Сонголт


Д.Дуламсүрэн: “Хөвсгөл Алтандуулга” органик бүтээгдэхүүнийг нийслэлийн зах зээлд нийлүүлж эхэлсэн

5 сар, 2 долоо хоног TIMES.MN


 

Бүс нутагтаа хамгийн том тариалан эрхлэгчдийн нэг “Хөвсгөл Алтандуулга”ХК -ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.




-“Алтан дуулга” гэсэн бренд бүтээгдэхүүн сүүлийн үед Улаанбаатарын зах зээлд түрж орж ирж байна.  Үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж байв гээд  манай уншигчдад компаниа танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү?

-Манай компани Хөвсгөл аймгийн Тариалан суманд   газар тариалан, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр гэсэн гурван  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тариалангийн сангийн аж ахуй (CAA) нь 1943 онд байгуулагдсан. 1998 онд хувьцаат компани болж, 20 жил тасралтгүйгээр газар тариалангийн үйлдвэрлэлээ эрхэлж байна.

Манай компани нийт 7000 га талбайд тариалалт эрхэлдэг.  Улаан буудайг дийлэнхи талбайдаа тариалж, халтар арвай, овьёос, ургамлын тос сэлгээнд тариалж байна.

Бид 1998 онд анх жижиг оврын үйлдвэрээрээ гурил үйлдвэрлэж эхэлсэн. Улмаар гурилын үйлдвэрээ шат дараатай өргөжүүлж,  2012 онд   хоногт 100 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулсан нь хүчин чадлаараа бүс нутагтаа томоохонд тооцогддог юм.  2011-2017 онуудад үйлдвэрлэлдээ нийт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийж, 4000 тонн үр тариаг хадгалах, хатаах, цэвэрлэх  механикжсан үтрэм, газар тариалангийн үйлдвэрийн техникийн шинэчлэл зэрэг иж бүрэн бүтээн байгуулалт хийсэн.

Тэжээлийн үйлдвэрийн тухайд малын тэжээл захиалгаар үйлдвэрлэдэг. Газар тариалангаас гарсан түүхий эдээс гадна гурилын үйлдвэрээс гарсан хоёрдогч түүхий эдийг малын тэжээл үйлдвэрлэхдээ ашигладаг юм. Одоохондоо буудайн түүхий эд дээр суурилж хийсэн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Хоногт 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.

Манай хамт олон Хөвсгөл нутгийнхаа эрүүл хөрсөнд тариалсан түүхий эдээр, химийн орц найрлагагүй, элдэв хольцгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж,   хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулах, "эрүүл монгол хүний төлөө" гэсэн эрхэм зорилгоор  ажилладаг. Нөгөө талдаа энэ нь бас манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн онцлог давуу тал болдог юм. Тийм ч учраас  өөрсдөө  буудайгаа тарьж, сорт бүрийг туршиж, хамгийн тохиромжтойг нь сонгож, яавал органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү хэмээн оюун ухаан, сэтгэл, хүч хөдөлмөрөө шингээдэг дээ. Ингэж манай бүтээгдэхүүн гардаг  учраас Хөвсгөлчүүд хэрэглэх дуртай, сэтгэл ханамж өндөртэй, эрэлт хэрэгцээ сайтай байдаг  гэж боддог. Хэрэглэгчдийн маань өгсөн  урам биднийг улам зоригжуулдаг, бас хөглөдөг.   Тиймээс  энэ жилээс  бүтээгдэхүүнээ төвийн болон Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж, бөөний төв, хүнсий захууд, супермаркетуудаар борлуулж эхэлсэн. Өмнө нь захиалгын дагуу л  хотод хүргэлтээр үйлчилдэг байсан бол 2018 оноос “Хөвсгөл Алтандуулга” нэрийн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нээлттэй ханган нийлүүлж байна.


-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-“Алтандуулга” нэрийн буудайн дээд гурил, нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил, гуравдугаар гурил, халтар арвайн гурил, хүүхдийн будаа,  бүхэл үрийн гурил, хивэг үйлдвэрлэж байна. 


-Гуравдугаар гурил гэхээр хивэг санаанд буугаад байна л даа. Энэ бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй гэж сонссон. Онцлог нь юу юм бол?


-Гуравдугаар гурил илчлэг ихтэй.  Хүнсний хивэгтэй төстэй.  Манай нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарцын 3-5 хувийг л гуравдугаар гурил эзэлдэг. Энэ  гурил  эрэлт хэрэгцээ ихтэй, ховор гардаг учир захиалга ихтэй байдаг. Агуулахад хадгалагдана гэж байдаггүй, шууд  л борлогддог.


-Өөрсдөө тариалалт хийдэг байхын  давуу тал нь юу вэ. Уг нь  бэлэн буудай худалдаж аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл хүн хүч, өртөг зардалын хувьд хэмнэлттэй,  амар биш үү?


-Манай компанийн анхнаасаа барьсан бодлого бол ашгаас илүү чанар, өөрийн гэсэн ялгарах онцлогтой байхыг чухалчилж ирсэн . Зөвхөн тухайн үеийн цаг зуурын ашиг харж ажилласан бол олон хүн амтай зах зээлийг сонгож, үйлдвэрээ байгуулаад, импортын болон бэлэн улаан буудайг их хэмжээгээр худалдаж аваад гурил үйлдвэрлээд явахыг илүүд үзэх байсан биз ээ. Мөн Хөвсгөлийн үр тарианы ганц аж ахуйг амжилттай удирдаж, нутгийнхаа хэрэглэгчдийг газар оронд нь ургасан буудайгаар нь хийсэн чанартай гурилаар нь хангахын төлөө ажилласан. Бид 20 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөж, 10 гаруй сортын үр туршиж, хөрсөө хамгаалах гэж халуунд халж, хүйтэнд хөрч явна. Хөрсөө тордох, салхины элэгдлээс хамгаалах, ургамлын үндсэнд уяж, аль болохоор хөрсөө одоогийн түвшингээс нь дордуулахгүй, улам л үржил шимийг нэмэгдүүлэхийг  зорьж байгаа. Энэ бүхэн маань “Алтандуулга” гэсэн органик  бүтээгдэхүүн гэсэн нэр хүнд брендийг бүтээх гэж чармайж, хүчин зүтгэж байгаагийн илрэл. Монгол хүн эрүүл саруул, урт насалж, өвчингүй амьдрахад хүнс хамгийн чухал. Тэр дундаа тариа буудай, гурил  өргөн хэрэглээний бүтээгдэхүүн шүү дээ. Энэ утгаараа нь манай хамт олон хөрсөө тордож, өөрсдөө тариалалт хийдэг юм. Ямар сортын буудайг хэдэн тонн үйлдвэрлэлийнхээ нөхцөлд тааруулж тариалах вэ гэдгээ  шийднэ. 8-12 сортын буудайг тариалаад түүгээр гурил үйлдвэрлэдэг. Яагаад  сортод ингэж  анхаарал тавьдаг вэ гэхээр тухайн үйлдвэрлэж байгаа гурилын өнгө, цавуулаг, чанарт шууд хамааралтай байдаг юм.


- “Алтандуулга” гурилыг   Улаанбаатарын зах зээлд  нийлүүлж эхэлжээ. Борлуулалт хэр байна. Өмнө нь захиалгын дагуу нийслэлчүүдэд хүргэж үйлчилдэг байсан гэлээ.  Энэ олон гурил байхад тэр холоос захиалж авдгийн нууц нь юундаа байна?


-Манай гурилыг нэг хэрэглээд үзсэн хүн дахиж авдаг юм болов уу гэж бодож байна. Үүнд бусдаас ялгараад байгаа нууц гэж юу байхав. Гурилын үйлдвэрүүд ижил технологиор гурилаа үйлдвэрлэж байгаа.

Хамгийн гол нь буудайнд учир бий. Яагаад гэвэл Сэлэнгэ, Төв аймаг гээд тариалангийн бүс нутгуудыг бодоход Хөвсгөл аймаг өндөрлөг газар байрладаг. Эрс тэс уур амьсгалтай. Манай компанийн тариалангийн талбай л гэхэд  далайн төвшингээс 1200-1400 метр өндөрт байрладаг.Тийм болохоор Хөвсгөлд ургасан улаан буудай байгалийн өвөрмөц араншинд зохицоод илүү тэсвэртэй байдаг байх. Ингэснээрээ найрлагад нөлөөлдөг боловуу.  Нөгөөтэйгүүр  өндөрлөг газарт ургасан буудай нь эслэг, кальци ихтэйгээс гадна В витаминаар баялаг байдаг.   Бид өөрсдийнхөө тариалсан улаан буудайнаас гадна Хөвсгөл аймагт, тэр бүс нутагт ургуулсан буудайг худалдаж авдаг юм. Хөвсгөл нутгийн хөрсний үр шим шингэсэн  буудайгаар гурил үйлдвэрлэж байгаа учраас амт, үнэр, чанар нь бусдаас ялгардаг.

Өмнө нь манай компани  бүтээгдэхүүндээ ямар нэг сурталчилгаа маркетинг хийж байгаагүй. Хөдөө орон нутагтаа сурталчилгаагүйгээр  бүрэн борлогддог юм. Энэ жилээс бид илүү өрсөлдөөнд, төвийн зах зээлд нэвтэрч байгаа тул олон нийтэд бид бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж байна. Манай "Алтандуулга" брендийн бүх төрлийн гурил супермаркет, хүнсний захууд, сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн. Төвийн зах зээлд шинээр орж ажиллаад удаагүй ч хэрэглэгчдийн таашаалд нийцэж, борлуулалт төлөвлөснөөс сайн байгаад баяртай байгаа. Хүмүүс эрүүл мэндээ ихэд анхаарч, бүтээгдэхүүний сонголт хийхдээ аль болох экологийн, органик хүнс талаас судалж сонголтоо хийдэг болсон байна.


-Та түрүүнд малын  тэжээл үйлдвэрлэдэг гэсэн.  Эрэлт хэр  нэмэгдэж байна вэ?


-Эрчимжсэн мал аж ахуй хөгжиж, фермерүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд тэжээлийн эрэлт өсөх хандлагатай байна.  Малчид ч их авдаг болсон. Цаашдаа ээлжлэн тариалах систем нэвтрүүлэх учир тариалдаг  таримлын төрлүүдийг нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Сэлгээнд ордог ургамлуудын хувьд ихэвчлэн тэжээлийн ургамлууд байдаг. Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэл ээлжлэн тариалах систем рүү шилжээд явбал тэжээлийн түүхий эдийн нэр төрөл нэмэгдэх боломжтой. Сүүлийн жилүүдэд хөрсний үржил шим буураад байна, үржил шимийг нь хамгаалахын тулд технологио өөрчлөх цаг ирсэн гэж их ярих болсон. Засгийн газар ч энэ талд анхаарч эхэлсэн. Хөрсөө хэрхэн хамгаалах, хөрсний үржил шимийг нь яаж хадгалах вэ гэсэн асуудлыг хөндөхөөр л сэлгээний асуудал яригддаг. Тариалангийн компаниуд бүгдээрээ ээлжлэн тариалах системд шилжиж,   царгас, шош, вандуй, эрдэнэшиш, шар буурцаг гэх мэт ургамлыг сэлгээндээ оруулж тариалаад  ирвэл малын тэжээлийн нийлүүлэлт аяндаа нэмэгдэнэ.


-Танай компанийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудаас анх удаа IPO гаргахаар бэлдэж эхэлсэн гэж сонслоо. Тэр дундаа орон нутгийн компани Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжаална гэхээр шинэ сонин сонсогдож байна. Ямар зорилгоор IPO хийх шийдэлд хүрэв?


- Биднийг урамшуулж, өсөлт хөгжилтөд идэвхижүүлж байдаг зүйл бол хэрэглэгчдийн маань сонголт. Манай компани өөрсдийн нөөц бололцоог бүрэн дайчилж тариалалтаа хийж, мөн бүс нутгийнхаа тариаланчдаас улаан буудайг худалдан авч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээт гурилыг нийлүүлж чадаж байгаа боловч, үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглаж чадахгүй байгаа. Цаашид  түүхий  эдийн нийлүүлэлтээс хамаарах хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэн үр ашгаа сайжруулан өртгөө бууруулж, улаан буудай нөөцлөх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрс хамгаалах шинэ технологи нэвтрүүлэх  зэрэг томоохон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ томоохон өөрчлөлтийг хийхэд урт хугацаатай хөрөнгө оруулалт хамгийн тохиромжтой юм. Иймд манайх хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн хувьд хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө татах, нөгөө талдаа компани томорч байгаа тул хувьцааны төвлөрлийг бууруулан, бусад хувьцаа эзэмшигчидтэйгээ бодит өгөөжөө хуртээхүйц дотоод чадавхи, нөөц бүрэлдэж, компани бэхжсэн. Одоо бид энэ нөөцөө дайчилж ажиллуулах л чухал болж байна.

Өнгөрсөн жилүүдэд бид дан ганц банкны зээлээр, өндөр хүү төлж хөрөнгө оруулалт хийж ирлээ. Бид харилцдаг банкныхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Одоо мөн хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ч мөн хариуцлагатай биелүүлж явах болно.  Өнөөгийн байдлаар “Хөвсгөл Алтандуулга” ХК 256 хувьцаа эзэмшигчтэй, анх хувьчлалын үед цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа эзэмшсэн ихэнхидээ энэ компанитай ажил амьдралаа холбосон, мөн нутгийн компанидаа хувь эзэмших хүсэлтэй орон нутгийн иргэд байдаг. Энэ удаад бид олон нийтэд нээлттэйгээр нэмж хувьцаа гаргахаар хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэсэн. Үр тариа, гурилын үйлдвэрийн орон нутаг дахь компани олон нийтэд нээлттэй хувьцаа гаргаж байгаа нь онцлог байгаа. Ер нь бид өөрсдийн хүнсийг үйлдвэрлэгдэг компанийхаа хувьцааг авч, эрүүл хүнсний үйлдвэрлэлээ дотоодын хөрөнгө оруулалттай байлгах нь зөв хандлага гэж боддог. 


-IPO гаргахын тулд өндөр шалгуур тавьдаг. Байгаль цаг уураас өндөр хамааралтай, эрсдэлтэй гэгддэг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллана гэдэг маш том давуу тал болж байгаа байх?


-Тийм шүү. 20 жил тасралтгүй, уруудаж доройтоогүй, үргэлж өсөлттэй ажиллаж яваа нь бидний гол амжилт, бусдад үзүүлэх үзүүлэлт, бас биднийг дүгнэх үнэлэмж. Хувьчилж авснаасаа хойш 20 жилийн хугацаанд засаглал, менежмэнтээ тогтвортой байлгахыг чухалчилж ирсэн.   Компанийнхаа  менежмент засаглалыг сайжруулах үүднээс хөндлөнгийн мэргэшсэн зөвлөхүүд өнгөрсөн 5 жилийн туршид ажиллуулсан. Бид ЕСББ-ны дэргэдэх бизнест туслалцаа үзүүлэх нэгжийн зөвлөхүүд, БДО аудит, Од бүртгэл аудит, БДО Такс, Хан Лексс Партнерс зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллаж байна.

Компани сүүлийн 5 жил орлогын тогтвортой  түвшинтэй ажиллаж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг 10 дахин өсгөж,  улсад төлөх татвар ч өсөн нэмэгдсээр байгаа  зэрэг нь бидний өнгөрсөн хугацааны түүх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн итгэл хүлээлгэх бодитой үндэслэл болж байна.



-Компаниудыг хэр өгөөжтэй ажиллаж, зөв замаар явж байгааг хэмждэг зүйлийн нэг нь нийгмийн хариуцлага гэж ярьдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд арга хэмжээ зохион байгуулдаг уу?


-Монгол зан заншил, өв уламжлалаа  залуу үе битгий гээгээсэй гэж боддог.  Спортоор дамжуулж, хүүхэд залуусыг төлөвшүүлэх  зорилгоор  “Эрийн хийморь” гэсэн бөхийн барилдаан, компанийн нэрэмжит спортын тэмцээн уралдаанууд тогтмол олон жил зохион байгууллаа. Түрүүлсэн хүүхдийг алдаршуулж,  суманд нь  манай  компани бүтээгдэхүүнээ шагнал болгож  хүргүүлдэг  юм.   Авсан бүтээгдэхүүний шагналаа тухайн хүүхдүүд  сумынхаа амьжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өгдөг уламжлал тогтсон.

Мөн манай компани орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компаниудтай хамтарч, дэмжиж  ажиллахыг зорьдог. Газар тариалан эрхэлдэг компани, хувь хүмүүсийн тухайд тарьсан ургуулснаа хаана борлуулах вэ гэдэг нь том асуудал. Шатахуун тос зарахгүйгээр ойрхон газартаа боломжийн  үнээр өгөхийг хэн ч хүснэ. Тэр тал дээр нь дэмжиж, хамтарч ажилласаар ирсэн. Орон нутаг дахь тариаланчдад техникийн үйлчилгээнд туслалцаа үзүүлэх, сайн чанарын үр нийлүүлэх зэргээр дэмжлэг үзүүлдэг.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг Монголын эдийн засгийн суурь гэдэг. Өнгөрсөн хугацаанд сайн сайхны төлөө уриатай манай компани Хөвсгөл аймгаа эрүүл малын бүс болгохын төлөө хувь нэмрээ оруулахыг зорьж ажилласан. “ Хөвсгөл Нэг үе” клуб, Малын залуу эмч нарын холбоотой хамтарч “Таван эрдэнэ” гэдэг төсөл хэрэгжүүлсэн юм. Бид  төсөлд санхүүжүүлэгчээр оролцсон. Энэ төсөл нь малчдын малыг эрүүл байлгахыг л зорьсон төсөл. Энэ төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 23 сумын 125 багаас 250 жишиг малчин өрхийг сонгон авч, малчдын дунд бие төлөөлөгч байдлаар ажиллуулсан. Улмаар хөтөлбөр таван жилийн хугацаанд 1000 гаруй малчин өрхөд хүрч үр дүнгээ өгсөн юм. “Хөвсгөл-Таван эрдэнэ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөлийг удирдлагын есөн хүнтэй, улмаар 200 гаруй гишүүдтэй байгуулсан цагаас хойш малчдаа тогтмол сургалтад хамруулж, малын эмч нараа ч чадавхжуулах ажлыг тасралтгүй хийсэн.

Мөн зудад нэрвэгдсэн малчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, залуу малчдыг ахмад туршлагатай малчдаас туршлага судлуулах, малын өвчлөлийг судалж голомтыг арилгах талаар малын эмч нартайгаа хамтран ажиллах, сүүний гарц, малын түүхий эдийн чанарын талаар тууштай судалгаа хийх зэргээр  олон ажлыг хэрэгжүүлсэн.   Экспортын шаардлага хангасан чанартай малтай гэдгээрээ Хөвсгөл аймаг бусад аймгаас ялгардаг. Тооны олонд биш чанарт анхаарч, эрс тэрс уур амьсгалд дасан зохицож чаддаг шилдэг үүлдэрийн мал бол манай аймгийн нэрийн хуудас  юм.


-Наад зах нь малынхаа махыг экспортолж доллар олъё гэхээр малын элдэв өвчин саад болдог. Ийм агуулга, зорилготой төслийг улс даяар хэрэгжүүлвэл өндөр үр дүн гарах юм байна. “Таван эрдэнэ” төслөө аймагтаа  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?



-“Таван эрдэнэ” төслийн үргэлжлэл нь “Хотол шим” гээд төсөл. “Таван эрдэнэ” төслийг  ашгийн төлөө бус, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлсэн. Манай компанийн зүгээс  аймгаа эрүүл малтай бүс  байгаасай гэсэн хүслээр 500 сая төгрөг зарцуулсан юм. “Хотол шим”-ийн тухайд Таван эрдэнэ төслийн нэгэн ижил зарчмаар ажилладаг. Гэхдээ малчиддаа ч, төсөл хэрэгжүүлэгчиддээ ч харилцан ашигтай байхаар бодож хэрэгжүүлж байна. Нутгийнхаа малын эмч нартай гэрээ хийж ажиллуулдаг. Төсөл хэрэгжүүлэгчид малын эм, эмчилгээ үйлчилгээ, тэжээл гурилаар нь хангана. Малчин хүн авсан  үйлчилгээнүүдийнхээ хэрээр хөлсийг нь тооцож  төлбөр тооцоогоо малаараа хийнэ.

Энэ бүхний  хэтийн  зорилго нь Хөвсгөл аймаг  газар тариалан, мал аж ахуй, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ эрүүл, экологийн, найдвартай  бүс нутаг болоход л чиглэгдэж байна. Энэ нь манай хамт олон чанартай бүтээгдэхүүнээрээ танигдаж, орлогоо нэмэгдүүлэхээс гадна улс орондоо хийж байгаа бид бүхний хувь нэмэр, нутаг орондоо оруулж байгаа дэмжлэг, хүн арддаа барьж байгаа бэлэг юм.

Д.Сүрэн 

Эх сурвалж:Өдрийн сонин 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


мөнхбат    4 сар []


Танай өргөн хүрээнд төлөвлөн хийж буй үйлсэд тань амжилт хүсье


Зочин    5 сар, 1 долоо хоног [202.179.4.114]


Сайн сайхан үйлсийг бодож төлөвлөж байдаг захиралдаа баярлалаа.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Darhand zaragddag uu


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Darhand zaragddag uu


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Сайхан ярилцлага байна. Танай гурил үнэхээр сайн шүү. Дандаа хэрэглэнэ.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Saikhan interview bna, Altan Duulga company khamt olond ajliin amjilt khusie. Sain bna


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Ашгүй дээ, хотод худалдаалж байгаа юм байна.манайх Мөрөнгөөс захиалж авдаг.Амралтаараа очоод их сайхан гурил байсан учраас авч ирж хэрэглээд,одоо бараг 5 жилдээ Мөрөнгөөс авч байна дөө. Савлагааа үнэ нь хэвээр үү


Зочин    5 сар, 2 долоо хоног []


эдний гурил уутнаас задлах зуурахад үнэр нь ямар сайхан юм бусад газрын гурил үнэргүй бгаад бдг юм


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Ah shigee adtai aihtar busgui shyy


Зочин    5 сар, 2 долоо хоног []


uhaalag busguidee amjilt husie minii naiz hamgiin mundag ni


Зочин    5 сар, 2 долоо хоног []


uhaalag busguidee amjilt husie minii naiz hamgiin mundag ni


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Энэ компанийг эмэгтэй хүн удирдаж байгаа тулдаа ийм амжилтанд хүрч байгаа юм шүү дээ.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Ухаалаг бүсгүй байна шүү. Амжилт