2018,5-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ж.Золбаяр: Аз жаргал гэдэг зүгээр л хуваалцах

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд төв талбайд болсон номын баярын үеэр дэлхийн 88 орноор аялсан Амай буюу Ж.Золбаяртай ярилцлаа. Тэрээр 2005 онд аяллаа эхэлж, дэлхийн 69 орноор аялаад 2010 онд эх орондоо ирсэн бөгөөд хоёр дахь аялал нь 2011 оноос эхэлсэн байна. Амай «Монгол бадарчин» хэмээн алдаршсан бөгөөд аяллынхаа тэмдэглэлийг тухай бүр хөтөлдөг бөгөөд таван цуврал ном гаргасан юм.




-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Номын өдөрлөг ямархуу болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сайхан болж байна. Энэ бол ном бичдэг, уншдаг хүмүүсийн хамгийн гол баярын өдөр. Нөгөөтэйгөөр энэ баярыг хэдий өргөн хэмжээнд хийнэ тэр хэмжээгээр Монголын оюуны сэргэн мандалт болж, соён гэгээрч байна гэж дүгнэж байгаа юм.


-Уншигчид хэр идэвхтэй байна. Мөн насны хувьд аль насныхан түлхүү харагдаж байна?

-Энэ жилийн хувьд 3-4 жилийн өмнөхтэй харьцуулахад бага зэрэг сул байна.


-Гэхдээ сүүлийн үед залуусын ном унших хандлага бас нэмэгдээд байгаа мэт?

-Ерөнхийдөө нэмэгдэж байгаа. Бас эдийн засаг хямралтай байгаа нь мэдэгдэж байна.


-Таны хувьд биеийн байдал ямархуу байна. Эмчилгээндээ сайн хамрагдаж байна уу?

-Цаг тухай бүрдээ эмчилгээндээ яваад л, дажгүй ээ.


-Таны номыг уншсан байхад аялахаар төлөвлөж буй залуус анхан шатны мэдэгдэхүүнтэй болно гэж ойлгож болох уу?

-Тийм. Ер нь миний номыг уншаад л залуус аялаад эхэлж байна. Анхан шатны мэдэгдэхүүн, суурьтай болчхож байгаа юм. Нэг номонд 30-аад сэдэв байдаг. Тухайлбал, гадаад харилцаа, танин мэдэхүй, байгаль, дотоод ертөнц... гэх мэт.




-Таны хувьд байнга Монгол үндэсний хувцас өмсдөг. Энгийн, өдөр тутмын хэрэглээ гэлээ. Дэлхийгээр аялахаас өмнө өмсдөг л байсан уу, эсхүл аялж ирээд сэтгэхүй, үзэл бодол тань өөрчлөгдсөн үү?

-Аялж ирээд л байнга өмсдөг болсон доо. Ер нь хүн юм үзэж, нүд тайлаад ирэхээр ертөнц өөрөөр харагддаг. Монголын бүх зүйл гоё юм байна гэдгийг ойлгосон.


-Юу нь гоё байна вэ. Монгол залуус муухай байна, амьдрах нөхцөл алга гээд гадагш гараад байна ш дээ.

-Бүх юм нь гоё. Тэр бол тархи угаалт. Колоничлолын бодлого гэж байдаг. Тухайн улсын хүмүүст болохгүй, бүтэхгүй байна гэж ойлгуулаад байгаа юм. Гэвч бүх зүйл болж байгаа. Улс төрийн бага зэрэг асуудал байгаа ч түүнийг угаасаа шийднэ. Шийдсээр ч ирсэн.


-Нэг номоо хэдий хугацаанд гаргадаг вэ. Бичмээр санагдсан, онгод орох үе гэж байх уу?

-Янз бүр. Гурван жилд нэг ном гаргаж байна. Эсхүл нэг жилд ч нэг ном гаргаж байна. Зав зайгаараа л номоо бичдэг. Сэдэв, агуулга баригддаггүй. Аялж ирээд л юуг нь хүмүүст түгээвэл зүгээр вэ, аль нь бидэнд хэрэгтэй байна гээд л тэр бүхнийг оруулдаг. Амьдрал маш олон өнгөтэй ш дээ. Тэр өнгө бүхнийг гаргахыг хичээдэг.


-Эмчилгээгээ байнга хийлгээд байвал эдгэрэх боломж бий юу.

-Байхгүй. Байнга л эмчлүүлнэ. Донор олоод хагалгаанд орвол эдгэрэх боломж бий. Гэхдээ тэр бол тусдаа асуудал.


-Хүн яг өвчин зовлонтой нүүр тулаад амьдралыг өөрөөр хардаг мэт санагддаг. Таны хувьд тэгсэн үү?

-Үгүй ээ. Тэрнээс өмнө дэлхийг үзээд, бүх зүйлийг туулаад ирэхээр амьдралыг өөрөөр хардаг болдог юм билээ. Амьдрал гэж ийм юм байна. Ертөнц гэж энэ юм байна гээд өөрөөр харж эхэлнэ.


-Амьдралын утга учир, мөн чанар нь юу юм бэ?

-Байгаа гэдэг нь эхний утга учир. Үүнийг нэг өгүүлбэрээр тайлбарлах аргагүй. Маш олон зүйл бий. Аль цаг үед байгаагаас шалтгаалж өөр өөр амьдралын утга учир бий. Тухайлбал 20 настай хүний амьдралын утга учир 60 настай хүнийхээс өөр. Тэгэхээр нэг л тийм зүйлийг гээд хэлэх арга байхгүй.


-Тэгвэл яавал бид аз жаргалтай амьдрах вэ. Таны бодлоор аз жаргал гэж юу вэ?

-Аз жаргал гэдэг зүгээр л хуваалцах. Манай Монгол шиг ийм сайхан, тайван, амгалан улс хаана ч байхгүй. Байсан ч тун ховор. Бид нараас илүү зовлонтой, илүү асуудалтай олон орон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.