Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр ялалт байгууллаа.
Мөн 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдсан ч гурван торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгө, 4 хүрэл медальтай энэ тэмцээнийг амжилттай өндөрлүүлэв.