2018,5-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


А.Буянтогтох: Допингийн найрлага ороогүй эм гэж байхгүй. Тун нь таарвал эм, хэтэрвэл допинг

5 сар, 2 долоо хоног TIMES.MN
Бөхийн холбоонд үүсээд буй нөхцөл байдал болоод бөхчүүдийн талаар Самбын спортын дэд мастер, соёл судлалын доктор, бөх судлаач А.Буянтогтохтой ярилцлаа.




-Та хэзээнээс бөхийн спортыг судлах болсон бэ. Монгол бөхийн үүх түүхийг сайн мэдэх үү?

-Ах нь саяхан “Дэлхийн бөхийн эцэг нь бөх ноолдоон мөн” гэж дэд эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр бөхийн түүхийг арай гайгүй мэдэж байна гэж өөрийгөө бодоод байгаа юм.


-МҮБХ-ны талцал 16 гаруй жил болж байна гэлээ. Яг хэзээнээс энэ маргаан үүссэн юм бол?

-16 жил биш. Би энэ талаар маш их зүйл бичсэн. 1993 онд “Начинг найрч авах аргачлал” гэж бичиж байлаа. Түүнээс хойш гэхээр бараг 20 гаруй жил болж. Нарийн асуудлуудыг тунгааж, сонин хэвлэлд тавьж, нийтлүүлж байсан 200 гаруй материал бий. Бөхийн өргөөний тухайд захиалагч асар их үүрэгтэй л дээ. Гэхдээ захиалагч хийж, иргэдийн хандиваар Бөхийн өргөө барьсныхаа төлөө алдар гавьяагаа хангалттай хүртсэн. Гурвын гурван гавьяат төрлөө ш дээ. Ах нь 300 гаруй барилга бариулчхаад гавьяат аваагүй байхад эдгээр хүмүүс ганцхан барилга бариулаад гавьяат авчихлаа.


Анх 1990 онд Нямдорж бөхийн холбоо байгуулахдаа хандгайтад жижигхэн амбаар барьж байсан хүн, би сайн мэднэ. Гэтэл одоо том бух машинтай, бүхэл бүтэн уулын ам авчихсан, байшингийн тухай тусгай ханамж бий болчихсон. Энэ их мөнгийг хаанаас олоод байна гэхээр Бөхийн өргөөний орлогыг хувааж авдаг хэсэг бүлэг хүмүүсийн гарт орчихсон. Нөгөөгөө хувааж авахын тулд одоог хүртэл шунал нь тийшээ тэмүүлээд байгаа юм. Бөхөө хөгжүүлнэ гэдэг талаар эд нарт нэг ч өгүүлбэр байхгүй. Хэрэв хөгжүүлэх байсан бол тэр их орлогоор бөхийн эмнэлэг барьчих байлаа. Бөхчүүд хуруугаа хугална, маш их бэртэл авдаг. Тэр болгонд оочирлоод үзүүлээд байх хэцүү. Бөх гэдэг бүх ард түмний соёлыг шингээсэн хүн. Бөхийн хороолол бариад өгч болно. Тийм их хөрөнгө, хэдэн тэрбум төгрөг эргэлдэж байхад юу ч алга. Хэдэн ажилтангийнхаа цалинг л өгдөг бололтой. Эхлээд бөхийн холбоо их журамтай эхэлсэн юм. Дөрвөн жилээр удирдлага нь солигддог. Дараагийн хурал болоход л унадаг машин нь өөрчлөгдөөд, хүнтэй харьцах харьцаа, хүн хүлээж авах байдал нь өөрчлөгдөөд л эхэлсэн. Ард түмнээсээ тусгаарлаад л эхэлсэн. Ер нь мөнгө хүнийг их эвддэг мю байна. Харин хөдөлмөр хүнийг эвддэггүй.


-Сүүлийн үед бөхчүүд допинг хэрэглэлээ гэх асуудал гараад байна. Харин бөхчүүд энэ асуудалд бэртэл аваад, бэртлээ эмчлэх гэж эм уусан. Энэ эм нь допингийн төрөлд ордгийг мэдээгүй гэсэн тайлбар хийсэн. Бөхчүүд бас мэдлэг мэдээлэл дутмаг байх шиг байна. Допингийн асуудал сүүлийн үед гараад байна уу, эсхүл угаасаа байсан юм уу?

-Хортой буюу хүч нэмэгдүүлэх, галзууруулах байдалд оруулж буй эмийн төрөл допингод багтаад байгаа юм. Допингийн найрлага ороогүй эм гэж байхгүй. Өвчин гэгч зүйлийг дардаг зүйл чинь хортой л байж таарна. Бэртэл гэмтэл авахаар өвчнийг нь намдаана. Хагалгаанд ороод тариа хийлгэнэ бүгд допинг. Үүнийг өөртөө зохих хэмжээгээр хэрэглэвэл эм. Харин тун нь хэтэрсэн зүйл хэрэглэвэл допинг гэдэг үгэнд багтаад байгаа юм.


-Тэдгээр бөхчүүдийн цолыг хураах хүртэл асуудал бөхийн холбоонд яригдаж байсан?

-Тэд өөрт үйлчлээгүй хүмүүст допинг гэсэн пайз зүүгээд, ташуурдаж буй арга юм. Бэртсэн хүн өвчин намдаах хүчтэй тариа тарихгүй бол болохгүй биз дээ. Тэр үед нь тэр шинжилгээг авахаар мэдэж допингод багтдаг үзүүлэлт нь гарч ирнэ ш дээ.


-Бөхийн холбооны маргаанаас болж иргэдийн бөхөд итгэх итгэл, хүндлэл алга болж байна гэж иргэд их бухимдаж байна. Таны хувьд Монгол бөхийн ирээдүй ямар харагдаж байна вэ?

-Бөхийн ирээдүй их бүрхэг байлгүй яах билээ. Бодоод үз л дээ. Монголын тухайн үеийн соёлыг бодит байдлаар, Монгол эр хүн гэдэг тодорхойлолтыг биет хүнээр харвал бөх хүн гэдгийг би судалгаагаар нотолсон. Гэтэл энэ бөх хүнийг эвддэг зүйл нь нийгмийн харилцаа, талцал, улс төржилт, мөнгөний төлөө улаан нүдэлсэн дайн зэрэг юм. Хонь мянга хүрэхээр алж идэх юм олддоггүй гэдэг шиг хүн мөнгө их олох тусам улам шунаад байдаг.


-Бөхчүүд маань бас улс төрд их орж байна. Энэ талаар таны бодол?

-Би үүнд их дургүй. Ядахад боловсролгүй. Боловсролтой хүнийг УИХ-ын гишүүнд дэвшүүлмээр байна. Тухайлбал, С.Жавхлан, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ гээд бүгд боловсролгүй хүмүүс шүү дээ. Манай улс төр их бохир систем. Улс төр бараг бүх салбар, систем рүү орж эвдээд дууслаа. Хайран сайхан залуус эвдэрч байна. Мөн Ардчилал гэх нэрийн цаана бас их хулгайч нар байна. Мэргэжлийг мэргэжил биш болгож байна. Хэн ч хамаагүй сайд гэдэг сандал дээр сууж байна. Ардчилал биш анархизм, хулгайч, дээрэмчдийн бүлгэм болоод байна.


-Бөхийн найрааны талаар таны бодол. Найраа гэж яг юуг хэлээд байна вэ?

-Ах нь 1995 онд Хөх толбот сонинд “Начинг найрч авах аргачлал” гэж бичиж байлаа. Тэр үед ч гэсэн наадмын маргаашаас найрааны алхам хийдэг байсан. Гэхдээ тэр үед бас учиртай байжээ. Найрах хүн их хэцүү. Тавын даваанд авахуулах хүнийхээ бүх давааг даана. Мөн өөрийнхөө дөрвөн давааг даана. Бараг 10 гаруй давааг дааж байж цолд хүрдэг байсан. Тухайн үед өвлийн хүнс хийдэг байсан. Тэр нь хэдэн хонь, нэг үхэр байх жишээний. Одоо бол хэдэн зуун саяар ярьж байна.


-Тэгэхээр найраа гэж зүйл байсаар л ирж гэж ойлгож болох уу?

-Тэр үед их ухамсрын байлаа. Бас наадмын од, тэр өдрийн од гэж юм байна аа. Цэрэн аварга хоёр ойгоор л, нэгт нь үзүүрлээд Даян аварга болсон ш дээ.


-Манайхан бас нутаг усны бөхчүүдээ их дэмждэг. Тухайлбал, Архангай, Увсынхан бөхөө дэмжингээ хооронд их талцдаг. Зарим хүмүүсийн дунд “Баянмөнх аварга Увсын бөх учир хэрэв бөхийн холбоог удирдвал Увсынхан дийлдэхээ болино” гэх яриа гарсан байна.

-Би өөрөө Увсын хүн. Ер нь манай аймгийнхан ажилд их дайчин, давшиг талдаа хүмүүс. Тэгээд элдэв зүйлийг даргалахаараа хүмүүсийг шахаж, шаарддаг. Тиймээс хүмүүс их дургүй. Учир нь ажлаараа манлайлдаг, зөрсөөр ард нь гардаг. Өөрт нь ашиггүй, алдагдалтай байсан ч хамаагүй. Барилдлаа гэхэд унасан ч унахгүй болтлоо барилдаж юманд хүрдэг. Ийм зан чанар олон хүний дургүйг хүргэдэг юм билээ.


-Ярилцсанд баярлалаа.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Бас нэг балай УВС байх шивдээ.дурвудууд муу хумуус


Зочин    4 сар, 2 долоо хоног []


ХУДЛАА ШААХАА БОЛИО.