Аналитик


АН-ынхан “шинэчлэл”-ээ хэлэлцэж, С.Амармандах тайлбар хийсэн өдрүүд

4 сар, 2 долоо хоног TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Арваад жил завсарлаад байсан Ардчилсан намын Их хурал хоёр өдөр “ширүүхэн” үргэлжилж өндөрлөлөө. Хуралдаанаар намын шинэтгэлийн хөтөлбөр, намын үндсэн дүрэм болон журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын бүх шатны хурлын байгууллагын даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, хяналтын ерөнхий хороо байгуулах, дотоод сонгуулийн хороо байгуулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Гэвч хоёр өдрйин хугацаанд Шинэчилсэн дүрмийн төслийн 1-4 бүлгийг баталжээ. Дүрмийн төслийн үргэлжлэлийг ирэх оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох АН-ын VII Их хурлаар батлахаар боллоо. Намын даргаа бүх гишүүдийн саналаар тодруулахаар тогтлоо. Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг энэ сарын 10-нд, сурталчилгаагаа эхлүүлэх өдрийг 19-нд болгон батлав. Мөн Намын даргыг сонгох сонгуульт өдрийг нэгдүгээр сарын 29-нд хэмээн товлолоо.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Улс төр: АН-ынхан Л.Гүндалайг хүлээж авахаас татгалзав

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрсөн Баасан гарагт хэвлэлийн хурлын хийх үеэр Намын нөхдүүд маань болохгүй байсан учраас би намаасаа гарч байсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэх болсон нь Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон. Түүнчлэн Ардчилсан намд элсэх өргөдлөө өгсөн талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудаснаа "Гүндалай Ан-д гишүүнээр элсэх өргөдлөө өөрийн биеэр ирж өгөв. Түүний өргөдлийг АН хүлээн өвөх боломжгүй" хэмээн жиргэжээ.

С.Амармандах: Орос,Монголын харилцаанд сэв суулгах зүйл битгий өдөөгөөсэй

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах арваннэгдүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж, бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тус үйл явдалтай холбогдуулан цахим ертөнцөөр худал мэдээлэл ихээхэн цацагдаж эхэлсэн. Тэгвэл С.Амармандах хэвтэж буй эмнэлэгт хэвлэлийхэнд тайлбар өглөө. Тэрээр “Товчхон тайлбар хийе. Намайг зодсон хүн гадаад хүн гэдгийг мэдээгүй. Би “Хай, Гитлер” гэж хэн нэгэнд хэлээгүй. Намайг цохьсон хүнийг би танихгүй. Тэр өдөр тайзан дээрээ ая дуугаа өргөөд, гарч явах үед над руу халдсан. Миний өмнөөс янз бүрийн таамаглал хийж, олон нийтийн дунд ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул хэвлэлийнхэнд хандаж байна. Нөхцөл байдлыг далимдуулан зарим хүний нэр хүндэд халдсан, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх байдлыг зориудаар бий болгож байгаа хүмүүс ч байна. Халдлагаас хойш би тав хоног ухаангүй байсан. Дараа нь 10 гаруй хоног ухаан санаа сайнгүй байлаа. Энэ хугацаанд миний төлөө цацлаа өргөсөн түмэн олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Надад халдсан залууд ар гэр бий, үр хүүхэд, хань ижил нь байгаа байх. Тийм болохоор би тэр залууг эр хүн шиг надтай ирж уулзаад, ойлголцоосой гэж хүсч байна. Эр хүн алдаж, онож л байдаг. Би ч гэсэн уучлалт гуйж ярилцвал эр хүн шиг хандана. Дэлгэрэнгүйг... эндээс уншина уу.

Нийгэм: Ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болно


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаa цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм

Р.Нямдорж: А.Сүхбат тэргүүтэй хүмүүс Монгол бөхийн өргөөнд шунаж байна

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит “Эх эе” хурлыг маргааш /12.10/ зохион байгуулахаар УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Эх эе” хурал болохгүй гэх мэдэгдэл гаргасан. Өнөөдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрээр “Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж хэл ам хийж байна. Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн. “Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна. Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий. Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” гэсэн юм. МҮБХ-ноос өнгөрсөн хугацаанд Монгол бөхийг Геннист, Монгол наадмаа дэлхийн өвд бүртгүүлэх зэрэг олон ажил зохион байгуулсан байна. Мөн 2017 онд хууль ёсны дагуу “Их эв” хурлаа хуралдуулж тэргүүнээ сонгох ажлаа зохион байгуулахаар болсон ажээ.

Төсөв: Нийслэлийн ирэх оны төсөв ингэж батлагджээ


Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна. Ирэх оны нийслэлийн төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Дэлхийд: Америкийн анхны сансрын нисгэгч 95 насандаа таалал төгслөө

АНУ-аас сансар огторгуйд аялсан анхны хүн бол Жон Гленн. Тэрээр 1962 оны хоёрдугаар сарын 20-нд сансарт нисч, дөрвөн цаг 55 минутад дэлхийг гурав тойроод буцаж ирсэн гэдэг. Сансрын хамгийн ахмад нисгэгч Жон Гленн 1998 оны аравдугаар сард 77 настайдаа Дискавери STS 98 хөлгөөр хоёр дахь удаагаа сансарт хөөрсөн байна. Тэрээр энэ амжилтаараа дэлхийн хамгийн ахмад нисгэгч хэмээн тэмдэглэгдэн үлджээ. АНУ-ын анхны сансарт ниссэн хүн хэмээн алдраа дуурсгасан тэрээр 95 насандаа таалал төгсчээ. Жон Гленнийн хувьд 2014 онд зүрхний хагалгаанд орж байсан аж.

Спорт: Д.Сумъяа, М.Уранцэцэг нар Дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргалаа. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт оржээ. Тэгвэл шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол 57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн байна.

Л.Ариунцэцэг



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.