт болох “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны сургуулилт Монгол Улсад 15 дахь жилдээ эхлэх гэж буй талаар өнөөдөр Зэвсэгт хүчнээс мэдээлэл хийлээ.


Олон улсын сургуулилтын багийн удирдагч, бригадын генерал Л.Гансэлэм “Энэ жилийн “Хааны эрэлд” сургуулийг Монголын Зэвсэгт хүчин болон олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын болон НҮБ-ын цэргийн ажиллагааны нийтлэг тактик, арга техникүүдээс суралцах, түүнийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна. Энэ удаагийн сургуульд 26 орноос 1400 гаруй цэргийн алба хаагч хамрагдана. Энэ жил Бутаны вант улс анх удаа цэргийн ажиглагч, Катар улсаас салааны бүрэлдэхүүн оролцож буйгаараа онцлогтой. Сургуулилтын хүрээнд бригад, бателеоны удирдлага штабын бэлэн байдал, түүний удирдлаган доорх тактикын сургууулиудыг зохион байгуулж явуулдаг. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүнтэй цэргийн бие бүрэлдэхүүнээс мөн оролцоно” гэлээ. 


Манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд үүргийнхээ дагуу энх тайвны үйлсэд идэвхтэй оролцож Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг НҮБ-ын олон улсын ажиллагаанд оролцуулж, чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хоёр талын болон олон улсын цэргийн сургалтыг хийсээр иржээ. Эдгээрээс хамрах цар хүрээ, ач холбогдлын хувьд томд тооцогдох сургуулилт бол “Хааны эрэлд” юм. Анх 2003 онд Монгол Улс, АНУ хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бол 2006 оноос олон улсын хэмжээнийх болон өргөжжээ.


Энэ удаагийн сургуульд: 


Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Бутан, ИБУИНВУ, Индонез, Итали, Казахстан, Камбож, Канад, Катар, Малайз, Монгол, ОХУ, Унгар, Филиппин, Франц, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг 26 улсын 1,400 орчим цэргийн алба хаагч оролцохоо мэдэгджээ.


Хааны эрэлд-2018” сургуулилтын хүрээнд

-командын штабын,

-ротын хээрийн,

-салаадын хээрийн,

-тусгай хүчний,

-усны,

-гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажиллагааны,

-энхийг сахиулах ажиллагааны сургагч багшийн,

-мэдээлэл олзворлох болон бололвсруулах арга ажиллагааны,

-хүн эмнэлгийн сургалт, дадлага

-хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулах юм байна.


Рот, салаадын түвшний сургуулиар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тактикийн түвшинд үүрэг гүйцэтгэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны мандатад заагдсан нийтлэг үүргийг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, харилцан туршлага солилцох, үүссэн цагийн байдалд рот, салааны болон тасгийн захирагч нар бие даан, оновчтой шийдвэр гаргах, салбаруудын харилцан ажиллагааг зохион байгуулах, удирдах арга барилд дадлагажуулах үндсэн зорилготой. Эдгээр дадлага, ур чадваруудыг явган эргүүл, бүслэн нэгжих ажиллагаа, шалган нэвтрүүлэх цэг, хүмүүнлэгийн бараа түгээх, баазын харуул хамгаалалт, цувааны хамгаалалт, иргэдийг үймээн, самууныг хянах, өвчтөн шархдагсдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гар хийцийн тэсрэх төхөөрөмжөөс хамгаалах зэрэг сургалтын цэгүүдээр суралцагчдад эзэмшүүлэх юм.


Сургуулилтын хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулах бөгөөд олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24, 26 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.


 Хааны эрэлд-2018" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 14-28-ны өдрүүдэд болно. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.